2010-04-08

InstallFest 2010-ын талаар бодол

Жил бүрийн хавар миний болон бусад линукс хэрэглэгч, сонирхогчдын сэтгэлийг догдлуулдаг, хүсэн хүлээдэг зүйл бол яах аргагүй InstallFest өдөрлөг юм. Энэ л өдөр бид маш олуулаа цуглаж өөрийн сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, танилцан нөхөрлөж, бусад хүмүүсийг нээлттэй програм хангамж болон нээлттэй амьдралд урин дууддаг. Энэ л өдөр линукс болон нээлттэй програм хангамж сонирхдог боловч асуулттай, асуудалтай байгаа хүмүүс бусад туршлагатай хэрэглэгчидтэй биечлэн уулзаж тусламж зөвлөлгөө авах боломж олддог. Харин энэ жил яах бол?

Өмнөх жилүүдэд бид Windows-с шилжих гэж буй энгийн хэрэглэгчдэд илүү анхаарал хандуулж, тэдэнд зориулсан агуулга маш ихээр бэлтгэдэг байсан. Энэ нь тухайн цаг үетэйгээ зохицсон, олон нийтэд хүрсэн ажиллагаа байсан бол өнөөдөр бол байдал арай өөр болжээ. Бид олуулаа болсон. Энэ удаагаас эхлэн бид зөвхөн шинээр ирж буй хүмүүст зориулсан биш аль хэдийн ашиглаж чаддаг, тодорхой мэдлэг чадвартай хүмүүст чиглэсэн, тэдгээрийн мэдлэг чадварыг хурцалсан зүйлс бидэнд хэрэгтэй байна. Үүнийг бид хэлэлцүүлэг, Google бүлэг дээр тавигдаж буй асуулт, ярилцаж буй хэлэлцүүлгүүдээс илхэн харж болохоос гадна өнгөрсөн жилийн InstallFest дээр зарим хүмүүс хүсч байсныг тодхон санаж байна. Одоо бид хөгжүүлэлт, серверийн зохион байгуулалт, аюулгүй байдлын талаар зэрэг өөрсдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлсэн арай ахисан түвшний зүйлсийн талаар нухацтай ярих цаг болсон болов уу. Энэ бүгдийг нэг өдөрт багтаах нь амаргүй тул 2 өдөрт хуваан хийж ч болох юм. Мөн зөвхөн Улаанбаатарт биш Дархан Эрдэнэт хотуудад зохион байгуулах хэрэгтэй болов уу. Эцэст нь 5-р сарын 20-доор зохион байгуулбал ямар бол?

Эдгээр нь зөвхөн миний санал бас зөвхөн хамгийн чухал гэж бодсон нь. Харин танд ямар санал байна вэ, бидэнтэй хуваалцаарай. Мөн энэ өдөрлөг амжилттай болох нь хүн бүрийн хүчин чармайлтаас шалтгаалах учир та ч бидэнтэй нэгдэж, өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсч байна. Жишээ нь, би Дархан, Эрдэнэт хотод очиж үзээгүй, одоо бодоход өдөрлөг зохион байгуулалцаж болох хүн санаанд орохгүй байна. Хэрэв та дээрх хотын аль нэгд байдаг бол бидэнд туслахыг, хамтран ажиллахыг хүсч байна. Танд сонирхолтой ярих сэдэв, бусадтайгаа хуваалцахыг хүсэж буй мэдлэг бас чадвар байгаа бол түүнийгээ нээгээсэй гэж хүсч байна. Энэ бүхнийг хийхэд багагүй зардал орох нь ч ойлгомжтой, хамтран ажиллах байгууллага байвал та бүхнийг урьж байна. Ер нь хэлэлцүүлэгт ороод ир, сайхан хэлэлцье.

2 comments:

Namjilsuren Nyamsuren said...

5 сарын 21-нд эрдэнэтэд зохион байгуулаач

baynaa said...

Найз нь дэмжинэ шүү!