2007-04-05

Эрлэгийн элч цагдаа

Саяхны нэг өдөр нэг ах хүнтэй муудалдах хэрэг гарлаа. Тэгээд хэсэг нэг нэг рүүгээ агсарсны дараа өнөөх маань "Би ... цагдаа хүн, одоогоор амралтаа авсан байна" гэж хэлээд ихээхэн гэдийж, томорч эхлэв. Уг нь энэ маргаанд маань хэн нь хэн байх нь хамаагүй л баймаар гэтэл юунд ингэж "цагдаа" гэдгээ дурдав? Цагдаа чинь төрийн үйлчилгээний ажилтан билүү биш илүү? Ер нь ингэхэд цагдаа гэдэг чинь хэн билээ?

Өглөө эртлэн босоод, цай ундаа уучаад ажилдаа гарч, буудлаас "микро" хөлөглөн явж байх юм. Харин жолооч цагдаа харагдмагцаа л түүнээс бултах гэж аль байдаг далд жалга гуу, нүх сүв хайн давхина. Ядаж байхад өнөөдөр яасан их цагдаа харагдана вэ. Харин жолооч маань тэр бүгдээс айн мэгдэж, хаагуур л зугтаах боломж байна түүнийг хайна. Барсын хажууд зогсож байсан цагдаа хажуугаар өнгөрсөн бүх микрог дохин зогсоон шалгаж, шантажлах зүйл олж ядан зогсоно. Манай жолооч харим сиймхийгээр нь мултравч хэдхэн алхамын цаана зогсох өөр нэг цагдаа түүний яалт ч гүй зогсоолоо. Ингэж тэгж аргалж байгаад торгуулийн доод хэмжээ 2000-р торгуулсан бололтой. Цааш явна, ахиад л цагдаа. Харин энэ бүрд тэрхүү микроны жолооч яах бол, ахиад зогсоож торгохгүй байгаа хэмээн айн мэгдэнэ. Жолооч амьдралаа залгуулах мөнгөний төлөө тэмцэнэ, төгрөг бүрийг алдалгүй хураахыг хүснэ. Цагдаа ч мөн адил. Гэвч бүх цагдаа, төрийн албан хаагчид тийм биш ...

Энэ жижигхэн хэсгээс монголчууд бидний амьдрал тодхон харагдана. Төр нь "та бүхний амьдралыг тэтгэхийн тулд ийм дутуу дулимаг зүйл хийлээ, ашигла, баригдвал хохь чинь" гэсэн дүрмийг тогтоон өгч бүгд л энэ ганц гол дүрмээ алдалгүй мөрдөхөөр хичээцгээнэ. Хууль бусаар, хулгайгаар үйл ажиллагаа явуул, баригдвал тухайн төрийн ажилтан нь хууль бусаар, өөрийн дураар арга хэмжээ аваг гэсэн дүрэм маань л үйлчилнэ. Хууль зөрчихгүй бол иргэн амьдралгүй, иргэн амьдралгүй бол төрийн ажилтан амьдралгүй. Өнөөдөр бидний амьдрал хэн гэдэг том даргад хэдэн мерт ойр байх, хэн гэдэг том хүнд өөрийн амьдралаа даатгаж, дагалдан гүйхээс хамаарахаас биш бидний хэн болох, юу мэддэг, юу чаддагаас огтхон ч хамаарахаа байсан бололтой. Би бодох юм, хэзээ бид нэг хуулийн дагуу хөдөлмөрлөж, өрсөлдөж, өөрийн чадлаар өөрийн амьдралаар айх айдасгүй амьдрах юм болоо.

2 comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

хэцүү хэцүү, ойлгохгүй зүйлс их байгаа

Anonymous said...

Зарим цадигаа алдсан ухаан муутай цагдаанууд зөндөө зөндөө...