2006-07-28

Цох агнасан нь ...

Evolution гээд цахим шуудан, цаг төлөвлөлт, тэмдэглэл хөтлөх зориулалттай нээлттэй эхийн бас Outlook-г орлох бүтээгдэхүүн дээр цаг төлөвлөлт хийхэд нэг цагийн зөрүү гарч байхыг 4-р сард анзаарсан юм. Юунд ямар учир байгааг хайсан боловч арга мухардаж хаясан. Харин Испанид явж байхдаа Evolution дээр ажилладаг програмчинтай таарч энэ тухай хэлтэл хэдхэн хоногийн өмнө засагдсан, шинэ 2.8 хувилбарт ямар ч асуудалгүй ажиллана гэж хэлсэн нь тодхон санагдана. Нээлттэй эхийн төслүүд програм хангамжийнхаа хөгжиж буй, түүхий хувилбаруудаа сондгой, харин тогтвортой болмогч тэгш тоогоор дугаарладаг. Өөрөөр хэлбэл Evolution 2.7 гэдэг нь түүхий, харин боловсорч гүйцмэгц 2.8 болно гэсэн үг.

Асуудал хэд хоногийн өмнө эхэллээ. Угийн түүхий боловч шинэ хувилбар хэрэглэх дуртай би GNOME 2.15-г Evolution 2.7-н хамт суулгалаа. Гэтэл хуучин алдаа маань хэвээрээ. Нээлттэй эхийн төслүүдэд хүссэн хүн бүхэн оролцох боломжийг эдэлж энэхүү алдааг хөгжүүлэгчдэд мэдээллээ. Хариуд нь бүхий л төрлийн цаг өөрчлөгдөх алдаа засагдсан, цагийн бүс сонгосны дараа доор нь жижиг сонголт гарна, тэрийг сонгоорой гэсэн байлаа. Тэрхүү сонголтыг нь сонгохоор яаравчлан програмаа ачаалахад сонголт маань идэвхигүй, сонгох боломжгүй байсанд ихэд гайхлаа.

Багахан судалгаа хийсний дараа зарим нэг цагийн бүсүүд дээр ажлаад харин Монгол Улсын маань Улаанбаатар бүсд лав ажиллахгүй байгаа нь тодорхой болов. Асуудал юунд байна? Уг програм нь хаа нэг файлд бүх цагийн бүсийн талаар мэдээлэл хадгалдаг, тэрэнд нь цаг шилжих үгүй мэдээлэл байдаг байж таарна. Харин яг аль файлд? Баахан файлууд ухсан боловч олсонгүй, ямар нэг гогцоо ч олж чадсангүй. Эцсийн арга нь чатаар орж хэн нэгнээс тусламж хүсэх байсан бөгөөд энэхүү арга хэрэглэгсний дараа .ics гэсэн өргөтгөл бүхий файл дотор байдаг болох нь тодорхой болов.

Ulaanbaatar.ics гэсэн файлыг хайж олоод доторхийг нь үзвэл ер нь дажгүй ойлгомжтой, харин нэг асуудал гарсан нь цаг яг хэзээ солигддогийг би мэдэхгүй байсан юм. Танидаг ганц нэг хүнээс асуухад бас л яг таг мэдэхгүй байсанд хамгийн сайн анд болох GOOGLE-д хандлаа. Хуучнаараа надад тус болж http://www.timeanddate.com/worldclock/city.html?n=720 хаягийг хэлэх нь тэр. Орж үзвэл надад хэрэгтэй бүх л мэдээлэл байна. Гоё. Улаанбаатарыг форматынх нь дагуу цаг өөрчлөгддөг болгож засаад туршид үзэхэд сонголт гарч ирж байна. Бүр гоё. Үүний дараа Монгол Улс гурван цагийн бүсийг эзлэх уудам нутагтай тул Ховд, Чойбалсан гэсэн бусад бүсийг шалгатал мөн адил өөрчлөгдөхгүй байв, засав. Хамгийн сүүлийн алхам юу вэ? Эдгээр засваруудаа төслийн цох мэдэгдэх системээр дамжуулан төсөлд хүргээд, бусад хүмүүст хүртээлэх.

Энэ анхных биш, өмнө нь хэд хэдэн ийм засвар хийж байсан, харин засч чадахгүй бол цохыг зүгээр л мэдээлэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн нээлттэй эхийн програм хангамжийн төслүүдэд л та ингэж шууд оролцох боломжтой. Та бусдаас түрүүлж цохыг мэдээлэх, бүр засварлах нь тухайн програм хангамжийн хөгжлийг дэмжихээс гадна өөрийн болон бусдын амьдралыг илүү амар, гоё болгож байгаа юм. Ингэж л олон хүний оролцоотой нээлттэй эхийн програм хангамж өсдөг, хөгждөг.

Цох гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байх шиг. Эрт дээр үед компьютерүүд асар том байхад програмуудаа тусгай карт дээр зоон бичдэг байсан. Тэгээд ямар ч алдаагүй бичсэн програм нь ажиллахгүй эсвэл буруу ажиллаад байхаар нь картаа шалгахад карты нүхнүүдэд нь цох эсвэл ялаа орж үхсэн байх нь элбэг байж. Үүнээс үүдээд програмын алдааг bug буюу цох гэж нэрлэх болсон байна. Бас bug hunting гэдэг үг хэллэг байдгийг нь цох агнах гэж орчуулж болно байх. Тийм үү?

ЦОХГҮЙ ПРОГРАМ ҮГҮЙ

1 comment:

Unknown said...

Сүүлд миний нөхөөсийг авч цааш нэмсэн байна лээ. Ямар ч байсан надад тулгардаг байсан асуудлууд байхгүй болсон байна лээ шүү.