2011-01-28

Хүүхдүүд ба цахим ертөнц

Сүүлийн үеийн хүүхдүүд ямар адтай, шинийг хурдан сурч байгааг хүн бүр л гайхан ярьдаг. Аав ээж нь, эмээ өвөө нь ямар нэг техниктэй ажиллах учрыг олоогүй байхад бяцхан дүү нар минь аль хэдийн ашиглаад явж байдаг. Анх OLPC жижиг тооцоолуур авчихаад яаж онгойдог юм бол гэж хэсэг оролдож байсан, гэтэл дүү маань шууд л онгойлгосон. Хамаатны маань 4 настай хүүхэд одоо гар утас авахаараа тоглоомуудыг нь олоод, яаж тоглох учрыг нь хэнээр ч заалгахгүй тоглохыг нь яана. Яаж ингэдэг талаар надад үнэхээр ойлголт алга. Харин энэ талаар хийсэн судалгааны сонирхолтой үр дүнг хараад маш ихээр гайхав.


Энэ судалгаанд АНУ, Австрали, Итали, Англи, Франц, Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын 2-5 насны хүүхэдтэй 2200 эхчүүдийг оролцуулсан байна. Судалгаагаар тэдний хүүхдүүдийн цахим технологитой харьцах чадвар болон уламжлалт амьдралын чадварын түвшинг гаргахыг зорьсон байна. Гэтэл судалгааны дүн нь их сонирхолтой гарсан бөгөөд миний болон аав ээжийн маань байснаас тэс өөр байж. Жишээ нь, хүүхдүүдийн 58% нь компьютер дээр тоглоом тоглож чаддаг, 20% нь усанд сэлж саддаг. 52% дугуй унаж чаддаг гэнэ. Бүр сонирхолтой нь хүүхдүүдийн 69% нь компьютерийн хулгана ашиглаж чаддаг хэрнээ зөвхөн 11% нь л гутлаа үдэж чаддаг байх юм.

Судалгааны дүнг хараад ихэнх хүн гайхахгүй болов уу. Учир нь хүүхдүүд балчир наснаасаа гар утас, зурагт зэрэг цахилгаан хэрэгсэл, технологиудтай харилцаж эхэлж байна. Харин одооноос хэрхэн зөв ашиглах талаар анхаарах хэрэгтэй болов уу.

No comments: