2008-02-02

XO laptop Монголд

Сүүлийн үед "хүүхдийн компьютер" гэдэг зүйлийн талаар сонсоогүй хүн бараг байхгүй болсон байх гэж бодож байна. Буурай улс орнуудын тоон хуваагдал буюу мэдээллийн технологийн хоцрогдлыг багасгах зорилгоор 100$-ын үнээр зөвхөн засгийн газруудад зарагдах One Laptop Per Child буюу "хүүхэд бүрт компьютер" төсөл эхэлж байсан. Төсөл нь дардам замаар явсангүй, хөгжлийн явцдаа маш олон асуудлуудыг шийдвэрлэж, жинхэнэ хүүхдийн боловсролд зориулсан тоглоом мэт хөөрхөн жижигхэн компьютерийг бүтээж чадсан. Хамгийн их маргаан, хэрүүл дагуулсан асуудал нь XO Laptop-д ашиглаж буй Marvell-н утасгүй сүлжээний хаалттай драйвэр байсан юм. Уг нь хамаг л зүйлд нь нээлттэй эхийн програм хангамж ашиглаж, нээлттэй эхийн хөгжлийн зарчмаар төсөл маань явж байсан, гэтэл тухайн үедээ хамгийн бага эрчим хүч зарцуулдаг, Mesh сүлжээ үүсгэх боломжтой хамгийн боломжийн сонголт нь Marvell байсан юм. Тэд драйверийг нь нээлттэй болгох талаар хүчин чармайлт гаргасан ч талаар болсон бололтой, одоог хүртэл ашиглагдаад явж байна. Энэ нь хөгжүүлэгчдийн уур бухимдлыг ихээр хүргэсээр байна.

Оны өмнөхөн ерөнхийлөгч маань АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ энэхүү "хүүхдийн компьютер"-аас овоо хэдийг тусламжаар, бас нижгээдийг боломжийн үнээр авах боломжийг нээсэн. Үүний эхний цуваа болох овоо хэдэн ширхэг "хүүхдийн компьютер" ирж туршилтын журмаар хоёр ч дунд сургуульд тараагдан туршилт эхлээд байна. Бас нэг төрлийн шоу болчихоод байх шиг. Ямартай ч хүүхдүүд, эцэг эхчүүд их таатай хүлээн авч, шохоорж байна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд ашиглаад, шинэ зүйлс сурч байгаа талаар зурагтаар хэд хэдэн удаа гаргалаа. Одоогоор англи хэл дээр байгаа, удахгүй түүнийг нь монгол хэл рүү хөрвүүлэх кампанит ажил хүчтэй өрнөх бололтой.

Миний бие МХХТГ-с нэг ширхэгийг турших зорилгоор олж авсан байгаа. Аваад гарч явахад хүмүүс харчихаад "нөгөө хүүхдийн компьютер байна" гэж ярилцахыг сонссон гэж. 13 настай дүү маань ашиглаж үзээд их таалагдсан бололтой байсан. Бас ажлын залуучууд маань их сонирхож байна лээ. Хүүхэд өөрөө зураг зураад, хөгжим зохиогоод, зугаацахын зэрэгцээ шинэ юм сурах боломжтой юм билээ. Надад тохиолдсон ганц асуудал нь утасгүй сүлжээнд холбох байсныг нь өчигдөр шийдчих шиг болсон. Манай өрөөний утасгүй сүлжээнд холбогдох гэхээр бүх сүлжээ ажилгүй болоод байсан юм. Харин саяхан авсан N810 маань мөн адил холбогдохгүй байсан болохоор өнөөдөрхөн оролдож байгааг алдааг зассан нь XO Laptop-ыг интернэтэд холбох боломжтой болгосон юм. Баянаа маань бас энэ сэдвээр бичсэн байна лээ. За цаашид энэ талаар хэд хэдэн бичлэг бичих болно. Stay tuned :)

No comments: