2009-09-23

Хэрэгцээгүй дадал

Хотын төв замын засвар дуусч ашиглалтанд орсон байна. Өчигдөр орой харихаар тэрхүү зассан замаар явж байхдаа хэрэгцээгүй дадалтай, тэр нь ямар төвөгтэй болохыг олж мэдэв. Учир нь өмнөх онхол донхол зам дээр явахад хаана нүх байгаа бол, хаана нүх байсан билээ, тэгээд нүхийг хэрхэн тойрох билээ гээд их л завгүй бодоод явдаг байж. Жишээ нь, Их дэлгүүрийн баруун урдхан талд нэг том нүхнээс болж бүтэн нэг эгнээ хаагдсан байдаг гэх мэт. Бас дээрээс нь нүх тойрох гэсэн хэн нэгэн гэнэт хажуугаас ороод ирэх вий, эсвэл гэнэт зогсох вий гэх түгшүүртэй явдаг байсан байна шүү. Би мэднэ, зам сайхан болсон гэдгийг мэдсэн ч энэ дадал маань байсхийгээд л ажиллаад, элдэв юм хараад байдаг болж. Гэхдээ ингэж илүү зүйлд санаа зоволгүй тайван давхих нь ямар сайхан юм бэ. Бид өмнө өөрийн мэдэлгүй хэрэгцээгүй дадал үүсгэж, үүндээ ухаан бодол, багагүй эрч хүч зарцуулдаг байсан байна шүү. Дээрээс нь техникийн эвдрэл, элэгдэл. Манай эдийн засагт ямар их хортой байсан бол. Ер нь хотын зам гоё байж болдог юм байна, бүрэн хэмжээгээр гоё болоосой гэж хүсч байна.

1 comment:

ntsetsbold said...

миний блог одоо зүгээр болсон байх аа. өмнө нь feedburner ашиглаж байгаад тэрийгээ устгахаа мартаснаас болсон юм шиг байна.

миний блогоос болж төвөг удсан бол уучлаарай :-)