2011-02-08

IPv4 ба IPv6

Сүүлийн хэд хоногуудад IPv4 гэгч зүйлийн нөөц дуусч IPv6 руу шилжих талаар мэдээ, блогууд хөврөх болов. Ер нь ямар асуудал үүсээд буйг ойлгоход дөхөм болох үүднээс IPv4, IPv6 гэж юу болох талаар товч өгүүлэхээр шийдлээ.


Хүн нэртэй, байр хаягтай, утас дугаартай байдгийн адилаар цахим сүлжээнд холбогдсон төхөөрөмж бүр өөрийн гэсэн хаягтай байх шаардлагатай бөгөөд түүнийг нь IP (internet protocol) хаяг гэж нэрлэдэг. Энэ нь нэр, байршилтай адил тухайн төхөөрөмжийн бусад төхөөрөмжүүдээс ялгаж яг тэр гэх боломжийг олгодог юм. Гэрт дууддаг нэр, дотуур холбооны дугаартай ижил хязгаарлагдмал хүрээнд ашиглагддаг дотоод сүлжээний хаяг ч бас бий. Ерөнхийдөө нэг иймэрхүү.

Үүсээд байгаа асуудалын хувьд IP хаяг нь утасны дугаартай адил давхардах ёсгүй юм. Гэтэл нөөц нь дуусвал яах вэ? Жишиж үзэвэл утасны дугаар нь 4 оронтой буюу 10000 ширхэг байж болно, гэтэл хэрэглэх хүсэлтэй хүмүүсийн тоо 20000 хүрвэл яах вэ? Үүний нэгэн адилаар IPv4 буюу өнөөдрийн ашиглагдаж буй IP хаяг нь 32 битийн урттай буюу нийт 4 тэрбум гаран ширхэг хаяг байх боломжтой харин хэрэгцээ нь үүнээсээ хэтрэх нь ойлгомжтой болоод байна. 4 тэрбум гэдэг их тоо ч сүүлийн үед үйлдвэрлэгдэж байгаа гар утас, гэрийн утас, зурагт, угаалгын машин гээд бараг бүх төхөөрөмжүүд сүлжээнд холбогдох, сүлжээгээр удирдах боломжтой болж байгаа нь энэ тоо хэт багадах болсонтой шалтгаан юм. Энэ асуудлыг шийдэх олон арга байж болох ч дугаарын оронг нэмэх нь хамгийн зөв арга юм.

IPv6 бол асуудлын шийдэл юм. IPv6 нь 128 битийн урттай бөгөөд 3.4 үржих нь 10-ын 38 зэрэг буюу зарим хүний хэлж буйгаар нарны аймаг дахь бүх молекулыг хаяглахад ч хүрнэ. Тэгэхээр их тоо байгаа биз. Хэдийгээр шийдэл нь бэлэн боловч өөр нэг асуудал нь өнөөдөр ашиглагдаж буй ихэнх сүлжээний төхөөрөмжүүд зөвхөн IPv4 дээр ажиллахаар үйлдвэрлэгдсэн байдагт оршино. Учир нь анх цахим сүлжээ үүсч байхад 4 тэрбум гэдэг бол хүрч баршгүй тоо байсан. Тэгэхээр бид тэдгээр төхөөрөмжүүдийг шинээр солих, зарим үед IPv4 болон IPv6 хөрвүүлэгчид ашиглах гэсэн урт хугацааны аажим шилжилт хийх хэрэгтэй болж байна. Өмнө нь үүнтэй ижил Y2K нэртэй асуудал үүсч байсан бөгөөд асуудлын гол нь 2000 гэсэн он ирнэ гэдгийг тооцолгүй сүүлийн 2 орон авдаг програм, төхөөрөмжүүд үйлдвэрлэж нөгөөх нь 2002 гэдгийг 1902 гэж харуулдаг байсан юм. Тэдгээр програм, төхөөрөмжүүдийг сольж байж Y2K давж гарсан даа.

Зарим мэргэжилтнүүдийн таамгаар IPv4 маань 2012 оны эхээр шавхагдаж, цахим сүлжээний хөгжилд саад болж эхэлнэ гэж байна. Маш бага хугацаа үлдсэн гэсэн үг. Манай интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид тодорхой тооны хаяг эзэмшдэг бөгөөд нийтдээ 192,692 ширхэг хаягтай. Үүнээс хэдийг нь ашиглаж, хэд нь сул байгаа талаар хэн ч мэдэхгүй байх. Эцэст нь бид хөгжлөө бодож, бусадтай хөл нийлүүлэн IPv6 руу шилжих, ашиглаж эхлэх л үлдэж байх шив.

6 comments:

TTY1 said...

тэгээд энэ ip6 хэрэгжвэл би интернетэд ордог хүн болгон real ip болох юмуу эсвэл хуучин шигээ юм уу

Unknown said...

хадгалах гэж байгаад андуураад нийтлэчихсэн. удахгүй бичиж дуусгана даа.

Unknown said...

Хүн бүр интернэтийн буюу гадаад хаяг авах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ дотоод сүлжээний хаяг гэсэн зүйл хэвээр байж л байна.

etvgen said...

Анх бүтээсэн хүмүүс нь муу тооцолсон байна шүү ^^

Unknown said...

IPv6-ийн давуу тал:
1. Бүх төхөөрөмж real хаяг авах
2. Multimedia болон бусад программ хангамжууд дээр QoS-ийг нэмэгдүүлсэн.
a. приоритет (давуу эрх)
b. тодорхой зурвасын өргөнийг сонгоод тийм боломжоор хангагдах
b. Үндсэн Header-ээс нэмэлт Header-ийг өргөгтгөх (өөрийн боломжит талбаруудыг нэмэх)
3. Anycasting (unicasting broadcasting) хийх боломжтой

axe said...

Second mellennium bug болох юм байна даа :D