2010-05-25

Нээлттэй эх ба төхөөрөмж үйлдвэрлэгч

Өмнөх блогтоо "нээлттэй програм хангамжийг хэн хөгжүүлдэг вэ" гэсэн асуултын нэг хариултыг өгөхийг оролдсон. Харин энэ удаад сүүлийн үед нэлээн их хүч түрэн орж ирж байгаа хүч буюу төхөөрөмж үйдвэрлэгчдийн талаар бичихээр шийдлээ.

Дөнгөж саяхан л бидний ашигладаг байсан төхөөрөмжүүд маш энгийн байв. Байсан ч гэж дээ бид одоо болтол ашигласаар байгаа л даа. Зургийн апарат нь зөвхөн гэрлийг хүлээн аваад хальсанд буулгах, утас нь зүгээр л бидний дуу хоолойг дамжуулж нөгөө хүнд сонсгох, зурагт нь долгионыг хүлээн аваад бидэнд үзүүлэх, угаалгын машин нь усыг хэд сайхан эргүүлээд бас хувцсыг сайхан сэгсрэх гээд маш олон зүйлс үндсэн үйлдлээ л хийдэг байв. Эдгээрт ашиглагдаж буй эд анги бас програм хангамж нь маш энгийн байсан. Гэхдээ бидний нийгэм хөгжихийн хэрээр бид төхөөрөмжүүдээс, технологиудаас илүү ихийг хүсэх болсон. Жишээ нь, зургийн апарат зургийн улаан нүдийг арилгах, өнгөний тохиргоо хийх, бүр видео бичихийг хүссэн. Утсаа хүссэн газраа авч явч, интернэтээр аялж бүр тоглоом тоглож, програм ажиллуулахыг хүссэн. Зурагтаар өндөр нарийвчлал, гоё дуугаралттай бас зсансрын эсвэл төлбөртэй суваг үзэхийг хүссэн. Угаалгын машин нь ноос эсвэл ноолуур бол удаанаар эргүүлж угааж бас сэгсрэх гээд тусгай олон ажиллагааны горим хүссэн. Энэ мэтээр өдөр ирэх бүр юм бүхэн илүү бэрх бас нүсэр болсоор...

Мэдээж үйлдвэрлэгч хэрэглэгч бидний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Бас үүнийгээ маш түргэн хийх ёстой. Эс бөгөөд зах зээлээс арчигдах тавилантай. Тиймээс тэд эд анги, тоног төхөөрөмжүүдээ хөгжүүлэхээс гадна програм хангамжуудаа боловсронгуй болгоно. Үүнд ямар их хүн хүч, хөрөнгө хэрэгтэй гэж бодож байна. Гэвч тэдний хийж буй бүх зүйл тийм онцгой биш. Бараг бүх диск ижилхэн ажиллаж, бүх файл ижилхэн хадгалагдана. Мөн процессор, санах ой, сүлжээ, дэлгэц гээд зүйлс бараг бүгд ижилхэн эсвэл багахан ялгаатай байхад яагаад компани бүр энэ бүгдийг өөрийнхөөрөө хийх ёстой гэж? Үүний оронд линуксын цөмийг авч энэ бүхэнд ашиглаад зөвхөн өөрийн бүтээгдэхүүний онцлог бүхий өөрчлөлтүүдийг хийвэл илүү хялбар бас хурдан бус уу. Яг энэ шалтгааны улмаас линуксын цөм өнөөдөр хамгийн олон төрлийн төхөөрөмжүүдтэй ажиллах чадвартай байдаг. Энэ зөвхөн тусгай төхөөрөмж бус тооцоолуурт ч хамаатай.

Сүүлийн жилүүдэд netbook, iPad гэх мэт энгийн хэрэглэгчдэд зориулсан жижиг оврын, хөдөлгөөнт төхөөрөмжүүд бий болж байна. Энэ нь бидний хаа явсан газраа бусадтайгаа холбоотой байх, ажил хэрэгээ хөтлөн явуулах хүсэлтэй холбоотой болов уу. Эдгээр төхөөрөмжүүд дэлгэц жижигтэй, хүчин чадал багатай бас цэнэгээрээ илүү удаан ажиллах ёстой. Гэвч дийлэнх програмууд том дэлгэц, хүчин чадал өндөртэй бас цэнэгийн талаар санаа зовох зүйлгүй нөхцөлд зориулагдсан хийгдсэн байдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчид маань бүгдийг шинээр хийхийн оронд бэлэн нээлттэй програмыг жижиг дэлгэц, бага хүчин чадалд нийцүүлэн өөрчилсөн нь илүү хялбар бас зардал бага. Боломж байхад яагаад заавал Windows сүүлгаж өөрийн бүтээгдэхүүний үнийг хэдэн арван эсвэл хэдэн зуун доллараар өсгөх ёстой гэж. Хэрэглэгчид Windows биш харин "зүгээр л ажилладаг" зүйл хэрэгтэй. Тиймээс тэд линукс цөмөөс гадна бусад нээлттэй програм хангамжуудын хөгжүүлэлтэд оролцдог.

Үйлдвэрлэгчид програм хангамжийн хөгжүүлэлтийн зардал, хугацаааг буруулахыг зэрэгцээ өөрийн давуу тал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж байж хэрэглэгч бидэнд илүү хямд бүтээгдэхүүн санал болгож, бусадтайгаа үнээр өрсөлдөхийг хүсч байгаа. Харин ийм боломжийг зөвхөн нээлттэй програм хангамж олгож байна. Энэ бол шалтгаан.

No comments: