2009-02-03

СПАМ-тай тэмцсээр л ...

Одоогоос бараг 2 жилийн өмнө компанийхаа өөрийн серверийг ажилд оруулахаар, ингэхдээ нэлээн сайн зүйл гараасаа гаргахаар багагүй хугацаанд суусан юм. Өмнө сервер нэлээн олон удаа тавьж байсан ч энэ удаад ахиад дор хаяж жил гар хүрэхгүй, болвол бүр 3 жил оролдоод байхааргүй гэж бодож тооцоолох, судлах шаардлага гарав. Аюулгүй байдал, найдвартай, тогтвортой ажиллагаа гээд аль болох байж болох бүх эрсдэл, боломжуудыг тооцохыг хичээж байв. Магад дараа оролдсон ч, асуудал гарсан ч тийм ч том бус байхыг бас битүүхэн хүсч байв.

Серверээ "хусуулж" байсан туршлага, бас интернэтээрэ буй үй түмэн зөвлөлгөөнүүдийн дагуу серверийн эхний тохиргоог хийж дуусав. Хамгийн их анхаарсан нь нөгөө лайтай цахим шуудангийн сервер. СПАМ гэж юу болох, ямар зорилготой, яаж түгээгддэг тэгээд хэрхэн хамгаалах талаар нэлээн судалсан боловч маш их юм дутуу байсныг нэлээн хожуу олж мэдсэн юм.

Серверээ тавьсанаас хойш бараг 6 сарын турш үндсэн ажил маань серверийн логийг харж суух болж хувирав. Судалж судалж, бөөн юм болж тавьсан СПАМ-ын эсрэг хамгаалалтыг маань СПАМ улайн цайн даваад ороод ирнэ. Ямар СПАМ байсныг нь, яагаад даваад ороод ирснийг нь бас яаж хамгаалах талаар судалсаар бараг хагас жилийн дараа маш олон технологиудыг зөв хослуулан хэрэглэж байж хаах боломжтой юм байна гэдгийг олж мэдсэн. Гэхдээ л миний албан хаяганд 2 сардаа нэг СПАМ ирээд байгаа шүү.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сервер дээрээ үйлчилгээ хийж өнжив. Учир нь 2 жилийн өмнө нэлээн үр ашигтай, зөв мэт санагдаж байсан системийн шийдэл маань тийм ч оновчтой бус, үнэхээр давуу тал болохгүй байгаа нь харагдаж эхлэв. Тиймээс серверийнхээ бүтэц зохион байгуулалтыг шинэчлээд, завсараар нь цахим шуудангийнхаа серверийг Ubuntu 8.04 рүү шилжүүлэх ажил хийв. Ингэхдээ СПАМ-ын маань хамгаалалт үнэхээр зөв байж уу, өнөөдөр сайжруулах юм юу байна гэдгийг бас нягталж үзээд, бас л ганц нэг хоног лог ширтэж суув. Ганц нэг сайжруулах зүйл байна, гэхдээ ерөнхийдөө дажгүй шүү. Сервер дээрээ жаал жуул юм хийх гэхээр хуучин систем, удахгүй шинэчлэнэ гэж бодоод төдийлөн анхаарахгүй байсан юм. Одоо сайхан шинэ системтэй болсон болохоор шинэ технологи нэвтрүүлнээ....

1 comment:

Anonymous said...

Bi mail server bairluulah gesen yum daanch uneheer medleg tutmag baina. Help me!