2009-04-05

Технологийг хүртээмжтэй болгох нь буюу эх хэлээрээ ашиглах боломж

Өмнө нутагшуулалт гэж юу болох, яагаад бидэнд хэрэгтэй юм бэ гэдэг талаар бичиж өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Магад энэ нь миний блогчин болсноос хойш хамгийн олон сэтгэгдэл авсан бичлэг болох шиг болсон. Мөн захидалаар, утсаар мөн уулзаад ч гэсэн хүмүүс өөрийн сэтгэгдлийг хуваалцсан. Зарим нь эрс эсэргүйцэж, зарим нь өмнө гарч байсан алдаа дутагдлыг тодруулах гэж, буруу хийвэл ийм аюултай гэдгийг сануулахаар хэлж байсан. Гэвч дийлэнх олонх нь дэмжиж, үүнийг хийх нь чухал гэсэн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байсан. Эдгээр сэтгэгдлүүд, хүмүүсийн зөвлөмжүүдээс бид өмнө нь юун дээр алдсан, бас ирээдүйд яаж алдаж болох, яаж ажиллавал зүгээр юм бэ гэдэг талаар үнэтэй санал шүүмжийг хүлээж авсан нь асуудлыг арай өөрөөр харах боломжийг олгосон. Хамгийн гол нь нутагшуулах зайлшгүй хэрэгцээ байна гэдэг нь илүү тод харагдаж эхэлсэн. Санал сэтгэгдлээ хуваалцсан Та бүхэндээ баярлалаа. Мөн доор бичсэн зүйлсэд дутуу бодсон эсвэл илэрхийлсэн зүйлс байгааг үгүйсгэхгүй ба уншигч авхай Таныг санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаасай гэж хүсч байна. Баярлалаа.

Эсэргүйцлийн хариуд
Бүх үгийг орчуулах нь буруу, зарим нэг үгийг шууд галиглаад ашиглах нь зөв гэсэн олон санал гарч байсан. Өөрөөр хэлбэл хамгийн бэрхшээл дагуулж буй зүйл нь нөгөө л нэг үг сонголт. Технологийн давуу талыг мэдрээд, ашиглаад байгаа бид хэд нь англи хэлэнд нь дасчихаад асуудалгүй, бараг ингээд хэвээрээ байвал зүгээр гэж үзнэ. Монгол болчихвол нөгөө дассан зүйл байхгүй болоод хэцүү болно гэж бодно. Гэтэл бид чинь нийт хүн амын хэдэн хувь билээ? Тэгээд нөгөө хэд маань нутагшуулалт хийхээрээ эх хэлний нарийн мэдлэг дутмаг байдгаас үг сонголт, үгзүй болоод өгүүлбэрзүйн их алдаатай хийж ирсэн нь өнөөдрийн энэ их эсэргүйцлийг дагуулах үндэс болсон мэт. Бид англи үгийн утгыг мэддэг хэрнээ яг тэр утгыг нь илэрхийлж чадах монгол үгээ мэдэхгүй болохоор нэг бол галиглана, нэг бол тийм ч тохиромжгүй магад маш ерөнхий утгатай үг авч хэрэглэнэ. Цэвэлийн товч тайлбар толийг аваад эхний 10 хуудаснаас мэддэг үг эсвэл үгийн утга утга хэд байгааг тоолоод үзээрэй, үнэхээр ичмээр. Гэхдээ бүх зүйл тийм муу байгаагүй, ихэнх зүйлс зөв хийгдсэн бөгөөд нутагшуулалт хийх нь зөв, бас иймэрхүү жижиг алдаанууд нь биднийг хэлний мэргэжилтнүүдтэй заавал хамтран ажиллах ёстой юм байна гэдгийг харуулж өгснөөрөө ач тустай юм. Хэлний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахын ард 5 анхаарлын тэмдэг тавих хэрэгтэй юм байна. Бас зарим нэг бүр мэргэжлийн зүйлсийг орчуулах гэж оролдох нь тийм ч оновчтой зүйл биш байж магад шиг байна эсвэл цаг нь болоогүй байж болох.

Нутагшуулалт хийснээс англи хэл сурах нь ирээдүйд илүү урт хугацааны үр дүн авчирна гэсэн санал байсан. Нэг талаар энэ үнэн. Бид энэ жижиг хавтгайгаасаа гарч дэлхийн зиндаанд гарч хүч үзэх, өрсөлдөх хэрэгтэй байна. Үүнд зөвхөн дэлхийн буюу англи хэлний өндөр чанартай мэдлэг туслана. Гэхдээ хүн бүр математикч байх албагүйтэй адил хүн бүр дэлхийд өрсөлдөх албагүй эсвэл үүнд хувьд нэмрээ оруулахын тулд заавал англи хэл мэддэг алба байхгүй гэж бодож байна. Жишээ нь, байгууллагын нярав нь эх хэл дээрээ санхүүгийн ажлаа сайн хөтлөөд, асуудалгүй аваад явах нь байгууллагын хувьд ямар чухал бол? Ийм жишээ маш олон бий. Бас гадаад, харийн зүйлс нь бидний оюун ухаан, амьдралд яв цаг таарч байгаагүй бөгөөд бид үргэлж л аливаа зүйлийг монголчилж ирсэн. Гэхдээ л бид англи хэлний сургалтыг сайжруулах тал дээр анхаарах ёстой, бүр бодлогоор бас үүгээр шалтаглан нутагшуулалтыг үгүйсгэж болохгүй байх.

Нутагшуулалт зайлшгүй шаардлагатай
Мэргэжил мэргэжлийн үүрэг бол түүнийхээ давуу тал, ашиг тусыг бусдад хүргэх юм гэж хувьдаа боддог. Гэхдээ юм бүр өөрийн үнэтэй учир заавал үнэгүй байх албагүй. Сууцанд амьдрахын тулд бидэнд барилгын талаар мэргэжлийн мэдлэг байтугай үг хэллэг мэдэх шаардлага байхгүй. Эмчид үзүүлэхийн тулд бид латин эсвэл орос хэл дээрх нэр томъёог мэдэх хэрэг байхгүй. Алт, мөнгө гэх мэт метал зүйлсийг ашиглахын тулд түүнийг хэрхэн олзворлодог, боловсруулах шат дамжлагын талаар нэг ч зүйл мэдэх хэрэгцээ бидэнд байхгүй. Гэхдээ л бид сууцанд сууж, эрүүл саруул амьдарч, халбага сэрээ, алт мөнгөн бөгж гээд есөн зүйлийн юм хэрэглэж болдог. Бидний мэргэжлийн үүрэг нь эдгээртэй л адил. Өөрөөр хэлбэл технологийн бусдад хүртээмжтэй болгох.

Хэрэв та эх хэл дээрээ вэбсайт ажиллуулж, эсвэл програм хангамж зохиодог бол мэргэжлийнхээ үүргийг биелүүлж байгаагын нэг хэлбэр. Гэвч бид бүгдийг өөрийн гараар бий болгох боломжгүй, дээрээс нь нээлттэй эхийн програм хангамжийн олгож буй боломж, давуу тал байхад түүнийг нь ашиглах л хэрэгтэй гэж бодох юм. Хаалттай, өмчийн буюу бидний өнөөдөр ашиглаж буй Windows зэрэг програмуудыг эх хэл дээрээ ашиглахын тулд бид заавал Microsoft-с зөвшөөрөл авч, магад төлбөр төлөх ёстой. Харин нээлттэй эхийн програм хангамж нь анхнаасаа аль ч хэл рүү нутагшуулахыг зөвшөөрсөн байдаг бөгөөд төлбөр төлөх шаардлагагүй. Тэгэхээр бид нутагшуулалт хийх замаар маш өргөн технологийн боломж, давуу талыг бусддаа хялбар хүргэх, мэргэжлийн үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа хэрэг. Гэхдээ өмнөх туршлагаас харахад дан ганц бидний мэргэжлийн давуу тал үүнд хангалттай биш юм бөгөөд хэлний мэргэжилтнүүдтэй заавал хамтран ажиллах шаардлагатай юм гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа. Тэгэхээр бас хэлний мэргэжилтнүүд, мөн энэ үйл хэрэгт оролцох хүсэлтэй хэн бүхэнд өөрийн хувь нэмрийг оруулах боломжийг олгож, зөв зохион байгуулж чадвал энэ тийм ч хэцүү зүйл биш санагдаад байгаа юм. Давхар бид хэл соёлоо хамгаалж, хадгалах буюу үндэсний онцлогоо авч үлдэх боломжтой болох юм.

Уриалах нь
Манай мэргэжлийнхэн үргэлж шахуу мэдээллийн технологийн хэрэглэгчид цөөн, зах зээл жижиг гэж гомдоллох боловч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, зах зээлээ томруулах тал дээр хамтдаа анхаарч байсан билүү? Бид хэрэглэгчдийнхээ чадвар, түвшинг голж тэд өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхийг нь хүлээхээс өөр зүйлийг хийсэн билүү? Үгүй ээ. Бүгдээрээ нэгдээд энэ нутагшуулалтын ажлыг хийгээд ядаж эхний ээлжинд энгийн зүйлсийг эх хэлээрээ ашиглах бүрэн боломжтой болгочих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл технологид хүрэхэд дамжих шаардлагатай хэл гэдэг маш өндөр шатыг үгүй хийчихье. Дараа нь хамтраад түүнийхээ сурталчилгааг хийгээд олон нийтэд таниулчихъя. Хэрэглэгч болоогүй нэгт нь хэрэглэгч болох хөшүүрэг болохоос гадна хэрэглэгч болох замыг маш хөнгөвчилнө. Өмнө нь хэлийг нь мэдэхгүй юм чинь гэж өөрийгөө зөвтгөж, хойш суудаг байсан бол яахаараа эх хэлээ ойлгож ашиглаж чадахгүй байдаг билээ гэсэн бодол хүмүүст төрөх болов уу. Хэрэглэгч боловч идэвхигүй нэгнийг нь илүү идэвхитэй, бүр олон технологийн хэрэглэгч болгох замыг нээж өгнө. Гэртээ тооцоолууртай боловч хөзөр тоглохоос өөрийг хийж чадахгүй хүмүүсийг бусад олон програм, интернэтийн идэвхитэй хэрэглэгч болоход хөшүүрэг болох болов уу. Үр дүнд нь бид өмнөхөөсөө хамаагүй олон хэрэглэгч, тэр дундаа идэвхитэй хэрэглэгчидтэй болж, зах зээл томроно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид ч бидэнд ч, ер нь бүгдэд нь ашигтай.

Үүнийг бидний өмнөөс хэн нэгэн эсвэл төр хийж өгөхийг хүлээж суусаар нэг л мэдэхэд их цаг өнгөрсөн боловч өмнөхөөсөө бараг өөрчлөлт гарсангүй. Энэ нийгэмд бид л өөрсдийн төлөө хөдлөхгүй бол өөр хэн ч бидний төлөө хөдлөхгүй нь батлагдсан үнэн. Бид олуулаа, хамтраад ажиллацгаая. Хүчээ нэгтгээд, хүн бүр багахан хувь нэмэр оруулаад л явчихад жилийн дараа гэхэд л үр дүн нь гарч хүмүүс эх хэл дээрээ технологийн давуу талыг хүртэх бүрэн боломжтой болно. Үр шимийг нь улс үндэстээрээ хүртэнэ. Энэ үр дүнг бий болгохын төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг уриалж байна. Мэргэжлийнхээ, технологийн давуу талыг бүгдэд хүртээмжтэй болгохын төлөө хамтран ажиллацгаая.

5 comments:

Anonymous said...

Энэ ч үнэн шүү.

Тэгэхээр ганц нэг бодлоо хуваалцъя.

Эсэргүүцэл гэдэг зүйл ер нь байнга л байдаг. Тэрийг зөв хүлээж аваад зөв засах л хэрэгтэй. Англи хэлний тал дээр бол бидний орчуулга ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй.

Ер нь бол арван жилд англи хэлний хичээл үзэж англи хэлэндээ сайн болохоос биш англи хэл дээр програм ашиглаад англи хэлэндээ сайн болно гэж байхгүй. Хүмүүс англи хэл дээ програм ашиглахдаа үгийн утгыг нь мэдэхгүйгээр үйлдлийг нь шууд цээжилдэг. Энэ бол маш түгээмэл гэж боддог. Тийм учраас хэзээ ч тэр програмаа бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Өөрийн мэдлэгийн хүрээнд л ашигладаг.

Нутагшуулалт хийснээр бид энэ байдлыг эвдэх болно. Хүмүүс програм хангамжийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болно.

Nomad Mongolian said...

Одоо хамгийн түрүүнд хийх ажил бол чин сэтгэлийн үндэс нь байгаа хүмүүсийг нэг баг болгоод тэр багийг сайн менежмент хийж хөдөлгөвөл ойрхон харагдаж байнаа.

Anonymous said...

acid: zuv shdee. ugaas yamar ch shne technology g heregleh hereglegch baihgui bol chi myanga tangad nom shig tseejleed nemergui yum chin dee. bi l lav duloog demjij baina. gehdee odoo ch bas heden jiliin umnohiig haritsuulahad yadaj web site gedeg ugiig barag bugd meddeg bolchihood baina shuu dee. yaj ch tailbarlaad oilgodoggui tiim ue baisanshdee.

халтар9@yahoo.com said...

Өнөөдөр дэлхийн ихэнхи номын сангууд онлайн байдалтай болж, мэдлэгийн үнэгүй болгох чиг хандлагатай болж байх шиг. Дуртай номоо нэтээс хайж олж болж байна. Иймээс Монголд боловсрол үнэгүй байх ёстой гэж боддог. Гэхдээ боловсрол гэхээр 12 жил нэртэй авч дэмий 2 жил нэмснээс онц өөрчлөлтгүй 10 жилийн сургалт биш юм. Боловсрол гэдгээр ном, сурах бичиг, мэдлэг тараах сайтуудыг нэрлэмээр байна. Өнөөдрийг хүртэл бараг 10 жил монголын интернет, компьютерын технологийн хөгжлийг ажиглалаа. Нэг технологийн талаар юм сурая гэхэд л заавал нэг гадаад хэл хэрэгтэй байсаар л байна. Би хөдөө ажилладаг. Миком компанийн хүчинд олон аймагт интернет орж хүмүүс мэдээ унших, имэйл, мессенжер хэмжээнд интернетийг ойлгож эхэлж байна. Энэ сайхан хэрэг авч миний анх интернет сурсанаас арай хурданаар технологуудын талаархи мэдээллийг сурчих заачих сайт алга л байгаад байх шиг санагдахын, магад би тийм сайтаар мэддэг гээд орохгүй байгаа юм болов уу.

Эцэст нь хэлэхэд МЭДЛЭГ ТАРААХ БҮХ ЧИГЛЭЛИЙГ МОНГОЛД ҮНЭГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ тэгвэл тэр жижиг гээд байгаа зах зээл ч удахгүй том болох юм даа.

Чадалтай нэг нь спонсор олоод орчуулга хийе, чадалгүй нэг нь сайн дураараа орчуулга хиймээр байна.
Орчуулга хийж байгаа нь ядаж албан мэт орчуулгын үгс, хэрэглэж байгаа үгийнхээ толийг нэтд байрлуулмаар байна. Тэр үгсээ вавилон толь болгосон ч болно шүү дээ. Он-толь, болор-толь.ком-оос үг хайгаад юм орчуулна гэж байхгүй оффлайн хэлбэрээр юм орчуулах нь амар байдаг. Тийм толь байвал надруу явуулж туслана уу.

Foxx Loan said...

Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com)
Анита Женсен