2009-08-30

Цэвэлийн тольд таны тусламж хэрэгтэй

Хөдөөгөөр хэд хоног амарч байгаад ирсэн чинь Я.Цэвэл эрдэмтний зохиосон "Монгол хэлний товч тайлбар толь" номыг вэб хэлбэрт шилжүүлэх ажлыг Очко эхлүүлсэн байв. Энэ талаар Twitter дээр маш их яриа өрнөсөн болохоор анзаарахгүй байх ямар ч боломж байсангүй. Юуны өмнө энэхүү ажлыг санаачлан эхлүүлсэн Очкодоо талархаж буйгаа илэрхийлэх хэрэгтэй болов уу.

Би бээр нээлттэй эхийн програм хангамжийн орчуулга буюу нутагшуулалтыг хэрхэн илүү чанартай хийх талаар эргэцүүлж байхад бидэнд монгол үгийн тайлбар толь ашиглахад маш хялбар хэлбэрт байх ёстой юм байна гэж бодож байсан юм. Я.Цэвэл гуайн толийг хайж хайж олж авчихаад яах учраа олохгүй, бас ажилдаа түүртэж явж байтал энэ санаачлага гарч, олны дэмжлэгийг хүлээж буй нь үнэхээр талархууштай. Тэгээд энэхүү ажиллагааг хоёр гараа өргөн дэмжиж өөрийн чадах чинээгээр туслахыг оролдож байна. Хэн хийх нь чухал биш үр дүн нь л чухал юм.

Хэдийгээр энэ толины зохиогчийн эрхийн асуудал тодорхой биш байгаа ч энэ санаачлагын ач холбогдол, үр дүнг өндөрөөр үнэлж байгаа. Нэгдүгээр энэ нь бидний хувьд анхны томоохон хэмжээний нээлттэй агуулга бөгөөд олон зуун интернэт хэрэглэгчдийн нэгдэл гэдгээрээ маш онцлог. Нээлттэй агуулга учир хэн ч ямар ч зорилгоор ашиглаж болно, тиймээс бид орчин цагийн үг хэллэг, тайлбараар баяжуулан орчин цагийн монгол хэлний тайлбар толь бичгийн үндэс суурь болно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй. Бас мартагдсан хуучин үгсийг дахин сэргээх буюу эх монгол хэлээ танин мэдэхэд үнэтэй, орчин үеийн эх сурвалж болно. Мөн үг үсгийн алдаа шалгах програмын суурь болох гээд тоочоод байвал үнэхээр дуусахгүй биз.

Эхлээд удаагүй ч маш олон анхаарлыг татаж, олон хүний хөдөлмөрийн нэгдэл болж 12539 үгийн тайлбарыг (оруулах мөчид) вэб хэлбэрт унших, хайх боломжтой болсон байна. Та ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулаарай. Дуслыг хураавал далай. Олны хүч оломгүй далай.

5 comments:

xvv said...

Зохиогчийн эрхийн хувьд асуудалгүй юм билээ.
1. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар ямар нэгэн ашгийн бус зорилгоор, онцгой ач холбогдолтой тохиолдолд зохиогчийн бүтээлийн зах зээлийн үнэнд нөлөөлөх эсэхийг харгалзан хуулж ашиглах нь зөрчсөнд тооцогдохгүй гэж байсан.
2. 1993 оноос өмнөх бүтээлүүдэд зохиогчийн эрхийн тухай хууль үйлчилдэггүй гэсэн.

Unknown said...

Очирхуягийн Twitter-с иш татав:

@ochko Эрдээ эгч маань #tsevel гуайн хүү эрдэмтэн Шагдарсүрэн гуайд бидний ажлыг танилцуулж, зөвшөөрөл авч чаджээ. Эрдээ эгчдээ баярлалаа

Anonymous said...

ene yostoi heregtei toli.

Galzuudleo said...

орж үзсэн их дажгүй ажил эхлүүлсэн байналээ

Сонс Подкастын уншдаг хэлбэр Унш Блог said...

Bi burtguuleh gesen chine oeroosoo bolohgui bainaa... uuriin huvi nemeriig oruulah husel uneheer ih baidag odoo yah bilee ahan duusee? tuslaach...