2010-05-22

Загатнаагаа маажих нь

Хүмүүстэй нээлттэй програм хангамжийн талаар ярилцаж байхад хамгийн их тавигддаг асуулт бол "хэн яах гэж нээлттэй зүйл бүтээж, хөгжүүлдэг юм бэ". Хэн аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалан хариулт олон хувилбартай боловч нийтэд хүлээн зөвшөөрөгдөж басхүү улам бүр хэвшиж буй ойлголт бол "scratching your own itch" буюу "загатнаагаа маажих" юм. Жаахан дэлгэрүүлбэл...

Хүн бүрт л ямар нэг бэрхшээл, асуудал байдаг. Нэгэнт л бэрхшээл тул шийдэх ёстой, харин шийдэхийн тулд ямар нэг шийдэл хэрэгтэй. Мэдээж хэнд ямар бэрхшээл тулгарч байгаагаас шалтгаалж шийдэл нь өөр өөр байх нь ойлгомжтой. Жишээ нь, оёдолчны өмч цоорвол өөрөө нөхөж чадах тул тэрийг өөрөө л нөхнө. Үүний адилаар програм зохиогч өөрт тулгарсан програмын асуудлыг өөрөө л шийдэж таарна. Өөрийн асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан тул сэтгэл хангалуун буюу загатнаагаа маажчихсан. Жижиг програм бичиж асуудал шийдлээ гээд зах зээлд гарна гэж байхгүй, бүр магадгүй өөрийнх нь үндсэн ажил өөр тул цааш хөгжүүлэх сонирхолгүй. Ингээд түүнд нэг бол зүгээр л тэр кодыг мартах эсвэл ижил асуудалтай хүмүүст тус болж юуны магад гэж бодоод интернэтэд тавих. Интернэтэд нээлттэй тавьсан чинь бараг ижил боловч ялигүй өөр бэрхшээлтэй нэг нөхөр тэр кодыг олж аваад багахан өөрчлөөд асуудлаа шийдээд эргээд нээлттэй орхино. Зарим нь ижил асуудал боловч код нь алдаатай тул ажиллахгүй, бас засаад нээлттэй орхино. Энэ маягаар маш олон програм хангамжууд үүсч, бас хөгжсөөр байна.

Хараад байхад хөгжил дэвшлийн шат бүр хэн нэгэнд тулгарсан асуудал, түүний шийдэлд тулгуурлаж байдаг. Ньютон толгой дээрээ унасан алимыг зүгээр л алим бус харин "асуудал" болгон авч үзсэн, бас асуудлыг шийдсэн. Энэ нь сая сая хүмүүсийн асуудлыг давхар шийдэж өгсөн. Зүгээр л хуучны сайхан цагаа эргүүлэн авчрах гэж эхлүүлсэн GNU төсөл нь нээлттэй эхийн програм хангамжийн хөдөлгөөнийг үүсгэж, тэр нь орчин үеийн програм хангамж болон түүний хөгжүүлэлтийн талаар суурь ойлголтыг өөрчилж байна. Сургууль дээрээ ашигладаг шиг Юникс үйлдлийн системийг өөрийн тооцоолуур дээр ашиглахыг хүссэн жирийн нэг залуу Линукс гэх үйлдлийн системийн цөмийг бүтээсэн нь өнөөдөр хүчирхэг серверүүд, хэрэглэгчийн тооцоолуур, гар утас, хөргөгч, машин гээд ашиглагддаггүй, хамрахгүй хүрээ гэж үгүй болтлоо өргөжин хөгжсөөр байна. Энэ мэт жишээ хар түм мянгаараа байгаа.

Төслийн удирдлага, хяналтыг сайжруулахаар Redmine ашиглаж эхэлсэн бөгөөд зарим тохиолдолд шинээр суулгах, хувилбар шинэчлэх гээд зүйлийг хийх болгонд интернэтээс заавар хайдаг байв. Харин өнөөдөр гэнэт шийдээд дараагийн удаа интернэт ухаж цаг алдалгүйн тулд хэн ч дагаад суулгаж болохоор гарын авлага болгоод авлаа. Энэ мэт баримтжуулахаас гадна хэд хэдэн арай том загатнаа байна, танд ч бас байна уу? Би өөрийнхийгөө бас та өөрийнхийгөө маажъя. Гэхдээ ижил эсвэл маш төстэй загатнаа байвал хамтдаа маажвал дээргүй юу. Тиймээс бүгдээрээ нийтлэг асуудал, бэрхшээлүүдээсээ хуваалцъя. Хамгийн гол нь нэг нэгийгээ дэмжицгээе.

5 comments:

Дөлмандах said...

эхлээд "загатнасан газраа маажих нь" гэж нэрлэх санаатай байсан ч "загатнах" гэдгийг хэрхэн зөв бичих талаар эргэлзсэн тул http://toli.query.mn/ руу орж шалгаж яваад загатнаа гэдэг үгийг олж ашиглав. бас л нээлттэй толь.

Xacaa said...

Дөлөө ахаа. Миний загатнааг маажаад өг :D

Энэ нийтлэл загатнасан газрыг минь маажаад өгөх шиг боллоо. Нээлттэй эхийг ёстой өргөс авсан юм шиг сайхан тайлбарлаж ;)

Дүүдээ said...

Загатнасан газар байна аа...
Дээхэн Очкогийн блог дээр ярьж байсан Creative Commons-ийн орчуулгыг хийвэл яаж байна?
Би өөрөө мэйлээр харилцсан л даа...
Тэдний зүгээс Монголд албан ёсны үйл ажиллагаа явуулах, төлөвлөгөөнд бас Монгол багтаагүй байгаа гэсэн ч орчуулга хийх эрхийг нээж өгсөн. Тэгэхээр юутай ч одооноос тэнд нь орчуулгыг хийгээд эхэлвэл сүүлд бас хэрэгтэй юм болов уу? гэсэн бодол төрөөдөө... :D
Миний ойлгосноор Монгол CC-ийг мөрдөхийн тулд дараах хэдэн асуудал байх шиг ээ
1. Ямар нэг байдлаар лиценз (зохиогчийн эрх ч гэх юмуудаа???)-ийн тухай асуудал учраас Монгол улсын хуулид хүлээн зөвшөөрөгдсөн (гэх үү эсвэл Монголын хууль CC хүлээн зөвшөөрсөн гэх үү?) байх шаардлагатай.
2. Creative Commons-ийн үйлчилгээ юмыг Монголд байнга хангаж байх байгууллага шаардлагатай
... гэх мэт нилээд хэдэн асуудал байгаан байналээ л дээ.

Миний хувьд СС-ийн орчуулга хийгдэхээс гадна бас СС Монголд хүчин төгөлдөр байвал гоё юмуу л гэж бодсын :)
хэхэ болжынуу?

Дүүдээ said...

Бас нийтлэл зүээр загнатасан газар маажжийноо...

xvv said...

Онгорхойтой маажуур :p

Монголын зохиогчийн эрхийн хуулинд угаасаа Олон улсын зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөнө гэсэн өгүүлбэр байдаг санагдана. Тэгэхээр тэрүүгээрээ зохицуулагдах байх аа.
Монголын хууль, журам ямар байсан ч олон улсынхыг дагаж мөрдөх ёстой тиймэрхүү конвенц энэ тэрд нэгдсэн байдаг юм шиг билээшд...