2009-07-03

Математикч байх албагүй

Нутагшуулалтын талаар ярихаар, блог дээрээ бичихээр зарим хүмүүс эсэргүйцэхдээ "англи хэл сурахад нь дөхөм" эсвэл "хөгжихөд нь хэрэгтэй" зэрэг шалтгаануудыг нэрлэдэг . Энэ үгийг саяханы нэг өдөр бас л сонсоодохов. Хэдийгээр англи хэл сурах нь тухайн хүнд хэрэгтэй, даяаршсан нийгэмд нэн чухал боловч "хүн бүр математикч байх албагүй" гэдэгтэй ижил хүн бүр англи хэлтэй байх албагүй. Угаасаа нийгмийн хуваарилалтын дагуу бүх хүн ухаантай, хэлтэй, мэдлэгтэй, менежер эсвэл дарга байх боломжгүй юм. Харин хүн, тэр дундаа орчин үеийн, мэдээллийн эрин зууны хүн байхын тулд мэдээллийн технологийг ашиглаж чаддаг, мэдээллийг олон сувгаар авдаг байх хэрэгтэй. Тиймээс тэр хэсэгт технологи, мэдээллийг хүргэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрэмэлзлийг нь өдөөхийн тулд бид нутагшуулалтыг заавал хийх ёстой гэж боддог.

Зарим нь технологи асар хурдтай хөгжиж байна, минут эсвэл секунд тутамд асар их хэмжээний мэдээлэл үүсч байна, харин энэ бүхнийг орчуулгаар дамжуулбал бид хурдыг нь гүйцэхгүй гэх. Технологи хөгжиж байгаа ч хүний хөгжил өөрөө их удаан явагдаж байна. Нөгөө талаасаа технологийн дэвшлийг заавал ашиглах шаардлага ч гарахгүй байна. Үнэндээ хэрэгцээ хангаж байвал хуучин шинэ байх нь сонин биш болов уу. Би гэхэд л утсаараа зураг авч үзээгүй гэхэд болно, зөвхөн ярьж бас мессеэж бичдэг. Мэдээллийн хувьд телевизийн олон сувгаар төрөл бүрийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл цацагдах боловч сонирхолтой, хэрэгтэй нь хэд билээ? Орой аль нэг телевизээр гарах мэдээ 30 минут үргэлжлэх боловч яг бидэнд хамаатай нь хэд билээ? Интернэт, вэб ч бас ялгаагүй. Хүн хэрэгцээт мэдээллээ яаж ийж байгаад олоод л авдаг. Миний хувьд зурагт бараг үздэггүй, радио бол бүр сонсохгүй байгаа. Сүүлийн үед "House" гээд кино үздэг болсон :).

Бүр нөгөө хэсэг нь "орчуулах хэрэггүй, англиар нь илүү ойлгомжтой" эсвэл "монголоор болохоор ойлгохгүй юм, зүгээр галгилчихвал ойлгомжтой" гэх мэт тайлбар хийнэ. Гэтэл америкчуудын дунд явуулсан нэг судалгаанаас бараг 80% нь "компьютерийн" гэх тодотголтой үг хэллэгүүдийг мэддэггүй, ойлгодоггүй болох нь тогтоогдсон байсныг уншаад гайхаж байснаа санаж байна. Төрөлх хэлтнүүд, бүр бүтээгсэн үндэстэн нь ингэж байхад бидэнд англиараа илүү ойлгомжтой байна гэдэг үнэхээр эргэлзээтэй. Үнэхээр ойлгодог хүмүүс байгааг үгүйсгэхгүй, гэхдээ нийт хүн амын, технологи ашиглах боломжтой хүмүүсийн хэдэн хувь байх бол? Миний бодлоор өчүүхэн хэсэг нь л... Үг сонголтын хувьд бид өөрсдөө хэлний мэргэжилтнүүд биш учир алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй. Би ч бас хэдэн жилийн өмнө "галиглах" талыг баримтлах нь зөв гэж бодож байсан ч 3 настай жаахан охин дүү маань миний санамсаргүй хэлсэн гадаад үгийг үндэс, угтвар, дагавараар задлаад утгыг нь ойлгох гэж оролдоод, чадахгүй болохоороо надаас утгыг нь асуухад би үнэхээр гайхсан. Хэрэв бид өөрийн үгээ эсвэл гадаадыг үгийг өөриймшүүлж авч чадах юм бол тун ч ойлгомжтой байж чадах юм байна гэж үүнээс ойлгосон. Гэхдээ эх хэлээрээ гадаад хэлнээс дутуу ойлгож, түүнийгээ өөгшүүлнэ гэдэг бол "буруу зүйл" юм. Бид ингэтлээ төрөлх соёлоо алдан гадааджиж, үүнийгээ сармагжуулах, эх соёлоо сэргээх талаар хичээл зүтгэл гаргахгүй, харин өмөөрч байна гэдэг нь үнэхээр харамсалтай.

Ямартай ч нутагшуулалтыг зөв хийх нь технологийг хүртээмжтэй болгохоосоо гадна эх соёлоо хадгалан үлдэх бас нэгэн боломж гэж хувьдаа боддог. Ашиглагдахгүй удсан, мартагдсан үгсийг сэргээн гаргаж ирэх, үгийг шинэ утгаар баяжуулах, найруулгын зөв хэв маягийг өдөр тутмын хэрэглээ болгох гээд олон сайн тал бий. Энэ тал дээр дэмжихээ боловсролын сайд Ё.Отгонбаяр хэдхэн хоногийн өмнө уулзахад илэрхийлж, нэгэн даргадаа үүрэг болгосон. Харин энэхүү холбоог хэрхэн цааш нь үр ашигтайгаар хөгжүүлэх, хэл шинжээчдээс юуг нь авч юу өгөхөө сайтар хэлэлцэх л үлдэж байх шиг байна. Бид хэрхэн хамтран ажиллах хэрэгтэй гэж та бодож байна вэ? Хувилбар дэвшүүлээч...

11 comments:

Залуха said...

Үнэхээр сайхан бичлэг байна. Олон ч бодууштай зүйлийг дурджээ. Миний хувьд монгол хэл минь устаж үгүй болох вий үргэлж санаа зовдог хүн. Орчуулах хэрэгтэй. Орчуулахдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг ч авах хэрэгтэй. Гэхдээ манай хэл шинжээчид хоёр хуваагдчаад бас л хэцүү хүмүүс шүү дээ. Гэхдээ болох л байх. Бас хэд хэдэн сургуулийн багш нар хамтраад компьютерийн нэр томьёоны толь бичиг гаргаж байгаа гэсэн юм яригдаад байдаг. Тэндээс ч гэсэн авах юм байна уу үзэх хэрэгтэй байх.
Монгол хүн л юм бол монгол хэл дээрээ байгаа юмыг ойлгохгүй байна гэж юу байх вэ? Гагцхүү дасах л хэрэгтэй болно байх.

ntsetsbold said...

Магадгүй би ОпенМН-ий гишүүн болохоор дандаа ОпенМН-ий үгийн сан энэ тэр гээд олон юм яриад яваад байдаг юм шиг хүмүүст санагдаж магадгүй.

Үгийн сангийн тал дээр ОпенМН-ий өмнөх болон одоогийн гишүүдийн нөр их хөдөлмөр шингэж байж бүтсэн үгийн санг ашиглахыг дэмждэг. Гэвч энэ талаар дурьдах болгонд минь Анарболдоос өөр үг хэлэх хүн үнэндээ надад олдоогүй. Бүгд л чимээгүй болоод байдаг. Үүнийг би одоо болтол ойлгохгүй байгаа.

ОпенМН-ий үгийн сан дээр одоогоор ямар нэгэн засвар орохгүй байгаа. Тэнд дутуу дулимаг юм их бий. Гэвч тэрхүү үгийн сан олон шат дамжлагыг дамжиж байж одоогийн түвшинд хүрсэн учраас надад хамгийн зүгээр нь санагдаад байдаг юм.

Гэвч би энд Болор толийн талаар яриагүй юм шүү. Олон хүмүүс ОпенМН гэхээр Болор толийг гэж бодоод байдаг юм шиг байгаан. Гэвч энэ 2 бол тусдаа зүйлс.

Үгийн сангийн хувьд би ийм л бодолтой байна даа.

Gansukh B said...

Орчуулсан програм хангамжийг хүлээж авах дургүй хүмүүс нь Англи хэл дээр хэрэглэж л байг. Би хувьдаа нутагшуулахыг дэмжиж байна.

xvv said...

Бодоод байхаад яаравчлахгүй бол бас болохгүй санагдлаа... OpenOffice-ын үгийн санг ашиглаад явбал ер нь ямар вэ?
Харин яаж ашиглаж, яаж баяжуулж сонгохоо илүү амар болгох вэ?
Залуха-н хэлсэн тэр толь нь гараад ирвэл бас яах вэ? Тэгсэн бидний орчуулгаас нөгөөх нь зөрөөд байвал яах вэ?

Гэхдээ мэдээж хэрэглээнд гарсан нь л орчуулагдсаныгаа л хүмүүс цээжлээд, дасаад хэрэглээд явчих байх л даа. Ямар нэгэн байдлаар хурдан шийдвэрт хүрээд орчуулгаа ч эхэлцгээе тийм үү? ;)
Хүмүүсийн юу гэх нь яахав дээ. Аяндаа орчуулагдчихаар хүмүүс хэрэглэхгүй байна л гэж лав байхгүй байх. За хэрэглэхгүй байсан ч Анарболдын хэлдгээр маниусын сэтгэлийн асуудал :p

Anonymous said...

Эх хэл соёл алга болчих нь гэж айх ямар ч үндэс байхгүй шүүдээ. Энэ бидэнд зүгээр л тэгж санагддаг хэрэг. Гэнэн бодол юмшүү дээ уг нь бол. Бид өөрснийгөө монгол гээд хэт их тусгай онцгой гэж боддог эмзэг сэтгэлийн илэрхийлэл юмшүүдээ. Жижиг үндэстний эмзэглэл юмуудаа. Би хувьдаа бүх үгийг орчуулах биш харин заримыг нь галиглахыг дэмждэг. Монгол хүмүүс хоорондоо ойлголцоод болж л байгаа бол тэр нь монгол. Хэн нэгэн монгол пэлээтэг гэхэд дөрвөлжин халаагуурын дүрс тархи руу нь харваж очиж л байвал тэр монгол. Мэдээлэл технологийн импортлогдож орж ирж буй үгс пэлээтэгнээс зарчимын ямар ч ялгаа байхгүй шүүдээ. Энэ төрийн хийхгүй, оролцохгүй юм алгаа. Төр оролцоод л юмыг улам муутгадаг. Бүгдийг монголчлох кампанит ажил өрүүлэх ньээ. Би үүнийг төр оролцохийн бол олигтой юм болохгү гэж санахийн.

Bayarkhuu said...

Заавал хэл шинжлэлийн хүмүүсийг оруулах шаардлагатай юм уу. Тэртээ тэргүй эргээд орчуулагдсан зүйлийг маань энгийн л хэрэглэгчид хүрэх болохоор. Хэл шинжлэлийнхэн гэж хоорондоо ч хуваагдцан хүмүүс тэгээл нэг үгнээс л гэхэд хэдэн арван утга гаргаад хоорондоо хэрэлдээд унах байх дөө...

xvv said...

Анон> бас яг тэгж хэлж болохгүй байх л даа. Өвөр Монголчуудаас эхлээд өөр одоог хүртэл Монголоо гээд, хэл усаа хадгалаад ирсэн Монгол угсаатнуудтайгаа ойрхон байх, тэдэнтэй ойлголцдог хэвээрээ байх үүднээс аль болох ойлгомжтой Монгол үг байвал нь Монгол үгээр л сонгох нь зөв байх. Том жижиг гэлтгүй бүх л үндэстэн ийм л байдаг байх гэж бодох юм? Тэр ч байтугай Америкчууд хүртэл...
Ер нь том жижиг, тусгай сондгойн асуудал бол биш болов уу. Дээр хэлсэн 3 настай дүүгийн жишээн дээрээс ч харсан болж л өгвөл аль болох Монгол үг сонгох нь зөв гэж бодож байна.

Гэхдээ мэдээж хэт их хуучин Монгол үг оруулж ирээд, нэг компьютер хэрэглэх гээд Монгол-Монгол толь тэврээд суудаг юм хийчихвэл бас л хэцүү л байх. Аль аль талаа хараад аль болох Монголоо барьж яваад эцсийн цэг дээр очоод бүүр Монгол үг байхгүй бол галиглаж оруулах нь зөв байх. Ер нь хэлэнд гаднаас үг нэмж авч оруулдаг, үг шинээр зохиодог ч байдаг л байх. Тэглээ гээд нэг дор хэтэрхий олноор нь оруулаад ирдэг, зохиодог асуудал бол байж болохгүй байх. Тэр бол хэл шалгарлынхаа явцад олон жилийн туршид хэвшиж цөөн тооны үг л орж ирж байгаа. Орос соёлын нөлөө орж ирээд манайхан Плитка шиг хир их олон үг авсан бэ гээд тоолбол хуруу дарам л хэдэн үг байгаа шүү дээ. Тэгээд ч алим гэдэг үг байсаар байтал яавлаг гээд, зайрмаг, мөхөөлдөс гээд 2-3-аараа байгаад байхад маружн гээд байвал утгагүй байх. Эргээд хүмүүс нь нөгөөхийг нь ойлгох гэж дахиж нэг толь бариад суудаг, галигласан үгнүүдийг орчуулах гээд толь эргүүлж суудаг юм болчихвол орчуулсны ашиг бага болов уу.
Тэгээд ингэж бодлоо. Иймэрхүү зарчмуудыг, ийм дарааллаар баримталъя:

1. Энгийн хэрэглэгчдэд ойлгомжтой байх хамгийн энгийн, одоогийн хэлний хэрэглээнд байдаг үг ашиглах.

2. Хэрвээ тохирох аятайхан үг олдохгүй бол хуучин мартагдаж буй, үгийн язгуураас нь хараад ерөнхий утгыг нь ойлгож болохоор Монгол үг ашиглах.

3. Бүүр болохгүй бол галиглах.

4. За тэгээд дээрх бүгд тохиромжгүй гэж үзвэл шинээр Монгол үг зохиох ;)

Иймэрхүү дараалалтай байвал ямар байна?
За тэгээд ер нь үг бүр дээрээ санал асууя гэж уг нь яриад байгаа...

Тэгээд ер нь санал асуудаг толь хийгээд, саналаар үгээ сонгоё гэсэн нэг санал байгаа. Эсвэл шууд бэлэн байгаа OpenMN-ы үгийн сангаа аваад нэмээд яг тэр орчуулсан шигээр үргэлжлүүлээд GNOME орчуулгыг хийе гэсэн саналтай байна. Аль нь ч байлаа гэсэн хэрэглээнд нэвтэрсний дараа бол хүмүүс хэрэглээд хэвшээд ирэхээр тэр үгнүүд тодроод хэрэглэгдээд явчих юм байна гэж бодлоо?
За миний зүгээс зарчмын саналууд нэг иймэрхүү байна :D
Хэл шинжлэлийн эрдэмтэдтэй нийлж ажиллах нь яах аргагүй зөв гэж бодож байна. Харин хэрхэн яаж, тусламжийг нь яаж бодитоор, хамгийн зөвөөр аваад, зөвшилцөөд хийж болох вэ?

Unknown said...

миний сонсч байснаар бидний ярьдаг нь халх аялга, харин өвөрмонголчууд арай өөр юмаар ярьдаг гэсэн. мөн халх аялга маань үндсэн, стандарт болсон болохоор үүнийгээ бариад явсан нь дээр байх.

H.D.NR said...

ОпенОфисын үгийн сангийн хувьд хэдэн арван шийдэл дундаас сонгогдсон үгнүүд олон байгаа шүү.Зарим дээр нь сар болж байсан тохиолдол ч олон бий.
Таалагдахгүй байгаа үгэн дээр нь өөр шийдэл гаргаад ир гэхэд нэг үг гарч ирэх л байх гэхдээ үнэхээр аймар оносон эд биш л бол няцаагдана гэдэгт итгэлтэй байна.

Тэгээд Гноме дээр хэрэглэхэд энгийн үг гэхээс бусад өгүүлбэр энэ тэр бол өөр байна гэдэг асуудал байгаа.Гэхдээ тэр өгүүлбэрийг бүрдүүлж буй үгнүүдийн ихэнх нь байгаа гэж бодвол зүгээр л энгийн ажил болоод хувирчих юм байгаан.Энэ тал дээр "аврагууд" л нэг шийдэл гаргачихвал бид шууд хөдлөөд эхлэх гээд байдаг.Цэцболд бид хоёр за тэгье гээд нэг шийдэл гаргахад бусад нь дагана гэдэг хэцүүхэн хэрэг юм байна лээ.

Anonymous said...

3 настай жаахан охин дүү маань миний санамсаргүй хэлсэн гадаад үгийг үндэс, угтвар, дагавараар задлаад

Мундаг дүүтэйн байна. :P

Д. Энхчимэг said...

Одоо ч тэгээд Монгол хэлээ мэддэг хүн бараг байхгүй болохоор Монголоор гайгүй үг зохиочих хүн олдох болов уу даа.

Гэхдээ ямартай ч гондом гэдэг гадаад үгийг монгол хэлнээ бэлгэвч хэмээн буулгасан нь чихэнд их эвтэйхэн сонсогдоод байгаа. Бэлгэвч гэдэг үгийг бурхны шашин судалдаг Монгол хүн зохиосон л гэж сонссон доо.