InfoSec гэх арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж, өнгөрөгч 19, 20-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийнх дажгүй болсон гэж сонссон гэхдээ орж чадаагүй, мөнгө байгаагүй. Харин энэ удаад илтгэгчээр оролцох боломж олдож хоёр хоногийн зарим хэсгийг Чингис зочид буудлын хурлын танхимд өнгөрөөвөө хөөрхий. Ядаж байхад нөгөө Sun-тай зууралдсан ажил маань дуусаагүй болохоор таталдаад тайван ч сууж чадсангүй.
Их унтсанг хэлэх үү явж явж нэлээн хоцорч очлоо, тэнд л очоод миний илтгэл маргааш нь болохыг олж мэдлээ. Өнөөдөр байвал эсвэл хоцорчихсон байвал яана гэсэн айдас хормын дотор алга болов. Ороод харвал баахан таньдаг хүмүүс, зэрэгцэж суугаад ивээн тэтгэгчид болон тэдгээрийн бүтээгдэхүүний талаар танилцуулгыг сонирхож сонсов. За түрүүлж ирсэн хүмүүсийн ярьж буйгаар бол бас л бүлт бүлт үсэрсэн юм байх. Жишээ нь, өмнө сонч ч байгаагүй компани ирээд сүлжээний хэвлэгчээрээ тэргүүлдэг гэсэн юм байх, нөгөө Xerox, HP, Canon маань хаагуур нь орчихдог юм бол? Монголчуудыг морио унаад явж байдаг, мэдээлэлгүй гэж боддог юм байх гэсэн шивнээ яриа энд тэндгүй. Хэсэг сурталчилгаа сонирхож байгаад буцаад Цахилаан Холбоо руугаа ирэв.
Хоёрдахь өдөр нь бас л санд мэнд цагтаа гүйгээд очтол бас л сурталцилгаа явж байна бас их шингэрчээ. Хүмүүс их бухимдангүй байна. Яав гэтэл ивээн тэтгэгч нь цаг гаран ярьж үзэгчдийг залхаасан юм байх, бас өмнөх өдөр ярьсан зүйлээ давтаж ярьсан гэв үү яав. За тэгээд цаг маань бас хэт хойшлочихсон, бас хоёр цагийн дараа товчхон болоод өнгөрөв. Дараа нь бас л сурталчилгаа.
Надад лав таалагдсангүй. Зарлал мэдээллээс үзвэл мэдээлэл харилцаа холбооны технологи, аюулгүй байдлын талаар ярих байтал компани бүтээгдэхүүн сурталчлаад л өнгөрлөө өөрөөр хэлбэл хэт арилжааны буюу commercial болсон. Хувьдаа нэлээн техникийн шинжтэй, асуудал дэвшүүлсэн, түүнийгээ шийдсэн тийм л хурал болох болов уу гэж горьдож байлаа. Хамгийн тэнэг нь тэр ивээн тэтгэгчид бөгөөд цаг цагаар цаг хялгааргүй чалчиж үзэгч, сонсогчдыг үнэхээр залхааж байсан юм. Уг нь ивээн тэтгэгч чухал л даа гэвч нөгөө хурлын үнэ цэнэ, үзэгчдээс илүү дээгүүр тавигддаг ивээн тэтгэгч байх хэрэгтэй юм болов уу? Энэ янзаараа дараа дараагаас ирж сонирхох хүнгүй л болох байх даа. Миний л бодол шүү дээ.
Харин хүмүүстэй ярьж байхад SysAdmin Summit-н тухай дурсах, ярих хүмүүс цөөнгүй тааралдсан. Санаа ч нэмэрлэх юм. Хэд хэдэн хүмүүсээс их сонирхолтой сэдвээр илтгэлүүд гарах төлөвтэй. Энэ хуралд суусных олон сургамж авч, хэрэгжүүлчихмээр санаа олдог байна шүү. SysAdmin Summit гэснээс энэ жил Мобиком лав ивээн тэтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн, гэвч цаг нь дөхөхлээр бид хөтөлбөрөө боловсруулж, илтгэгчдээ олчихоод ахиад л ивээн тэтгэгчдийн эрэлд гарах болно. Хэрэв танд час хийсэн сэдэв байгаа бол базаад бэлдэж л байгаарай, хэрэв танай компани ивээн тэтгэх сонирхолтой байгаа бол түрийвчээ зузаатгаж л байгаарай. Мөн хэрэв та зүгээр л оролцох гэж байгаа бол чих тавин сонсож л байгаарай. Ирэх 9, 10 сар хавицаа зохиогдоно байх, нэг л өдөр бид ажилдаа ханцуй шамлан ороод, нэг л мэдэхэд бүх зүйлд тодорхой болчихсон байх вий.
1 comment:
Sain baina uu,
Doorh hayagaar orj sonirhono uu.
http://mongolian-agloco.blogspot.com/
Bayarlalaa.
Post a Comment