2014-01-19

Камертай лавлах гэнэ үү?

Блогтоо салхи оруулалгүй их удаж шүү. Жиргээч болсноос хойш хэдэн үг өгүүлбэр холбож бичихээс их залхуурч, гар хуруу ч эвлэхгүй болсон байх юм. Гэхдээ бүгдийг  140 тэмдэгтэт багтаах боломжгүй тул блогоо сэргээн бичихээр шийдсэн нь энэ.
Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт болон хувийн нууцын асуудал хэзээд сонирхлын минь төвд байж анхаарал татдаг байсан. Энэ талаар ямар л мэдээлэл гарна тэр бүгдийг уншиж ямар сургамж авах талаар боддог нь бараг зуршил болсон юм. Гэтэл сүүдийн үед 'банш' Батаагийн  дуу оруулсан 'камертай лавлах'-ын радио реклам анхаарлыг минь татсан бөгөөд уншигч нартай санал солилцох гэсэн юм.

Рекламны гол санаа нь их энгийн. Батаагийн тоглолт дөхчихсөн боловч замын түгжрэлд орон хоцрох гэж сандрахдаа 'камертай лавлах' руу залгана. Лавлахаас замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг аван явсаар тоглолтондоо амжиж очно. Энэ маш энгийн бас хэрэгтэй үйлчилгээ боловч бас зарим нэг асуудлыг үүсгэж байгаа юм.

Лавлахын операторууд замын хөдөлгөөний камераар харах боломжтой, энэ мэдээллээ хэрэглэгчид өгч байгаа гэдгийг ойлгож болно. Өөрөөр хэлбэл ямар машин хаагуур хаашаа явж байгааг хянах бүрэн боломжтой гэсэн үг. Хүсвэл 'тагнах' хэрэгсэл болгох боломж нь нээлттэй. Хэний камерыг ашиглаж харж байгаа бол? Замын Цагдаагийн хяналтын камер байж тарах болов уу. Тэгвэл энэ эрхийг хэн тэдэнд өгөв?

Ардчилалыг амин сүнс, хүвь хүний эрх чөлөөний нэг хэсэг нь хувийн нууц юм. Төр нь иргэдээ аюул ослоос хамгаалах үүднээс тодорхой хэмжээнд хувийн нууц руу халдах эрхтэй байдгийн нэг нь замын камер. Төрөөс өөр хэн нэгэн ийм эрх эзэмших боломжтой юу? Давуу эрхийн төлөө ямар хариуцлага хүлээдэг вэ? Ямар хуулиар зохицуулдаг бол? Миний бодлоор ийм зүйлд маш чанга байх ёстой

Бараг бүх үйлчилгээний байгууллагууд иргэний үнэмлэхний хуулбар нэхнэ. Аль ч байгууллага руу нэвтрэхэд иргэний үнэмлэх авч үлдэх нь хэвийн үзэгдэл. Энэ мэтээр хувийн нууцын мэдээллийг хэн дуртай хүн, байгууллага авах боломжтой байх нь зөв үү? Ер нь хувийн нууцыг хамгаалах, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байна уу?

Хувийн нууц нь огт хорьж болохгүй ч задгай байж боломгүй онцгой асуудал юм. Төр нь тодорхой бодлого гаргаж иргэдээ боловсруулах, хувийн нууцтай холбоотой мэдээллийн ашиглалт, хамгаалалтад хяналт дээр анхаарах цаг болсон...

1 comment:

Баатарчулуун said...

Бүтэн жил 4 сар блог руугаа юм бичээгүй байна ш д. Тэгснээ юу ч болоогүй юм шиг Камертай лавлах гээд юм бичээд гараад ирэх юм аа. :))