2009-02-05

Нээлттэй эх ба чөлөөт програм хангамж №1

LiMNux бүлгэмийн Google Groups маань бий цагаасаа эхлэн нэлээн идэвхитэй байж, линукстай холбоотой санал бодлоо хуваалцдаг, асуудлыг хэлэлцдэг, мэдлэг туршлага солилцдог цэг болон хувирч байна. Үүнд л зориулж LiMNux бүлгэм оршин тогтнож, ийм л зорилгоор Google Groups-г үүсгэсэн. Миний блогийн зүүн баганаас идэвхитэй хэлэлцэгдэж буй сэдвүүдийг харж болно. Саяхан нэгэн гишүүн маань Open source & free Software гэсэн сэдэв нээсэн нь ийнхүү блог бичих шалтгаан боллоо. Линуксыг ойлгоё гэвэл түүний хөгжлийн нууц болсон open source болон free software гэсэн ойлголтуудыг мэдэх шаардлагатай гэж үзэж багахан судалж байсан туршлагаасаа, өөрийн ойлголтоосоо хуваалцах гэсэн юм. Гэхдээ аль болох энгийнээр, товчоор тайлбарлахыг хичээсэн болно. Андуу ташаа зүйл бичсэн байвал залруулахыг хүсье.

Юуны өмнө "open source" гэдгийг "нээлттэй эх", "open source software" гэдгийг "нээлттэй эхийн програм хангамж", харин "free software"-г "чөлөөт програм хангамж" гэж авсан орчуулсан байгаа. Анх програм хангамж үүсч хөгжихдөө зөвхөн тоног төхөөрөмжийн нэмэлт, дагалдах зүйл байсан бөгөөд тусдаа, бас худалдаалж болдог гэсэн ойлголт байгаагүй юм. Ийм болоод ч тэр үү бараг бүх програм хангамжийн код нь нээлттэй буюу хэн ч үзэх, өөрчлөх боломжтой байсан. Харин 1980-аад оны дунд үеээс програм хангамж нь капил юм, түүнийг тоног төхөөрөмжөөс тусад нь худалдан борлуулах боломжтой юм гэдгийг бизнесүүд ойлгосноор код нь нээлттэй байх нь оюуны өмчийн хулгайг гааруулж байна, үүний оронд худалдаж мөнгө олцгооё гэсэн уриалгыг тарааж эхэлсэн. Юникс ч мөн адил энэ давалгаанд өртсөн. Энэ цагаас эхлэн ихэнх програм хангамжуудын код хаалттай болж, талх мэт ширхэглэн худалдагддаг болсон. Магад зөв, магад буруу.

Хаалттай байдлыг дэмжихгүй, хуучин нээлттэй байдлыг хүсэмжлэх хүмүүс байсны нэг нь Richard Stallman юм. Тэрээр програм хангамж нь нээлттэй хөгжиж, ялангуяа Юникс нь өмнөхийн адил байхыг их хүсч байсан. Энэ тухайн үеийн нөхцөл байдлын улмаас энэ нь боломжгүй байсан тул тэрээр Юникстэй ижилхэн ажилладаг боловч нээлттэй үйлдлийн систем үүсгэх зорилгоор GNU гэх төслийг эхлүүлж бусад хөгжүүлэгчдэд тунхаг бичиг илгээсэн. Төслийн хүрээнд тэрээр үйлдлийн системийн цөм, бүрхүүл, хөгжүүлэлтийн болон бусад хэрэглэгчдийн хэрэгслүүдийг үүсгэхээр зорьж байв. Эдгээр програм хангамжуудаа тэрээр free software буюу чөлөөт програм хангамж гэж нэрлэж байлаа. Free гэдэг үг нь англи хэлэнд "үнэгүй" бас "чөлөөт" гэсэн утгыг илэрхийлдэг ба энэ тохиолдолд ямар нэг үнэ төлбөрийн тухай бус харин тухайн програм хангамж болон хэрэглэгч, хөгжүүлэгчийн эрх чөлөөний тухай ойлголт юм. Чөлөөт програм хангамж нь тодорхойлолтынхоо дагуу доорх 4 эрх чөлөөг эрхэмлэнэ:

- програм хангамжийг дурын зорилгоор ажиллуулах, ашиглах
- програм хангамжийг хэрхэн ажилладгийг судлах, өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх
- хуулбарыг түгээх, тараах
- програмыг сайжруулах, өөрийн сайжруулалтыг олонд гаргах, тараах

Сүүлйин эрх чөлөөг биелүүлэхийн тулд эх код заавал нээлттэ байх ёстой учир энд онцлон зааж өгөөгүй байдаг. Дээрх тодорхойлолт, үнэт зүйлийг чөлөөт програм хангамжийн хөгжүүлэгч бүр мэддэг боловч энгийн хэрэглэгчид төдийлөн мэддэггүй бөгөөд freeware буюу үнэ төлбөргүй боловч эх код нь хаалттай програмуудтай андуурах нь элбэг байдаг.

Мөн энэхүү эрх чөлөөг хадгалах, дамжуулж байх зорилгоор лиценз үүсгэсэн нь GPL (General Public License) юм. Лиценз нь програм хангамжийн хэрэглэгч ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх талаар тусгасан хуулийн бичиг юм. Лицензийн дагуу хүн бүр ижил эрх чөлөөг эдлэх ба та эрх чөлөөг эдэлсэн бол бусаддаа ч бас эрх чөлөө олго гэж шаарддагаараа бусад лицензүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл та 1000 мөр дээр 1-г нэмж бичсэн ч 1 мөр дээр 1000-г нэмж бичсэн ч код нь бүрэн нээлттэй байх ёстой бөгөөд хэн ч өөрчлөх, сайжруулах, тараах эрхтэй байх ёстой юм. Линукс цөм маань GPL ашигласан байдаг ба ийнхүү тэгш тоглоомын талбай үүсгэсэн нь түүний хөгжлийн нууц гэж үздэг.

Дараагийн цуврал дээр нээлттэй эхийн програм хангамжийн талаар болон энэ 2-ын ялимгүй ялгааны талаар өөрийн олж мэдсэн зүйлсээ бичихээр төлөвлөж байна.

1 comment:

xvv said...

http://www.dulmandakh.com/2009/02/2_12.html

Яг үнэндээ ингээд гоё тайлбарлахаар нүд нээгдэх шиг болж байна...
баярлалаа.