2006-10-07

Улаанбаатар ба Google Maps

Google бол таны хамгийн сайн анд! Ямар нэг мэдэхгүй зүйл байвал түүнээс асуу, тэр мэдэж л таарна. Гэвч Google зөвхөн хайлт биш харин бусад төрлийн эхлүүлсэн төсөл бүр нь амжилттай хэрэгждэгийн нэг нь Google Maps. Google Maps-г ашиглан дэлхийн газрын зургийн гудамж, байшингийн нарийвчлалтайгаар харж болохоос гадна ямар нэг чиглэл заалгах гэх мэт дэвшилтэт боломжуудаар дүүрэн програм юм. Саяхан Planet GNOME үзэж суутал Federico-н блог дээр тэрээр Google Maps ашиглан өөрийн байшинг харах боломжтой болсон талаар үзээд өөрийн гэрийг харах гэж оролдлоо. Улаанбаатар хотыг өмнө нь харж болдог нарийн сайн харагддаггүй байсан юм. Бүр томруулан Сүхбаатарын талбайг үзлээ. Хот маань дээрээсээ их аятайхан харагдаж байна. Саяхан нэг оролдож үзсэн боловч болохгүй байсан санагдаж байна, эсвэл би буруу үзсэн юм болов уу.

За ямар ч байсан Улаанбаатар хоттой Google Maps ашиглан танилцаж, төөрөхгүй байх боломжтой болжээ. Яг үнэндээ жоохон хуучин зураг шиг санагдлаа (2006-10-07), гэхдээ боломжийн. Мөн хэрэв та гадаад явах гэж байгаа бол эртнээс Google Maps ашиглан газар оронтой танилцаж, өөрийн төлөвлөгөөг боловсруулах боломжтой болоод байна шүү дээ.

2006-10-03

Unix Beer Party - 1 жил

Оросын юникс, линукс хэрэглэгчид шар айрагтай чөлөөт уулзалт хийдэг болохыг http://www.linux.org.ru сайт дээрээс жилийн өмнө харж байсан санагдана. Үүнээс ер нь яагаад монголчууд бид ийм нэг уулзалтыг зохион байгуулж болохгүй гэж санаад 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас "Modern Nomads" ресторанд анхны Unix Beer Party-г зохион байгуулж байсан. Мөн ч олон найзуудтай болж, маш их мэдээллийг хоорондоо солилцсон доо. Анхны үдэшлэг дээр ирсэн бид ярилцаж байгаад сар бүр зохион байгуулж байхаар тогтсон. Хүссэн хүн нь ирж, хамтдаа сууж учир ч буй бэрхшээлүүд, шинэ содон зүйлс гээд элдвийг ярилцаж өнгөрөөдөг энэхүү үдэшлэг нийт 9 удаа зохион байгуулагджээ.

Энэ Дөлмандах чинь юу болоод байна гэж бодож байна уу? Гэнэт ингээд бодсон чинь анхны Beer Party саяхан болж өнгөрсөн мэт. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга уулзалтын дараа 9-р сарын Beer Party хийсэн маань өчигдөрхөн мэт санагдаад, цаг хугацаа ямар хурдан урсч байна вэ. Бас Unix Beer Party маань нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Нэг жилийн ойгоо хэрхэн угтах, зохион байгуулах вэ? Unix Beer Party юникс сонирхогч биднийг танилцуулж, холбож, хамтран ажиллаж чамлахааргүй ихийг бүтээхэд түлхэц болж өгсөн. Хэрэв байхгүй байсан бол бид амьдарч л байгаа гэхдээ өнөөдрийнх шиг байх болов уу?

Нэг жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх вэ? Санал онолоо хуваалцаач. Цаашид хэрхэн өргөжүүлж, илүү үр ашигтай болгох вэ? Та хэрхэн хамтран ажиллах боломжтой байна вэ?

SysAdmin Summit 2007

SysAdmin Summit 2006 амжилттай болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Эндээс их зүйлийг сурч авч, их ч зүйлийг ойлголоо. Харин SAS2007 ямар байгаасай гэж хүсч байгаа талаараа энд сийрүүлэн бичье.

- Анхны чуулга уулзалт бол туршилт байсан гэж үзэж байна. Иймэрхүү арга хэмжээг хэр сонирхох нь уу, үр өгөөж юу байна гэж туршсан, амжилттай болсон. Анхны чуулга уулзалтын илтгэлийн сэдвүүд илүү гүн гүнзгий асуудлуудыг хөндөлгүй ихэвчлэн ерөнхий зүйлс явсан, ингэж ч бид төлөвлөсөн. Харин дараа дараагийнх мэргэжлийн хүмүүст чиглэсэн нарийн, илүү тодорхой асуудлуудыг хөндсөн, шийдсэн байх шаардлагатай байна.

- Хамгийн гол нь 7-р сарын сүүлийн баасан гарагт Системийн Администраторуудын Өдөртөө зохион байгуулбал их зүгээр. Үүний тулд 5-р сарын эх гэхэд бүх зохион байгуулалт дуусаад, сурталчилгааны ажил эхэлсэн байх. Тэгэхгүй бол зун бол амралтын үе байдаг тул хүмүүст эртхэн мэдээлэл өгч, ажил албыг нь зохицуулах боломж, цаг гаргах.

- Нэг өдөрт багтаах гэх хэрэггүй, хэд хэдэн өдөрт хуваагаад ингэхдээ нэг өдөр зөвхөн холбогдолтой сэдвүүдээр. Ингэхгүй бол удаан үргэлжлэх нь хүмүүсийг залхааж, ядрааж үр дүн багатай болох магадлалтай. Өдөрт 4-с дээшгүй илтгэлээр 4 хоногоос хэтрэх хэрэггүй байх, харин хаалтын өдөр нь дээр дурдсан дагуу баасан гарагт таарч байх хэрэгтэй.!

- Илтгэлийн тоо цөөрч байна гэдэг чинь нэг илтгэлд ноогдох цаг нэмэгдэж байна гэсэн үг. Тийм болохоор илтгэлийг илүү практик үзүүлбэртэй, илүү өгөөжтэй болгож өгөх нь маш чухал юм. Хамгийн сүүлд явсан Баска ахын илтгэл илүү практикт ойр, үзүүлбэртэй байсан болохоор ихээхэн хүмүүст хүрсэн байсан. Бараг workshop байвал зүгээр байх, монголоор үнэндээ хэлж мэдэхгүй байна.

- Анхных дээр Windows-той холбогдолтой мэдээллүүд бага орсон, илүү нэмэгдүүлэх нь чухал. Оруулахаар хүчин чармайлт гаргасан боловч нэг л илтгэл олж чадсан. Одоо харин тусад нь нэг бүтэн өдөр гаргаж байгаад тухайн өдрөө зөвхөн Windows-н талаар чуулбал.

- Windows, Unix, Networking, Security гэдэг сэдвүүдээр, өдөрт хувааж байвал зүгээр мэт санагдана. Анхны чуулга уулзалтыг зарим нэг талаар дутагдалтай ч амжилттай болсон гэж дүгнэж байгаа, иймд дараагийн удаад зарим нэг зохион байгуулалтын ажлууд нэмэгдэх ч арай л хөнгөн байна байх.

- Үнэгүй юм гэж энэ хорвоод ер нь үгүй билээ, тийм болохоор дараа удаа өндөр биш гэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж ордог байвал зүгээр байх. Ивээн тэтгэлгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж болох байх гэж найдаж байна.

- Тодорхой хугацаанд олон нийтийн саналыг авч, түүнийг нь тусгаад зохион байгуулалтын ажилдаа орох хэрэгтэй болов уу. Миний бодлоор 2007 оны 1-р сарыг дуустал төрөл бүрээр санал асуулга явуулъя, 5-р сар хүртэл бэлтгэлээ базаагаад, 5-р сараас эхлээд сурталчлах ажлуудаа эхлэвэл яасан юм бэ.

Ингээд бодоод байхнээ одооноос эхлэж бодож, төлөвлөж байхгүй бол нэг л мэдэхэд цаг нь тулдаг, тал тал тийш сандчин гүйж маш их хэмжээний зардал гаргадаг. Та бүхэнтэй өөрийн санаа оноог хуваалцаж, мөн та бүхний санаа оноог авах гэсэн юм.

SysAdmin Summit 2007

2006-09-27

Laptop лай

Өнгөрөгч бүтэнсайн өдөр laptop маань гэнэт ажиллахаа болив. Ёстой жинхэнэ гамшиг. Жаал юм хийж сууж байгаад хоол идэх зуураа зөөлөвчтэй сандал дээр тавьсанаас болж халаад тэгсэн бололтой. Харин халаад хаана нь юу нь болохоо болиод ийм асуудал үүсдэг талаар үнэндээ мэдэх юм алга. Ноднин аав ээж маань надад авч өгсөн ба миний хамаг л ажлаа явуулдаг, товчхондоо амь амьдрал болоод байсан юм. Өөр ямар нэг ширээний компьютер байхгүй. Гэтэл ингээд өнгөрөгч бүтэнсайн өдөр ажилгүй болдог юм байна. Бүтэнсайн өдөр бүр сэтгэлээр унаад ямар ч зүйл хийх сонирхолгүй, үхсэн амид нь мэдэгдэхгүй амьтан байж байгаад өөрөө янзлахаар оролдсон боловч задалж чадаагүй. Засварчинд үзүүлэхлээр авч үлдэж байж тухтай үзнэ гэсэн учир ер нь өөрөө учрыг нь олохоор шийдэж хэд хэдэн удаа задалж угсарсан боловч үр дүн алга. Одоо энд нэг хүний компьютер дээр шуудангаа шалгах гээд сууж байна. Энэ долоо хоног гарснаар ямар нэг бүтээлч ажил хийсэнгүй, сэтгэлээр унаж, laptopoo задалж угсарсаар сая хэд хоног өнгөрлөө. Маргааш засварчинд өгч үзүүлэхээс өөр арга үлдээгүй бололтой :(.

2006-09-23

Нээлттэй эхийн лицензүүдийн талаар

Нээлттэй эхийн хэдэн төслийн санаа тархинд минь байнга л эргэлдэж байдаг, үүнийхээ хажуугаар лицензийн асуудал бас бодогдоно. Үнэндээ бид байтугай ихэнх програм хангамжийн хэрэглэгчид лицензэд ямар заалт байдаг, ер нь юу байдаг талаар ч мэддэггүй гэсэн судалгаа байсан. Харин нээлттэй эхийн програм хангамжийн хувьд лицензийг зөв сонгох нь хөгжүүлэгчдийг татах, тэдний итгэлийг олох гэх мэт маш олон зүйлстэй нягт холбоотой байдаг учраас нээлттэй эхийн төсөл эхлүүлж буй хүн, баг бүрт лиценз нь ихэвчлэн асуудал үүсгэж байдаг болов уу. Өнөөдрийн байдлаар нээлттэй эхийн тодорхойлолтыг хангасан 50 гаруй лиценз байдаг гэсэн тоо байгаа, гэвч дийлэнх нээлттэй эхийн төслүүд GPL-г сонгон ашигладаг, бас миний санаж буй төслүүдэд их тохирох байх гэж бодоод байгаа. Ер нь Монгол Улсад зохиогчийн эрх, лиценз гэх мэт оюуны өмч болон түүний харилцааг зохиоцуулагч зүйлсийг илүү хүмүүст ойлгуулах, сурталчлах хэрэгтэй юм шиг. Програм хангамжийг хэн ч хуулж, хувилж болно, харин нээлттэй эхийн код л бол бүгд адилхан авч өөрчлөөд тэрийгээ дарчихаж болно гэж боддог юм уу хаашаа юм. Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй болов уу. Саяхан үзэж байтал патент, зохиогчийн эрх, лиценз гэдгийг товч тайлбартй, үүнээс гадна лицензүүдийг зургаар харьцуулсан Sun-н ажилтаны гарсныг үзлээ, таалагдсан. Бас өнөөдөрхөн үзэж байтал GPL нь өнөөдрийн линуксын хөгжил болон тархацад их нөлөөлсөн талаар David A. Wheeler-н блогийг уншлаа. Их сонирхолтой басхүү тоо баримж, жишээ зүйрлэл оруулсан бөгөөд ямар зорилгоор алийг нь ашиглавал зүгээр вэ гэсэн багахан зөвлөмж оруулжээ. Цаашид энэ талаар илүү судалж, блог бичих бодолтой байнам, учир нь энэ талаар монголчуудад илүү таниулж, мэдүүлэх шаардлага байна. Оюуны хөдөлмөр, өмчийг ойлгуулахгүй, хамгаалахгүйгээр оюуны өмчийг нэмэгдүүлэх, үнэлүүлэх боломж нь тун хомс юм.

2006-09-19

Software Freedom Day 06

2004 онд нэг нөхөр ер нь нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамж нь хакер, хөгжүүлэгч, жинхэнэ сонирхогчийн хүрээнээс хальж энгийн хэрэглэгчид ашиглахад хялбар болжээ гэдгийг анзаарчээ. Тэгээд тэрээр нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжуудыг багтаасан "The OpenCD" гээд арга хэмжээг тухайн жилдээ зохион байгуулж. Харин 2005 оноос эхлэн Software Freedom International гэдэг байгууллага Software Freedom Day гэдэг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 2005, 2006 оны ивээн тэтгэгчээр Ubuntu-г гаргадагCanonical компани оролцож багаа юм байна. Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжийн талаар мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх нь эл өдрийн гол зорилго юм. Харин 2006 онд дэлхийн 150 гаруй баг Software Freedom Day-г тэмдэглэхээр бүртгүүлсэн ба миний бие "Монголын Нээлттэй Эхийн Санаачлага" багийг бүрдүүлэн шилдэг 5 багийн нэг болохоор өрсөлдөж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд дараах асуудлуудыг хөндсөн яриа хийх юм:

- Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамж гэж юу вэ?
- Тэдгээрийн ач холбогдол
- Хэрхэн хөгждөг вэ?
- Хэрхэн оролцох вэ?

Мөн 16-ны өдөр 13 цагаас МТҮП дээр нээлтээ хийсэн бөгөөд 18-наас 22-ныг дуустал програм хангамжийн чиглэлээр сургалт явуулдаг 10 их, дээд сургуулиуд дээр дээрх яриаг хийх юм. Цагийн хуваарь:

- 19-нд 15:30 Хан-Уул дээд сургууль
- 19-нд 17:30 Холбоо мэдээлэл технологийн сургууль
- 20-нд 14:40 МУИС МКС
- 20-нд 15:30 Сэрүүлэг Дээд Сургууль
- 21-нд 13:00 Цахим дээд сургууль
- 21-нд 15:00 МУИС МТС
- 21-нд 16:00 Хүрээ дээд сургууль
- 22-нд 14:00 Улаанбаатар дээд сургууль
- 22-нд 15:00 Алтай дээд сургууль

16-ны өдөр 13 цагаас МТҮП дээр нээлтийг амжилттай хийсэн бөгөөд 18-нд 16:40-д КТМСургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ. Хэрэв та Нээлттэй эхийн болон чөлөөт програм хангамжийн талаар мэдмээр байгаа бол цагийн хуваарийн дагуу дээрх сургуулиуд дээр очиж оролцох боломжтой.

Програм Хангамжийн Эрх Чөлөөний Өдөр 2006

Амралт дууслаа

Хавар гадаадад суралцна гэдэг шалтгаанаар Нэтсофтоос гарнаас хойш овоо хэдэн сар өнгөрсөн байна шүү. Энэ хооронд "Нээлттэй МН"ТББ-д ажиллая гэсэн боловч болсонгүй, ингээд MUUG болон бас бусад зүйлсэд сайн дураар зүтгэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тогтсон ажил байхгүй болохоор тогтмол орлого байхгүй, хаяаа нэг олдох "халтуур" хийж мөнгө олчоод дуртай үедээ босч, дуртай үедээ унтаж, хүссэн зүйлсээ хийсээр хавар, зуныг жинхэнэ амралт гэж хэлж болохоор өнгөрөөлөө. Гэвч бас яг тийм биш бололтой, их хэмжээгээр ядарсан байх юм. Гэхдээ энэ амарч байх хугацаандаа багагүй зүйлийг сурч, ойлгож авлаа. Ер нь цаашид ингэж яваад байж болохгүй. Хамаг сайхан эр хүчээр дүүрэн залуу нас минь амралтын хэмнэлээр амьдралын хананд үрэгдэж дуусахыг би хувьдаа огт зөвшөөрөхгүй. Эцэст нь энэхүү шинэ долоо хоногоос эхлэн амралтын горимоосоо гарч илүү үр бүтээлтэй байхаар шийдлээ. Хамгийн гоё нь би залуу байна. Тун удахгүй 22 нас хүрнэ.

2006-09-16

Баабарын латин галиг

Би Дөлгөөний блогийг унших дуртай. Тэрээр даяаршил болон хүний ухамсар гээд ер нь их хэрэгтэй, чухал сэдвүүдээр сонирхолтой асуудлуудыг хөндөж байдаг, бас хөндсөн нийтлэлүүдийг хүргэдэг. Сүүлд Баабарын нэгэн нийтлэлийн ишлэлийг оруулан, цааш унших хаягийг байрлуулсан байснаар орж үзтэл Баабар гуайн хувийн вэб сайтыг олж мэдлээ. Яг үнэндээ өмнө мартсан байснаа сэргээж санасан юм. Баабар өөрийн жирийн бус үг хэллэг, сэтгэлгээ агуулсан ярилцлага, нийтлэлүүдээрээ миний сонирхолыг татдаг, би түүний улаан шахуу ФЭН. Вэб сайтаар нь хэсүүчилж яваад Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе гэсэн нэгэн саналыг сонирхон уншлаа. Учир нь Латин үсэг ба Монгол гэдэг блогийг уншсанаас хойш латин үгийг илүү эергээр хүлээж авдаг, басхүү дэмждэг болсон билээ. Гэхдээ Цахим-Өртөөний андуудтай танилцаагүй, тэдэнтэй тэдгээр сайхан яриа өрнүүлээгүй байсан бол өдий хүртэл эсрэг явах байсан байх. Саналыг уншаад хэсэг бодол боллоо. Өмнө нь хаанаас ч юм латин үсгийн галигийн стандарт батлагдсан гэж дуулдаж байсан ч нүдээр харж байсангүй. Энэ нь альваа гаргасан хууль дүрэм, стандартыг олон нийтэд сурталчилдаггүй, таниулах ажил бараг хйигддэггүйтэй холбоотой болов уу. Хүмүүсийн ярьж буйгаар, миний ойлгосноор тэрхүү стандарт нь бидний өдөр тутам ашигладаг галигаас нэлээн ялгаатай, бас зарим талаар техникийн асуудалтай байгаа юм. Жишээ нь, ө, ү үсгүүдийг o' u' гэж тэмдэглэнэ, гэхдээ зөвхөн үгийн эхэнд л. Харин үлдсэн бүх o u нь ө ү болох юм байх. Програм хангамжийн түвшинд ' нь тусгай утга илэрхийлдэг, бидний ашиглах гээд байгаа тэмдгийг \' гэж дүрслэнэ, ингэж ажил удах хэрэг байсан ч юм уу. Дээрээс нь Төрболд гэдэг нэрийг To'rbold гэж тэмдэглэх ба буцаах уншвал Төрбөлд болох юм. Үүний эсрэгээр Баабар гуайн галиглал бидний өнөөдөр хараар ашигладаг галигтай дүйж очихоос гадна өмнөхтэй адил хүндрэлүүд гарахгүй. Мөн ямар нэг амьдралд ойр галигийн стандартыг тогтоогоод мөрдөж эхлэх нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвлөх нь тодорхой, үүнийг цаг үе шаардаж байна.

2006-09-15

Unix Beer Party Sep, 2006

Өчигдөр Beer Party болж өнгөрлөө. Тулгаж зарласан болоод ч тэр үү хэдхэн идэвхитэн гишүүд л цугларч, урьд өмнө байгаагүй тийм нэг үдшийг хамтдаа өнгөрөөсөн юм. Яриа сэдэвт болж өнгөрсөн Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт болон цаашид хэрхэн зохион байгуулах, ямар зүйлс дээр анхаарах талаар байлаа. Энэ удаад хэт урт сунжирсан, илтгэлүүд бодит жишээ, үзүүлбэр бага, илүү гүнзгий мэдээлэл бага орсон гээд дутуу зүйлс байсан боловч амжилттай болж өнгөрсөн гэж дүгнэлээ. Цаашид эдгээр зүйлсийг харгалзан үзэж SysAdmin Summit-г сэдэв сэдвээр өдрүүдэд хувааж, хэдхэн өндөр чанартай илтгэлүүд оруулах, практик жишээг илүү түлхүү оруулах хэрэгтэй нь ойлгомжтой байна. Жишээ нь, Windows, Unix & Linux, Security, Networking гээд өдрүүдэд хувааж, өдөрт 3 эсвэл 4 чанартай илтгэл байвал яах бол? Өөр ямар асуудлуудыг тусгавал зүгээр гэж та бодож байна? Мөн Beer Party дээр Бааска ах аюулгүй байдал, халдлагын талаар сонирхолтой яриа өрнүүлснээс гадна багагүй туршлага хуваалцсан шүү. Дээрээс нь шилдэг илтгэлийн шагналт Даваасүрэн анд маань биднийг шар айргаар дайлсан, баярласан шүү. Ингээд хараад байхад Beer Party маань илүү өргөжөөд, илүү үр бүтээлч, сонирхолтой, туршлага хуваалцсан болсоор байх шиг.

Unix Beer Party

2006-09-14

Microsoft-н төгсгөл ирсэн үү?

Why Vista will mean the end of the Microsoft monolith гэсэн уншлаа. Миний ойлгосноор бол ирэх онд Vista гармагц Microsoft-н өндөр албан тушаал хашдаг хоёр хүн ажлаасаа гарахаар болсон байгаа юм байна. Нэг нь Jim Allchin, нөгөө нь Brian Valentine. Vista гарсны дараа Microsoft-г ямар зүйл хүлээж байгаа нь ерөнхийдөө бүрхэг санагдаж байна. Саяхан бас Microsoft vs. Open Source: Who Will Win? гэсэн нийтлэл дээр Microsoft програм хангамжийн гол нийлүүлэгч хэвээр үлдэнэ, гэвч линуксыг зах зээлээс шахаж чадахгүй гэсэн байсан. Microsoft vs OSS гэсэн маргаан, мэтгэлзээнүүд овоо өрнөдөг, харин хариуг цаг хугацаа л хэлэх болов уу.

... баярлалаа

Миний бие SysAdmin Summit 2006 дээр хэд хэдэн хүнд талархал илэрхийлэх гэж байгаад сандраад мартчихаж. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн захирал А.Батжаргал ахдаа баярлалаа. Тэрээр бэлтгэл ажилд зориулж хэд хэдэн удаа уулзалтын өрөө гаргаж өгч, үнэлшгүй хувь нэмэр оруулсан юм. Мөн Мобиком корпорацийн олон нийттэй харилцах албаны н.Энхболдод илтгэл тавих, олон нийтийн өмнө яриа өгөх талаар санал, зөвлөгөө өгсөнд маш их баярласнаа илэрхийлэх нь зөв болов уу. Энэхүү Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт дан ганц хүний хүчин чармайлтаар бүтэхгүй байсан нь тодорхой. Бидний ажлыг ойлгож, туслаж дэмжиж байсан бүх хүндээ баярлалаа.

Миний буруу, намайг уучил ...

Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалтыг зарлах гэж 9-р сарын 9-ний өдөр Ийгл телевиз дээр очоод ярилцлага өгөхдөө 16-нд гээд алдаад хэлчихэж, үүний улмаас цөөнгүй хүн төөрөгдөлд орсон бололтой. Ингэж хэлснээ өөрөө ч анзаараагүй. Энэ бол миний алдаа, миний буруу. Өчигдөр холбооны сургуулийн хажуугийн дэлгүүрт зогсож байтал хажууд хэдэн оюутнууд системийн админы хурал болно гэсэн, 16-нд хамт очъёо гэсэн юм яриж байхыг сонсоод тэвчилгүй тэднээс уйчлал гуйсан. Тэдний адил хичнээн хүн ингэж хоцорсныг үнэхээр мэдэхгүй байна, энэ бүгд миний алдаа. Намайг уучлахыг хүсье.

2006-09-12

Эрх чөлөө ...

За сайхан, Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж дууслаа. Харин хэрхэн болж өнгөрсөн талаар оролцогсод л дүгнэх болов уу. Миний хувьд зохион байгуулалт гээд хамаг ажлаа хойш нь тавиад, найз охин, ээж аавыгаа дайчлаад гэр бүлээрээ чадахаараа л зүтгэлээ. Анх зохион байгуулах гэж зүтгэснээрээ тэр чигээр нь зүтгээд маш олон ажлыг цалгардуулж, олон ч өдөр бухимдаж, дутуу нойртой гүйлээ. Ингэж нэг эцсийг нь үзэх ч сайхан байна шүү. Хамгийн хэцүү нь ивээн тэтгэгч олох, данс нээлгэх гээд бараг бүх л зохион байгуулалтын ажлууд хүнд байсан гэж хэлж болно. Анх удаа ивээн тэтгэлэгтэй, ийм өндөр төсөвтэй арга хэмжээ зохион байгууллаа. Анх төсөв зохиоход овоо хэдэн төгрөг гарч байсан боловч санаж байснаас бага гарлаа, үсрээд л 80 хүн ирнэ гэж хүлээж байсан боловч 170 сандал тавихад сандал хүрэлцэхгүй их сандаргасан шүү. Мөн 60 албан газар л урилга тараахад хангалттай гэж үзэж байсан ч вэбээр урилгын хүсэлт авч байтал 140 ширхэг урилга хэвлүүлж таарсан, 11 цагаас 17 цагийн хооронд хангалттай амжина гэж байсан боловч 19 цаг гэж арай гэж нэг юм дуусгалаа. Харин хамгийн хангалтгүй зүйл нь 50 ширхэг SysAdmin Summit 2006 гэсэн футболк хэвлүүлэх байсан боловч 30 ширхэгийг хэвлүүллээ. За хөтлөх явцад хэд хэдэн алдаа гаргаснаа хүлээе. Зохион байгуулалтын зардал ч овоо их гарсан шүү!!!

Энэ өдөр 11 илтгэл тавигдсан, ерөнхийдөө чанар болоод агуулгын хувьд дажгүй болсон гэж хувьдаа дүгнэнэм. Миний бие Samba ашиглан Domain controller гэсэн сэдвээр илтгэл бэлдсэн байсан боловч цаг давчуу улмаас өөрийгөө хасч, хөтлөгч, зохион байгуулалтыг хариуцан ажиллаа. Бидний сайн анд Баянзул хувийн ажлаар гадаад явсан, мөн Буянзаяа хагалгаанд орсныг эс тооцвол бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тэд минь бидэнтэй хамт байж, хэрхэн зохион байгуулагдаж байгааг харсан ч болоосой, би үнэхээр хүссэн. Бүх илтгэгчиддээ талархалын бичиг, харин ивээн тэтгэгчиддээ өргөмжлөл гардуулж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан.

Ингэж нэг сэтгэл амардаг юм байж. Өнөөдөр зохион байгуулалт гээд гүйж байхад ээж минь хэдэн пирожки авчирсан байсан нь хоолойгоор давахгүй байсан боловч орой гэрийнхэнтэйгээ хоолонд ороход ёстой нэг амьсгаа авах завгүй идэж гарсан даа. Нээрээ, маш их өлссөн байна лээ шүү. Маргаашнаас хэвийн амьдралдаа орж, цалгардуулсан ажлуудаа нөхөхөөр чармайж ажиллана. Эрх чөлөө, ямар гоё вэ. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалтыг ивээн тэтгэсэн, илтгэл тавьсан, мөн бүх оролцогсдоо баярлалаа. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд намайг ойлгож, дэмжиж байсан аавдаа, ээждээ мөн хайртай найз охиндоо баярлалаа. Сэтгэлээ унаад, шантраад бүр залхмаар ч санагдаж байсан, харин тэр үед найз охин минь намайг сэргээж, урам оруулж, зоригжуулж байсан юм. Чамдаа баярлалаа

SysAdmin Summit 2006

2006-09-09

GNOME 2.16 гарлаа

GNOME бол нээлттэй эхийн дэлгэцийн орчин (open source desktop environment) бас нийгэм (community) юм. 2000 оны эхээр нээлттэй эхийн програм хангамж, линукс үйлдлийн систем гэж мэдэх болсон цагаасаа эхлээд GNOME-г ашиглаж эхэлсэн. KDE гэж өөр систем байдаг боловч худлаа хоосон өнгө хөөсөн мэт санагдсанаас гадна GNOME нь илүү энгийн, ойлгомжтой, илүү хурдан ажиллагаагаараа намайг татсан юм. Мөн KDE-н гол амь болсон Qt-г Trolltech гэх компани хөгжүүлдэгээс гадна KDE-н хөгжлийн чиг хандлагад их нөлөө үзүүлдэг нь таалагдаагүй юм. Харин GNOME нь жинхэнэ хамтын бүтээл, ямар нэг компани хүчтэй нөлөө үзүүлэх боломжгүй бүтээл. 2006 оны 6-р сарын сүүлээр GUADEC гэх GNOME-н хуралд явсан нь GNOME нь миний мэддэгээс хавьгүй өргөн уудам, илүү үзэсгэлэнтэй ертөнц болохыг олж нээлээ. Тэд "Чингис" гэдэг тодотголтой Монгол улсаас ирсэн намайг халуун дотноор хүлээн авч "member of GNOME Foundation" болгосон. Миний бие GNOME 2.16 хувилбарын бэлтгэл ажлыг ашиглаж, зарим талаар оролцож байсны хувьд нэг нэгийгээ хүндлэх сэтгэл, хамтын хүч, зөв зохион байгуулалтаар маш их ажлыг бүтээх боломжтой юм гэдгийг харлаа. Өмнө нь би ийм их ажил ордог гэж огт бодож байсангүй. Энэ шинэхэн хувилбарын талаар MUUG-ийн мэдээнээс уншина уу.

Ийм л нэг бүтээлч, нэг нэгийгээ хүндэтгэсэн хамт олныг цогцлоохыг би хүснэм

Би аминч хүн

Энэ хорвоо дээр амьдарч байгаа бүх л хүн өөрийн болоод үр хүүхдийнхээ төлөө тэмцсээр насан эцэслэдэг болов уу. Бүх л амьдралынхаа турш өөрт болон өөртэйгөө салшгүй холбоотой зүйлсийн төлөө эцсийн хүчээ өгдөг. Эцэст нь хүн өөрийн аминч хүслийн золиос болж төгсдөг. Харин миний аминч хүсэл бол мэдээж үр хүүхэд, сайхан амьдрал. Би сайхан амьдрамаар байна, гэвч би нийгмийн эд эс учраас амьдрал минь нийгмийн шалтгааны нөлөөнд автаж байгаа тул өөрийгөө хөгжүүлэхийн сацуу нийгэмдээ хөрөнгө оруулах, хөгжихөд нь дусал ч болов нэмэр оруулахыг эрмэлзэж амьдарч байна. Хэдий өнөөдөр гарт баригдах ашиг үгүй ч ирээдүйд минь, нийгэмд минь тустай үйл байвал түүнийг хийхийг, гүйцээхийг эрмэлзэнэ. Бусад хүмүүс ч миний адил сэтгэж боддог болов уу, тэгвэл Монгол эх орон минь хөгжих нь дамжиггүй. Гэвч нийгэмд маань өнөөдрийн л баригдах ашгийн төлөө хөөцөлдөгчид, ирээдүйгээ сүүдэр, харанхуй руу түлхэгчид зөндөө байсаар л байна.

Би өөрөө өөрийнхөө төлөө