2006-10-20

2006-10-20

Өөрийн тухайн өдөрт уншиж мэдсэн зүйлсийг базаж блог бичиж байх бодол аль дээрээс байсаар байсан, гэвч чадалгүй байсаар ирсэн. Гадаад дотоодыг холиод өнөөдрийн багц маань:

- Ubuntu 6.10 RC. Миний дуртай линукс болох Ubuntu Linux-н 6.10 шинэ хувилбарын горилогч бэлэн болсныг зарласан байна. Горилогч хувилбар нь түүхий хувилбар бөгөөд ихэнх ноцтой алдаануудыг арилгасан байдгаараа бусад түүхий хувилбаруудаасаа онцлог байдаг. Энхүү шинэ хувилбар маш олон шинэ санааг сориход чиглэснээрээ өмнөх илүү тогтвортой, урт хугацааны дэмжлэгийн хувилбараасаа онцлог юм.

- Өнөөдөр сонины өчигдөрийн дугаарт Архидалт Монгол үндэстний гамшиг болжээ гарчигтай нийтлэл тавигджээ. Үнэхээр л бидний гамшиг болоод байгаа АРХИДАЛТ гэдэг зүйлийн талаар хэн өөгшүүлж байгаа талаар бичжээ. Архи хэзээ ч араасаа сайн зүйлийг дагуулж байгаагүйг хэн бүхэн мэднэ. Хамгийн аймар нь архидалтыг дагаад ор хөнжлийн асуудал хавтгайрдаг юмсанж. Өглөө C1 телевизийн өчигдөрийн мэдээний давталтыг үзэх байхнээ бидний урд хөрш дэх ДОХ-той хүмүүсийн тоо Африкийн хэмжээнд дөхөж очжээ гэсэн мэдээ явж байсныг хараад үнэхээр эмзэглэсэн. Нээрээ юу гэсэн үг вэ? Хэрхэн тэмцэх вэ?

- Flash Player 9 Beta for Linux is available. Нээлттэй эхийн системүүдийн хөгжил, тархалтад тодорхой хэмжээнд Flash Player саад болж байсан билээ. Харин удахгүй линукс системд зориулсан Flash Player 9 гарах юм байна, гэхдээ зөвхөн 32 битийн компьютеруудад зориулж.

- GNOME 2.17.1 Development Release. Нээлттэй эхийн төслүүд тасралтгүй хөгжиж байдаг билээ, үүний нэгэн адилаар GNOME төсөл өөрийн шинэ хувилбарыг хөгжүүлж эхэлснээ зарлалаа. GNOME 2.18 хувилбар болж гарах түүхий GNOME 2.17 хувилбарыг хөгжүүлэлт эхэлжээ. Тогтвортой хувилбарыг тэсэн ядан хүлээж байна, бас хөгжүүлэлтэд нь оролцно гэж бодож байгаа шүү.

- OpenBSD 11 нас хүрлээ. Аюулгүй байдал, баталгаатай байдлыг гол чиг үүргээ болгон ажилладаг систем 11 нас хүрчээ. 1995 оны 10-р сарын 18-ны өдөр NetBSD-с салбарлан гарч байсан түүхтэй билээ.

- MySQL Enterprise. Хамгийн өргөн хэрэглэгддэг MySQL өгөгдлийн баазыг удирдах системийн хөгжүүлэгч MySQL AB нь MySQL Enterprise хувилбар гаргах болсноо зарлажээ. Гэхдээ бидний өнөөдөр ашигладаг нээлттэй, чөлөөтэй, үнэгүй MySQL хэвээр үлдэх бөгөөд MySQL Community Server нэрээр цаашид гарах юм байна.

- Minor issues surface after IE 7 launch. Дөнгөж саяхан Microsoft корпораци Internet Explorer 7 хувилбараа гаргасан. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа Intetnet Explorer-т гар хүрч байгаа юм. Гэвч гарснаасаа хойш цөөнгүй асуудлууд үүсгээд байгаагаас гадна анхны аюулгүй байдлыг цоорхой илэрсэн байна.

Ийм байдлаар зарим нэг талын мэдээлэл хүргэж байвал ямар байна? Ямархүү төрлийн мэдээлэл сонирхож байна. Би өдөрт маш олон мэдээллийн технологи, ялангуя нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой вэб сайт шалгаж, олон юм уншдаг боловч ямар төрлийн мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгааг сайн мэдэхгүй болохоор ерөнхий мэдээлэл хүргэсээр ирсэн.

No comments: