2011-08-08

Гол харлатал торгоё

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд эсвэл жолооны ард анхаарал болгоомжгүй байснаас болж осол гарган хэдэн цагаар хөдөлгөөнд саад учруулсан хүнийг 10000 төгрөгөөр торгох (хохирогчийн нөхөн төлбөр тусдаа) нь хэр оновчтой вэ? Зам ачаалалтай үед урсгал сөрж давхин бөглөөг, ачааллыг хэд дахин нэмж олон зуун хүний цаг, шатахууныг үрж буй жолоочид дийлэнх тохиолдолд ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй эсвэл 5000 төгрөгөөр торгуулах нь хэр шударга вэ? Гэтэл өнөөдөр хаа хамаагүй машинаа тавих, эргэхгүй газраар эргэх, улаан гэрлээр явах гэх мэт хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүд хэвийн мэт үзэгдэх болжээ. Энэ явдал бүр гаарч замын хөдөлгөөний "хэт эрч чөлөө" болоход тун ойртож байна.


Эрүүл мэндийн хуулиар хариуцлагыг өндөр болгож алдаа гаргасан эмчийн шийтгэлийг нэмэгдүүлсний төлөө эмч нар бөөн эсэргүүцэв. Уг нь тэднийг анхаарал болгоомжтой, хариуцлагатай, үнэнч шударга ажиллаад өгөөч ээ, үгүй бол ингэж шүү л гэж байгаа шүү дээ. Зурагт үзэж суусан надад "бид заавал алдаа гаргана" эсвэл "санаатай алдаа гаргадаг" гээд байгаа юм шиг санагдаж билээ. Эмч нарт итгэхэд бэрх болжээ.

2009 онд АНУ-д хуралд сууж байхдаа өдөр бүр Сан Францискогоос Сан Хосе хүртэл галт тэргээр зорчдог байв. Тасалбар нь 8 доллар, гэхдээ тасалбар аваагүй бол торгууль нь 200-500 доллар. Зорчих бүрт хүн орж ирж шалгана. Баригдах магадлал ч торгууль ч маш өндөр тул маш багахан төлбөрөө төлөөд ном журмынх нь дагуу явсан нь дээр. Мөнгө байхгүй бол алхах нь дээр. Өндөр хөгжилтэй эсвэл хөгжиж буй орнуудын энэ мэт чанга хатуу жишээнүүдийг хэн бүхэн мэднэ.


Торгууль бол хууль, дүрэм мөрдүүлэх нэг төрлийн хариуцлагын тогтолцоо, санхүүгийн хөшүүрэг юм. Хуулиа, дүрмээ зөрчихгүй мөрдөөд байвал хэн ч торгуулахгүй. Хэрэв зөрчвөл танд санхүүгийн хувьд тодорхой гарз гарах учиртай. Торгууль нь хүний амьдралыг хүнд байдалд оруулах хэмжээнд байж болохгүй ч "гол харлатал" хэмжээнд байх ёстой юм болов уу. Ослын буруутан 100,000, урсгал сөрөөд 50,000 төгрөгөөр торгуулдаг бол тэд маш анхаарал сэрэмжтэй бас урсгалаараа явах болов уу. Энэ мэтээр торгуулиудыг ахиухан шиг нэмээд өгөөсэй билээ.

Нөгөө талаас торгууль өндөр байлаа гээд тэрийг бүрэн хураахгүй бол бас өөр асуудал үүснэ. Өглөө бүр 8-9 цагийн хооронд хот орох гэсэн машинууд 7 буудлаас 32 тойрог хүртэл зам дээр 4-5 эгнээ үүсгэнэ. Орой бүр 4-р дэлгүүрээс 7 буудал хүрэх зам яг ижил. Тэр бүгдээс 5000 төгрөг бүрэн хураавал ч ёстой бурзайна даа. Нэг сарынхаа нормыг нэг өдөрт хийх боломж тэнд л байна (хэд хоногийн дараа буурна л даа). Сайд дарга нар маань авлига, тендер, толгой, хууль, сонгууль гэх мэт том асуудлууд яриад өдөр тутмын жижиг, энгийн боловч заавал байх ёстой зүйлсийг орхигдуулсаар над мэтийн дүрмээрээ явахыг хүсдэг хүмүүсийн итгэл нэг л өдөр алдарч бүгд дүрэмгүй "хэт эрх чөлөө" болох өдөр тун ойртжээ. Өөрөөр хэлбэл бид дээрээсээ бас доороосоо маш хурдан ялзарч байна. Бүгдээрээ нэг юм хийх үү дээ.

8 comments:

Unknown said...

Замын Цагдаагийн Газар, бас Цагдаагийн Ерөнхий Газар бичиг хүргүүлмээр санагдах юм. Амьдрах орчиноо аврахын төлөө тэмцэхгүй бол нэг л болохгүй болжээ. Хэвлэлийн бага хурал хийлгэсэн ч яахав дээ.

Г.Амарсанаа said...

Тэрнээс гадна өөр олон асуудал дээр тогрууль нь бага байдаг. Зарим байгууллагад торгуулиа төлчихье, торго торго гээд хээв нэг тоосон шинжгүй байдаг. Тэр торгууль нь тухайн байгууллагын хувьд инээдэмтэй бага мөнгө байдаг.

Unknown said...

их мөнгөөр торгоод эхлэнгүүт цагдаа нар нь арай багаханаар торгоод халааслаад эхлэнэ дээ. Ер нь тэмцвэл милээн улс суурьтай л тэмцэх хэрэгтэй байх. Шууд иргэд рүү далайлгаж байснаас шүүх цагдаагийнхныг хууль дүрмээ яс барьдаг болгочихвол иргэд дагаад цэгцрээд ирэх байлгүйдээ.

Unknown said...

цагдаа ядаж л талыг нь авч байж сална. цаад хүндээ бас л хүнд тусна даа. согтуу жолоо баривал эрх хасдаг болсон, хахууль нь 200 мянга хүрсэн шиг байна лээ. гэхдээ л согтуу жолооч эрс багассан.

Haker7 said...

Торгуулиа өндөр болгох нь зөв зөв. Тэгээд харин өндөр тогуультай байхад багаар торгоод хувьдаа завшсан цагдааг бас хатуу шийтгэдэг байх хэрэгтэй.

Pagma said...

Торгууль бага байвал мэдээж энэ хачин байдал арилахгүй. Тиймээс хууль дүрмэнд нь өөрчлөлт оруулах талаар санаачлах хэрэгтэй. Торгууль , шийтгэлийг эрс нэмэх талаар. Торгуулийг замын цагдаа хурааж авдаг гажиг байдлыг өөрчлөх шаардлагатай. Хөгжилтэй оронд бол торгуулийн хуудас бичээд л жолоочид өгчихдөг биз дээ? Жолооч торгуулиа тусгай дансанд тушаана. Заасан хугацаанд тушаагаагүй бол бүртгэгдсэн хаягаар нь очиж машиныг нь журамладаг байхаар хийх хэрэгтэй. Барууных шиг гэрийн шуудан манайд нэвтрээгүй учраас бас харьцахад хүндрэлтэй юм бий.
Ер нь замы хөдөлгөөний дүрэм болон холбогдох хуулийн тодорхой заалтуудыг өөрчлүүлсэнээр ахиц гарах эхлэл тавигдах байхаа гэж бодож байна. (Торгуулийн хуудас бичдэг болчихвол цагдаа ямар мөнгөө хармаалах вэ дээ.)

Batka said...

Энэ асуудлаас болж өдөр болгон хамаг нервее барах юм даа. Зүгээр зогсоол дээр тавиад машинаа хаа сайгүй шүргүүлчихнэ. Улаан гэрлээ зогосдлоо гэж цөс ихтэй монгол залуусдаа П..... аараа дуудуулна. Замын бөглөрлөө арилгах гээд нэг эрхэм нь сингапураас мэргэжилтэн авчирсан юм байх. Гэтэл нөгөө нөхөр нь монголд байх хугацаандаа 7 хоног хотын гудамжаар явж үзээд танайх дандаа зохиомол бөглөрөл байна. Машин байрьж яваа энэ хүмүүсээ л ухамсартай, соёолтой болго гэж хэлчихээд явсан гэдэг.

Ган-Очир said...

Харин тийм хажуугаар урсгал сөрөөд дайраад байдаг хүмүүсд хатуу арга хэмжээ авч байвал таарна. Бүр 2-ын хооронд бензин колонкоор дамжаад урдуур чихээд тэнэгтээд байдгийн. Мянга хажуугаар дайраад bottle neck (шилний хүзүү) үүсгээд байвал улам л удааширч өөрийн 10 секундын төлөө бусдын цагийг хумсалж хулгайлах хэрэг юу байнаа. Ухамсар ухаанд нь хэлээд байхгүй малнуудад маханд нь хэлээд өгнө гэж хүүхдээ сургадаг шиг сайн торгоод бүр хэдэн өдрөөр, сараар эрхийг нь хасч байвал таарна.