2011-01-26

LibreOffice

Өчигдөрхөн LibreOffice гэх програмын анхны боловч 3.3 дугаартай хувилбар албан ёсоор гарлаа. Олон олон шинэ боломжууд бас олон олон алдааны засвар орсон байна. Гэтэл LibreOffice гэж яг юу вэ, OpenOffice.org -с ямар ялгаатай вэ гэсэн асуултууд хөвөрнө. Тиймээс үүнд товчоор хариулахыг оролдъё.


Бид OpenOffice.org гэх програмыг нэлээн дээрээс мэднэ. Энэ нь Microsoft Office-той өрсөлдөх хэмжээний цорын ганц нээлттэй програм бөгөөд Sun Microsystems-ийн Star Office гэх програм дээр үндэслэсэн юм. Sun хэдийгээр кодыг нээлттэй болгосон боловч нээлттэй оролцоог хангаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн OpenOffice.org -ийн кодонд албан ёсоор өөрчлөлт оруулахыг хүсвэл заавал хөгжүүлэгчийн гэрээ зурж тэр нь зохиогчийн эрхийг Sun Microsystems-д шилжүүлэх юм. Энэ нь тэднийг бусдын оюуны өмчийг чөлөөтэй ашиглах, хаалттай програм гаргах боломжийг олгож байв. Үүнээс гадна дараагийн хувилбарт юу орох, хэнийг оролцуулах, цаашид хэрхэн хөгжүүлэх гээд бүх зүйлийг зөвхөн Sun л шийддэг байв. Эцэст нь Sun-ыг Oracle авсны дараа байдал дээрдсэнгүй, харин ч зарим талаараа илүү хаалттай болж эхэлсэн гэдэг.

Код нь нээлттэй боловч жинхэнэ ёсоор нээлттэй биш учир маш олон хөгжүүлэгчид үүнд дургүйцлээ илэрхийлэхийн хажуугаар go-oo.org гэх OpenOffice.org -ийн нэмэлт, өөрчлөлтүүдийг хөгжүүлж байв. Тэд алдаа засна, зарим нэг шинэ боломж нэмнэ бас кодыг бага сагаар цэвэрлэсээр байсан юм. Гэхдээ тэд хэзээ нэгэн цаг байдал илүү нээлттэй болно гэдэгт итгэсээр байсан. Гэтэл энэ найдвар нь байхгүй болсон тул энэхүү хуримтлагдсан код дээр суурилан LibreOffice гэсэн OpenOffice.org програмын салбар програмыг 2010 оны 9-р сард албан ёсоор гаргаж ирсэн юм.

LibreOffice гарсан даруйдаа л олны анхаарлын төвд орсон. Тэд хөгжүүлэгчид, хэрэглэгчдийг илүү сонсч хамтдаа ирээдүйг нь тодорхойлохыг уриалсан. Тэд ямар нэг гэрээ хийж зохиогчийн эрх шилжүүлэхийг шаардаагүй. Зүгээр л жинхэнэ утгаараа нээлттэй програм хангамж болгосон. Энэ нь хэдэн зуун хөгжүүлэгчдийг татаж оролцуулахад тус дөхөм болсон. Debian, Ubuntu, Fedora, OpenSUSE зэрэг бүх томоохон линукс тархацууд OpenOffice.org биш LibreOffice-ыг түгээх болсон (өмнө нь go-oo.org түгээдэг байсан). Хамгийн гол нь OpenOffice.org 3.3 дээр суурилсан боловч илүү тогтвортой, илүү олон боломжтой тийм програмыг гаргах боломжийг олгосон.

Цаашид тэд кодыг цэвэрлэнэ (Sun-ы Герман дахь салбар голлон хөгжүүлсэн учир тайлбарууд дийлэнх нь герман хэл дээр, бас ашиглагддаггүй код ихтэй гэсэн), шинэ олон сайхан боломжуудыг нэмэхээс гадна жинхэнэ ёсоор нээлттэй програм хангамжийг хамтдаа хөгжүүлнэ гэдгээ амлаж байна лээ. Би ч үүнд нь итгэж байна.

3 comments:

baterdene said...

Сайхан тайлбарлажээ. Баярлалаа.

"Эрхэм дизайн" ХХК said...

òàéëáàðëàæ ºãñºíä áàÿðëàëàà...

che said...

ih saihan hunguhun ed gesen dee. hereglej uznee tegj bgaad.