2008-02-28

Microsoft + Yahoo = аюул занал

Хэсэг шуугисан Microsoft болон Yahoo-гийн асуудал намжиж байх шиг байна. Хамгийн эцсийн байдлаар Microsoft-ын санал болгосон үнийг хүлээж авах боломжгүй, харин үнийг өсгөвөл ахин энэ асуудлаар ярилцаж болох талаар Yahoo-ийн удирдах зөвлөл шийдвэр гаргасан. Yahoo-ийн хувьцаа бүрд санал болгосон үнэ үнэхээр боломжийн, гэсэн хэдий ч Yahoo-ийн ирээдүй маш гэрэлтэй басхүү одоогийн байгаа үнэнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй харагдаж байгаа юм. Өнөөдөр Yahoo нь хайлт, интернэт сурталчилгаагаараа Google-г гүйцэхгүй боловч бусад интернэтийн хэрэглээгээрээ түүнийг ардаа орхидог билээ. Хамгийн наад зах нь Yahoo! Mail, Yahoo! Messenger гээд байна. Энэ хоёрыг хэрэглэдэггүй компьютер хэрэглэгч Монголоос хайгаад лав олдохгүй байх шүү. Хэрэв энэ худалдаа амжилттай болсон бол маш том аюул занал ирэх байсан, эдгээр нь юу вэ?

Microsoft корпораци нь бараг хамгийн анх програм хангамжийг ширхэг бүрээр нь үнэлж, худалдах ажлыг эхлүүлсэн. Үүний дүнд тэд маш том хөрөнгө босгохын хэрээр олон зүйлс, шинэ технологиудад хөрөнгө оруулсаар байгаа. Мэдээж тэд өөрийн гэсэн технологитой болмогцоо тэднийгээ олон нийтэд шахах, хүчээр хэрэглүүлэх, басхүү тэр технологидоо түгжих ажиллагаануудыг цаг үргэлж хийсээр ирсэн. Төдийлөн амжилттай бус байсан Microsoft компанид Windows програм нь амжилт авчирч, олон нийтэд хэрэглэгдэж зах зээлийн нэлээдгүй хувийг эзлэх болсон. Тухайн үед вэб гэж дөнгөж төрж байсан ба Netscape л ашиглаж вэб үздэг байсан юм. Харин Microsoft өөрийн монополь байдлыг ашиглан Internet Explorer-г олон нийтэд шахаж чадсан бөгөөд асар богино хугацаанд Netscape-г тоглоомын талбараас шахаж чадсан билээ. Дараа нь Media player болон хаалттай форматууд, дараа нь Office болон бусад хаалттай форматууд гэсээр нэг л мэдэхэд Microsoft-ын програм хангамжууд нийт компьютер хэрэглэгчдийн 90 гаруй хувьд хүрч чаджээ. Хөгжлийн энэ явцдаа жам ёсоор хөгжиж байсан олон технологиудын гольдролыг алдагдуулж, зөвхөн өөрийн өмчит технологиор орлуулахыг оролдсоор ирсэн. Үүний тод жишээ бол бид бүхний мэдэх HTML юм. Microsoft нь зах зээлийн ихэнх хувийг эзэлж байсан Internet Explorer-оо ашиглан HTML болон бусад вэбийн стандартуудыг гажуудуулж байсан бөгөөд зөвхөн IE дээр ажилладаг, зөвхөн Microsoft-ынхон ашиглах боломжтой боломжуудыг нэмж байсан бөгөөд үүний дүнд вэбийг хийхдээ IE болон бусадад зориулан хоёр ба түүнээс дээш хувилбараар хийдэг уламжлал одоо ч байсаар л байна. Мөн хэрэв та Microsoft-ийн технологи, програм хангамжийн ашиглаж эхэлсэн л бол үхэн үхтлээ ашиглана гэсэн дүрмээр тоглоно. Microsoft нь аливаа зүйлд давамгайлж эхэлмэгцээ шударга бус, гажуудуулах алхамууд хийж эхэлдэг. Гэвч энэ бүгд бидэнд сургамж болсон бөгөөд илүү нээлттэй стандарт, нээлттэй агуулга, нээлттэй програм хангамж руу тэмүүлэх сэтгэлийг илүү төрүүлсээр байна. Үүний дүнд ихэнх засгийн газрууд зөвхөн баримтын нээлттэй стандартаар төрийн хэргийг хөтлөн явуулах шийдвэрүүдийг гаргаж, зарим нэг газар хэрэгжээд эхэлжээ.

Microsoft яах гэж Yahoo-г худалдан авах вэ? Microsoft интернэтийн зах зээлд багагүй хувь эзэлдэг, үүнийгээ Yahoo-тай нэгтгэхээр Google-тэй өрсөлдөх хэмжээнд очих ёстой юм. Одоогийн байдлаар Google нь хайлт болон интернэт сурталчилгааны зах зээлд 50%-с дээш хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид зах зээл болон түүний эзлэх хувь ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тэгэхээр өсөн нэмэгдэж буй зах зээлд өөрийн хүчээр эзлэх хувиа дорвитой нэмэгдүүлж чадахгүй учир Yahoo худалдан авах санал гаргасан нь тэр. Гэвч энэ бол том зүйлсийн зөвхөн эхлэл төдий. Тэд өөрийн үйлдлийн систем болон браузертэй хийсэн шигээ зүйлийг интернэттэй хийх гээгүй биз? Мэдээллийн технологи, интернэт нь цаашид илүү хурдтай хөгжинө, өнөөдөр байгаа стандарт, технологиудыг сайжруулах бүр шинийг үүсгэх шаардлага нэмэгдэнэ. Тэд СПАМ-тай тэмцэх, вэбийг илүү хөгжөөнт болгох, нууцлал хамгаалалт, дуу дүрс гээд маш олон технологиудыг боловсруулж, хөгжүүлж байгаа. Харин дэлхий нийтээрээ стандартад нийцсэн эсвэл нээлттэй стандарт бүхий технологиудыг түлхүү хэрэглэх болсон, мөн Microsoft нь интернэтэд өөрийн ноёрхолоо тогтоож чадаагүйн улмаас тэнд тэнд шударга өрсөлдөөн байж, тэдний технологийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байгаа юм. Вэбийг илүү хөгжилтэй, илүү амьд болгохыг тулд тэд Silverlight технологиийг хөгжүүлсэн боловч төдийлөн хүчээ авч чадахгүй байна. Харин Yahoo-г авснаар тэд илүү өргөн зах зээлийг хамарч Silverlight, Sender ID болон бусад интернэтийн хаалттай технологиудыг түгээх боломжийг нээх учиртай. Өнөөдөр бид өөрийн компьютер болон албан хэрэглээндээ Microsoft-с хараат байсан бол цаашид интернэт болон интернэтийн хэрэглээ маань тэднээс хараат болох аюул дөхөж ирээд байна. Гэвч Yahoo-ийн удирдах зөвлөл энэхүү саналыг хүлээж авсангүй. Асуудал нээлттэй хэвээр.

Google-ийн талаар хэдэн үг. Зарим хүмүүс гайхаж байж магад, яагаад Google нь ийм их зах зээлийг эзэлж байж хэл аманд өртөж, цаашлаад ийм их айдас дагуулахгүй байна вэ гэж. Нэг талаас Google нь хүмүүсийн айдас эсвэл харыг хөдөлгөхөөр урт удаан түүхгүй нь нөлөөлж байж болох. Нөгөө талаар Google-ийн хөгжүүлж буй технологиуд нь өнөөдөр амьдралд туршигдсан, хэн бүхний хүлээн зөвшөөрсөн стандартад нийцсэн, нээлттэй стандарт бүхий байдаг нь гол юм. Тэд стандартыг үнэлдэг, хүндэлдэг тийм ч учраас тэд HTML эсвэл XHTML, CSS, Java Script стандартуудын горимын дагуу вэбүүдийг урлаж, стандартын дагуу ажилладаг Firefox браузерийг ашиглахыг зөвлөдөг. Эцэст нь хаалттай технологи, хаалттай стандартыг нь мэдээллийн технологийн хөгжлийн чөдөр тушаа болдог мөн тэднийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь ямар аюул, хохирол дагуулдаг болохыг мэдээллийн технологи өндөр хөгжсөн улсуудын туршлага бэлхнээ харуулж байна. Тэд нэгэнт учирсан аюул, хохиролыг арилгах гэж тэмцэж буй боловч төдийлөн амжилт олохгүй байна. Энэ нь тэдэнд сургамж болсон.

No comments: