2008-02-02

Trolltech-г Nokia худалдаж авна

Бид бүхний сайн мэдэх гар утас болон харилцаа холбооны төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч болох Nokia компани нээлттэй эхийн Qt багажийн зохиогчийн эрхийн эзэмшигч, KDE төслийн ерөнхий ивээн тэтгэгч Trolltech компанийг худалдаж авах болсон талаараа өнгөрөгч даваа гарагт олон нийтэд зарлалаа. Ингэхдээ Trolltech-ийн хувьцаа нэг бүрийг 16$-р авах санал тавьсан байна. Nokia-ийн мэдэгдсэнээр 35.02 сая хувьцаа буюу Trolltech-ийн гаргасан нийт хувьцааны 66.43%-г эзэмшигчид энэхүү саналыг хүлээн авсан байна.

Trolltech компани нь KDE дэлгэцийн орчны суурь болсон Qt график багажийг хөгжүүлдэг бөгөөд Qt-ийн жижиг төхөөрөмжинд зориулсан хувилбарыг гар утас үйлдвэрлэгчдэд лицензээр ашиглуулдаг. Өнгөрсөн онд эрс шинэчлэгдсэн Qt 4-р хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь одоо жинхэнэ шуугиан тариад буй KDE 4-р хувилбарын суурь болсон юм. Мөн саяхан Qt 4-д GPL 3 лицензийг ашиглах болсноо зарласан. Миний бие хэдийгээр Qt болон KDE-г төдийлөн сонирходоггүй боловч эдгээр шинэ хувилбарууд нь маш олон шинэ зүйлсийг хэрэглэгчдэд хүргэж, хамгийн гол нь үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчлөх болсон юм билээ. Бас бусад програмчлалын сангаас хамаарах хамаарлыг маш бага болгосон гэсэн. Энэхүү наймааг хийснээр Nokia нь өөрийн бүтээгдэхүүний шугамыг өргөсгөх, програм хангамжийг сайжруулна хэмээн найдаж байна.

Nokia нь өнөөдөр GNOME-той наягт хамтран ажилладаг бөгөөд өөрийн N770, N800 болон N810 бүтээгдэхүүнүүддээ линукс болон GNOME-ийн жижигсэгсэн хувилбарыг ашигладаг юм. Мөн Nokia нь нээлттэй эхийн хөгжлийн зарчмыг ойлгодог, хүндэлдэг басхүү хамтран ажиллаж чаддаг учир хүмүүс энэхүү худалдаанд төдийлөн санаа зовохгүй байх шиг байна. Харин энэхүү худалдааны дараа GNOME-той харилцах харьцаа хэрхэн өөрчлөгдөх бол гэдэг миний сонирхлыг их татаж байна. Цаг хугацаа харуулна биз дээ.

No comments: