2009-07-04

Зөвхөн нээлттэйг нь

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Өмнөх бичлэгээ үргэлжлүүлээд, бас бус хүмүүсийн асуудаг асуулт, ярьдаг зүйлд өөрийн тайлбар өгч, бодлоо хуваалцахаар мөн та бүхний сэтгэгдлийг сонсох нь зөв байх гэж бодож байна. Блог маань та бүхэнтэй харилцах, хамтрын ажиллах талбар юм шүү.

Windows чинь зах зээлийн дийлэнхийг эзэлсэн, манайхан ч гэсэн ашиглаад сурсан болохоор Windows-ийг орчуулах нь зөв гэж ярьж байхыг олонтаа сонсож байсан. Хэдийгээр Windows зах зээлийг эзэлсэн нь үнэн боловч бидний хувьд таатай нөхцөл гэх зүйл бараг байхгүй байна. Эх хэл дээрээ ашиглах боломж алга. Сайн дураараа орчуулга хийх боломж алга. Харин одоогоор хууль зүйн хувьд, ёс зүйн хувьд ч нээлттэй програмыг ашиглах нь бидэнд ашигтай бас илүү өргөн боломжийг бий болгож байна. Харин эдгээрийг Microsoft бий болгоод манай зах зээлд санал болговол татгалзах зүйл байхгүй. Бүр сонголт бий болоод, өрсөлдөөн бий болохоор бидний хийж буй зүйл ч гэсэн чанаржих ёстой. Миний хувьд харин ч таатай, алга ташин хүлээн авна.

Нээлттэй програм чинь мөнгө хэмнэнэ гэх юм Windows-ийг 10$ эсвэл үнэгүй авч болж байна шүү дээ. Үнэгүйгийн хувьд бид хууль ёсны дагуу авч байна уу гэдэг асуулт их сонин. Хямд байж болох нь бидэнд сонголт үүсгэж байгаа ч яг Windows маань юу билээ гэдгийг нухацтай бодвол хариулт нь сонин. Дээхнэ үед "Хүүхэд Бүрт Компьютер" төслийн буюу нөгөө "ногоон тооцоолуур" XO дээр Windows ашиглах талаар хэлэлцүүлэг өрнөж байхад тавигдсан нэгэн чухал асуултын утга нь "Windows маань дангаараа хэр хэрэгцээтэй зүйл вэ" гэж байсан юм. Та Windows дээр нэг ч нэмэлт програм суулгалгүй ашиглах гэж оролдож байсан уу? Юу хийж болж байна вэ? Миний хувьд бараг юу ч байхгүй байсан, баахан юм нэмж суулгаж байж л жаахан юм хийх боломжтой буюу ажлын багаж болдог. Тэгэхээр нэмэлтүүдийг нь бид яах вэ? Нөгөө талаасаа Windows маань ийм юм бол түүнийг орчуулах нь бараг ямар ч ач холбогдолгүй зүйл юм. Бид хэрэгцээтэй зүйл хийе гэвэл Kaspersky, Adobe гээд баахан газартай холбоо барьж, орчуулах зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Миний хувьд Үбүнтүг дангаар нь суулгахад бараг бүх хэрэгцээт програм маань дагаад ирдэг, ажил хийх боломжтой.

Мөн өмнөх бичлэгт үлдээсэн сэтгэгдлүүдэд багахан хариулт бас тайлбар өгвөл... Хэл соёл устахаас айх хэрэггүй биш харин хэвээр нь хадгалан авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Бид ерөнхийгөөс нарийн руу сэтгэдэг, энэ л бидний хэв шинж, онцлог юм. Бид Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг гэж ярьдаг байхад сүүлийн үед Улаанбаатар хот, Монгол Улс гэж бичих нь их болж. Бас "С.Дөлмандах нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ" гэж бичихийн оронд "нээлттэй эхийн програм хангамжийг орчуулах нь зөв гэж ээ, С.Дөлмандах" гэж бичээд, өгүүлбэрийн бүтэц нь орос эсвэл англи хэлтэй их төстэй болоод ч байх шиг. Эд чинь бидний хэл соёл нэг л биш болоод байгааг илэрхийлэхгүй гэж үү? Гэхдээ хувьдаа бүх үгийг орчуулах гэж оролдох нь хийрхэл, харин галиглах, орчуулахын тэнцвэрийг олох л хэрэгтэй байх.

Төр бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, туслах талаас оролцох болохоос голлох үүрэгтэй оролцохгүй болохоор сүртэй айх зүйл байхгүй болов уу. Харин бид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, юуг өгч юуг авах вэ гэдэг талаараа илүү ярилцвал зүгээр байх. Хэл шинжээчдийг оролцуулах нь зөв. Бид эх хэлээ хэр сайн мэддэг ээ шалгахын тулд Цэвэлийн толийг нээж үзэхэд л хангалттай. Харин юуг нь авч, юуг нь авахгүй вэ гэдгийг бид л шийднэ шүү дээ.

Үгсийн сангийн хувьд өмнө хийсэн ажил байгаа нь бидэнд маш олон давуу талыг өгч байна. Бид юун дээр алдаж, юун дээр онов, дараа нь юун дээр анхаарах вэ гэх мэт суурийг маань тавьж өгсөн гэж болно. ОпенМН багийн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйтэй. Харин хүсэх зүйл гэвэл ямар хаягаар яаж хандах вэ, хэрхэн сайжруулж, өөрийн хувь нэмэрийг оруулж болох вэ гэдэг зүйлсийг илүү тодорхой бас нээлттэй болгож өгвөл таатай хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Нээлттэй зүйл илүү зөв, илүү хурдан хөгжих боломжтой гэж хувьдаа үздэг.

Дээр бичсэн зөвхөн миний л бодол. Санал нийлэхгүй зүйл эсвэл зүгээр л хэлэх зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээхийг хүсч байна.

13 comments:

Tulga said...

Нээлттэй эхийн программ хангамжийг дэмжиж явдаг хүнийхээ хувьд опенмн-д их өртэй хүн. Биднээс ямар ч төлбөр татваргүйгээр хөлс хүчээ баран байж сайхан сэтгэлээр их том программ орчуулсан. Баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь хэлэхэд нээлттэй эхийн программыг зүгээр л нэг орчуулах биш улам тэдний хөгжлийг нь ашиглаж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж маш их байдаг. Хэрвээ бидний хөгжил 0-ээс эхэлдэг бол бид хэзээ ч дэлхийн түвшинд гарч чадахгүй энийг итгэлтэй хэлье.

Anonymous said...

Open source-n huvid sanal neg baina. Harin computeriin ner tomiyo-g shine ug oruulj orchuulah heregtei baih.

Uchir ni mongol hel deer Firefox heregeleh bolomj bdaggui. Uul ni Mongol hun yumsan tegtel oilgohod berh bdg. Tegheer ner tomiyog engiineer orchuulah esvel shine ug buteeh heregtei bh gej bodoj bna

Luvsantseren said...

Windows ийг орчуулах шаардлага байхгүй гэж би хувьдаа бодож байна. Хэдэн оноос ч билээ бид чинь англи хэл дээр албан хэрэгээ хөтлөнө гэж хөгжлийн цогц бодлогодоо тусгасан шүү дээ :-) Нээлттэй эх гэснээс саяханаас Redmine гээд төслийн удирдлагын програмыг ашиглаж үзсэн их давгүй юм байна лээ. Харин суулгах гэж бөөн юм болсон. Програмын хүн бишийг хэлэхүү дээрээс огт нэрийг нь дуулж байгаагүй Subversion, Ruby ч гэн үү баахан юм суулгахыг шаардсан, дээрээс нь cmd аас ажилдаг. Youtube ээс суулгах заавартай холбоотой бичлэгийг хараад хийсэн чинь учрыг нь нэг олж суулгасан да. Баахан програмны цуглуулга л болоод байх шиг байна. (нээлттэй болон нээлттэй бус)

Н.Цэцболд said...

Төрөөс дэмжих тал дээр ингэж бодож байна:

Төрөөс биднийг дэмжих юм бол үнэхээр хэрэгтэй. Тэдний үзүүлж чадах хамгийн том дэмжлэг бол нээлттэй эхийн програм хангамжийг ашиглах. Жишээ нь эхний удаад бүх төрийн байгууллагын оффисын програм, бусад жижиг програм хангамжуудаа нээллтэй эхийн програм хангамж руу шилжүүлэх. Мөн сургалт зөвлөгөөг нь орчуулж буй хүмүүс болон мэргэжлийн хүмүүс өгөх боломжтой. Үүнийхээ тулд мөнгө авсан ч болж байна. :-) Бүүр хөрөнгө байхгүй бол яахав тэгээд яадаг юм байгаам. :-)

Үгийн сангийн тал дээр http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2 хаягаар ороод үгсийг харч болно. Тэгээд гишүүнээр элсэн үгийн талаар хэлэлцүүлэг эхлүүлэх бүрэн боломжтой. Мөн өмнөх хэлэлцүүлгийг ч харах бүрэн боломжтой. Харин засварлах эрхийг бол шууд олгохгүй мэдээж. Холбоо барьж ямар нэгэн юм асуухыг хүсвэл ntsetsbold@gmail.com хаягаар надтай холбоо барьж болно.

xvv said...

Санал нэг байна...

Лувсанцэрэн> Тэр Үндэсний хөгжлийн цогц бодлого гээч бантан чинь намайг үхтэл лав хэрэгжихгүй байх, хэрэгжлээ гэхэд Монгол гэж улс байхгүй болсон байх байхаа :P
Монголын мундаг эрдэмтэд, улс төрчид нь зохиосон л байх мэдэх л юм алга.
Тэгээд удахгүй Хятадууд дэлхийд тэргүүлээд эхлэхээр Хятад хэл дээр төрийн үйл ажиллагааг явуулж эхлэнэ гээд "Хүн дагаж дуурайдаг хөгжлийн "Цогц" бодлого гээд юмаа дахиад зохиох байлгүй дээ. Мөрөөрөө мөөмөө унжуулаад болсон болоогүй Монголоороо явжийсан нь дээр байх аа даа :D Миний хувийн бодол.
Хүний блог ашигласанд хүлцэл өчье :D

Anonymous said...

Сайн уу Дөлмандах аа.

Би чиний бичлэгүүлийг их уншидаг. Чамайг дэмжигчидийн нэг байна. Би уул нь Үбүнтү-г хэрэглэх дуртай л даа. Миний хэрэгцээг ч хангаж чаддаг. Гэхдээ тулгараад байгаа нэг асуудал бол байгуулгын дотоод мессенжерийг суулгах гэхээр болохгүй байна. Энэ мессенжер нь NTFS FAT32 файл системд зориулж хийсэн, Үбүнтү-н файл систем ext3 байдаг. Энэ 2-г хооронд нь хувиргадаг түүл байдаг бол уу?
ямар аргаар суулгах бэ

xvv said...

Сүүлийн зочин> www.winehq.org энэ л өөрт чинь хэрэгтэй бололтой байна?
Windows-н програмыг линукс дээр ашиглах гээд байгаа бололтой...
Гэхдээ найдваргүй ч байж мэднэ. pidgin гээд мессенжер байдаг. Windows, linux дээр ажилладаг. Тохиргоо хийгээд дотоод сүлжээнд ашиглах боломжтой гэсэн.

Anonymous said...

Ok tnx

jagdag said...

Сонирхолтой сайхан бичлэг байна. Жаахан цаг гарч толгой сэргээх үүднээс хийж байгаагаасаа шал өөр зүйлд хошуу нэмэрлэчихье! :-), одоо ажиллаж, хийж буйгаас өөр болохоос ер нь хийдэг ажилтай холбоотой, санаж явдаг зүйл минь мөн тул бас яг таг холбоогүй хамаагүй гэж ч болохгүй зүйл юм. За дэмийрэлгүй гол зүйлдээ анхаарал хандуулъя.

Дөлөө,

Windows хэрэглэхэд анх худалдаж авахаас өөрөөр яг ямар зардал их гардаг вэ?

Нээлттэй эхийн програмуудыг үнэгүй татаж аваад хэрэглэхээр ямар ч зардалгүй байгаа гэж үзэж болох уу?

Системийг тохируулж өгч буй ажлын талаас нь харвал ижил төрлийн шийдэл хийхдээ чи дундажаар хэдэн цаг аль системд нь зарцуулдаг вэ?

Эцсийн хэрэглэгчид аль системийг нь хэрэглэхэд цаг хугацаа хэмнэх вэ?

Чамайг одоо онгоц жолоод гээд заавар хичээл бүхий номын хамт өгвөл чи өөртөө илүү итгэх үү, өндөр мэргэжлийн нисгэгчтэй байхыг илүүд үзэх үү?

Дөлмандах said...

зардлын хувьд хөгжилтэй орнууд олон судалгаа хийсэн байдаг юм билээ. манай хувьд арай өөр байх болов уу. жишээ нь одоогийн байдлаар манайд сургалтанд явна, вирустэх учир тэрийг нь арилгуулна (ойр ойрхон), бас шинээр суулгуулна, баахан програмууд авна. орчуулга хийвэл эдгээрт тодорхой ахиж гаргах боломжтой болов уу.

ахиад л сургалт энэ тэр гээд зардал гарах байх. миний харж байгаагаар бидэнд тогтчихсон том систем байхгүй тул шилжүүлэх их хэмжээний мэдээлэл, систем бараг байхгүй. сайн орчуулга хийвэл заавал сургалт хэрэггүй ч байж болох.

нээлттэй эхийг хэрэглэхэд хэцүү гэсэн ойлголт одоо болтол хадгалагдан үлдсэн харагддаг. энгийн хэрэглэгчид олноороо ашиглаад, сураад энэ нь 4 жилийн өмнө байсан шиг биш болсон гэдгийг баталж байгаа. ихэвчлэн тусгай шийдэл, тохиргоо хэрэггүй. миний хувьд би зөвхөн сервертэй холбоотой ажил хийдэг болохоор ерөнхий утгаараа арай өөр байх.

алийг нь ашиглахад хялбар байх вэ гэдгийг туршилт хийж байж бүр нарийн, яг таг тогтоох боломжтой байх. гэхдээ бидний хийх гээд байгаа зүйл гэвэл англи хэл дээр гарын авлага өгөөд онгоц барьж яв гэлгүй ядаж монгол хэл дээр гарын авлага өгью гэж зорьж байна. мэддэг хэл гэдэг арай өөр байх.

xvv said...

Зүгээр л өөрөө нэг удаа суулгаад туршаад үз. Ubuntu гээд линукс ҮС байгаа. Шууд Windows дотроос програм суулгаж байгаа юм шиг суулгаад ч хамт хэрэглэж туршиж үзэж болно. Гэхдээ зөвхөн туршиж хэрэглэхдээ ашиглаад үз. Ер нь өөрөө Windows хэрэглэдэг бол нэг ажиллаад үзэхэд л ерөнхийд нь ойлгох байх...

Хэрвээ надад онгоц жолоодох боломж олдвол би заавал туршиж үзэхсэн :P

jagdag said...
This comment has been removed by the author.
jagdag said...

Асуултуудад шуурхай хариу өгсөн Дөлөө болон Хүү нарт баярлалаа. Араас нь бас олон хариулт ирнэ гэж найдаж байна.

Би өөрийнхөө хариултыг блогтоо биччихлээ. http://argamag.blogspot.com/2009/07/blog-post.html -р ороод уншиж үзээрэй!

Мөн Хүүгийн зөвлөгөөнд баярлалаа. Цаг зав гарвал туршиж үзье ээ. Гэхдээ миний зав ч дээ :-), гарвал хүүхдүүдтэйгээ тоглох, эхнэртэйгээ алхах, XBox-р байлдахыг илүүтэйд үзчих гээд байдаг талтай. Иймд ахынхаа туршилтад нэг их битгий найдаарай :-) Харин асуулт байвал хэдийд ч хамаагүй хандаарай. Туршилтгүйгээр шууд шийдчих, эсвэл шийдээд өгөх эх үүсвэр хэлээд өгөх байх аа.

Онгоцны хувьд чиний хариулт их таалагдлаа. Чи яг нээлттэй эхийг хөгжүүлэх хүн мөн байна. Энэ чанараа сайн хадгалж, хэрэгтэй цагт сайн риск хийж яваарай. Нэг л мэдэхэд даатгал боддог болсон байдаг юм шүү!