2011-11-30

FreeBSD-тэй эргэж нөхөрлөв

Нэлээн хэдэн жилийн өмнө HP DL145 G3 гэсэн сервер авч байсан юм. Тухайн үед мөнгө муу байсан болохоор RAID аваагүй тул сүүлд нь HP Smart Array E200 нэмж авч тавилаа. Тэгсэн чинь Ubuntu маань нэг л удаан, гацаатай ажиллаад байгааг анзаарав. Системийнхээ шүүсийг тултал шахаж болохгүй байгаа тул алдааг олох гэж ноцолдсоор байгаад FreeBSD хэвийн ажиллаж байгааг олж мэдээд үүнийг ашиглахаар шийдэв. Ингэж хэдэн жилийн өмнөх нөхөрлөл эргэж сэргэх нь энэ.

2004 оны дундуур НэтСофт ХХК-д системийн администратороор ажилд ороход бүх системүүд FreeBSD байх ёстой гэсэн стандарттай байв. Тэр үед 5-р хувилбар гарах гээд дуншаад 4.x хувилбарыг өргөн ашигладаг байсан үе. Өмнө нь нэг ч удаа юникс төрлийн систем дээр ажиллаж үзээгүй тул ёстой хөглөж байсан даа. vi дээр файл нээж арай гэж засчихаад хадгалаад гарч чадахгүй болохоор шууд тооцоолуураа унтрааж билээ. Одоо бодоход их л харанхуй байж дээ.

Өөрөө системтэй ноцолдох дуртай бас энэ нь үндсэн ажил тул хамаг цагаа FreeBSD "зэвсгийн эрдэм" сайжруулахад зарцуулна, нойр хоолоо умартна. Өдөр шөнөгүй нухсаар байгаад жил гарны дараагаас өөрийн гэсэн цөм байгуулдаг, эх кодоос нь хувилбар шинэчлэдэг, галын хана (firewall) тохируулдаг, ports ашиглаад хүссэн програмаа суулгачихдаг болж билээ. Дараахан нь зарим нэг алдаа илрүүлээд, ганц нэгийг нь засаад их урам орж байж билээ.

Үүнээсээ хадуураад OpenBSD, Debian, Gentoo гээд олон ч үйлдлийн системүүдийг тодорхой хэмжээнд туршиж, хэрэглэж үзсэн. Дээр үед нэг хувийн дунд сургуулийн DSL холболт бүхий интернэтийн гарцыг нь тохируулах гэж их удаан оролдож байгаад OpenBSD тавьж өгч билээ. Pentium 1 дээр учир дээр нь орчин үеийн юм ажиллахгүй, дээрээс нь яг тухайн холболтыг нь ямар ч линукс дэмжихгүй байсан учир ашиглахад сүлжээ ч ёстой гоё ажиллаад баахан хүүхдүүдийг баярлуулж байсан нь сэтгэглд тодхон. Эцэст нь суулгахад хялбар болохоор нь Ubuntu сонгож олон жил тууштай хэрэглэж байна. Бас болоогүй олон хүмүүсийг энэ систем рүү урвуулсан.

Харин одоо эргээд хамгийн анхны "юникс" найзтайгаа эргээд нөхөрлөх болов. Сүүлийн тогтвортой хувилбар нь 8.2 болж нэлээн шинэчлэгдсэн бололтой. Хальт үзэж суухад үндсэн зарчмууд нь хэвээр байгаа ч маш олон шинэ, сайжруулсан зүйлс оржээ. Ийнхүү хуучин мэдлэгээ сэргээх, шинэчлэн баяжуулах аян замдаа гарч байна. Энэ зуур сэргээсэн, шинэ мэдсэн зүйлсээ блогтоо тэмдэглэх нь дараа эргэж харахад хэрэгтэй тул алдалгүй тэмдэглэхийг хичээх болно. Аян замдаа гаръя даа.

2 comments:

Unknown said...

FreeBSD болон OpenBSD хоёрын ялгаа хэр байдаг бэ?

Tulga said...

"Амьдрал бол аялал" гэж нэгэн ухаантай хүн хэлсэн дэг. Энэн дээр нууцаар алдаа суулгадаг байсан гэсэн тэр нь яасан юм бол?