За сайхан, Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж дууслаа. Харин хэрхэн болж өнгөрсөн талаар оролцогсод л дүгнэх болов уу. Миний хувьд зохион байгуулалт гээд хамаг ажлаа хойш нь тавиад, найз охин, ээж аавыгаа дайчлаад гэр бүлээрээ чадахаараа л зүтгэлээ. Анх зохион байгуулах гэж зүтгэснээрээ тэр чигээр нь зүтгээд маш олон ажлыг цалгардуулж, олон ч өдөр бухимдаж, дутуу нойртой гүйлээ. Ингэж нэг эцсийг нь үзэх ч сайхан байна шүү. Хамгийн хэцүү нь ивээн тэтгэгч олох, данс нээлгэх гээд бараг бүх л зохион байгуулалтын ажлууд хүнд байсан гэж хэлж болно. Анх удаа ивээн тэтгэлэгтэй, ийм өндөр төсөвтэй арга хэмжээ зохион байгууллаа. Анх төсөв зохиоход овоо хэдэн төгрөг гарч байсан боловч санаж байснаас бага гарлаа, үсрээд л 80 хүн ирнэ гэж хүлээж байсан боловч 170 сандал тавихад сандал хүрэлцэхгүй их сандаргасан шүү. Мөн 60 албан газар л урилга тараахад хангалттай гэж үзэж байсан ч вэбээр урилгын хүсэлт авч байтал 140 ширхэг урилга хэвлүүлж таарсан, 11 цагаас 17 цагийн хооронд хангалттай амжина гэж байсан боловч 19 цаг гэж арай гэж нэг юм дуусгалаа. Харин хамгийн хангалтгүй зүйл нь 50 ширхэг SysAdmin Summit 2006 гэсэн футболк хэвлүүлэх байсан боловч 30 ширхэгийг хэвлүүллээ. За хөтлөх явцад хэд хэдэн алдаа гаргаснаа хүлээе. Зохион байгуулалтын зардал ч овоо их гарсан шүү!!!
Энэ өдөр 11 илтгэл тавигдсан, ерөнхийдөө чанар болоод агуулгын хувьд дажгүй болсон гэж хувьдаа дүгнэнэм. Миний бие Samba ашиглан Domain controller гэсэн сэдвээр илтгэл бэлдсэн байсан боловч цаг давчуу улмаас өөрийгөө хасч, хөтлөгч, зохион байгуулалтыг хариуцан ажиллаа. Бидний сайн анд Баянзул хувийн ажлаар гадаад явсан, мөн Буянзаяа хагалгаанд орсныг эс тооцвол бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тэд минь бидэнтэй хамт байж, хэрхэн зохион байгуулагдаж байгааг харсан ч болоосой, би үнэхээр хүссэн. Бүх илтгэгчиддээ талархалын бичиг, харин ивээн тэтгэгчиддээ өргөмжлөл гардуулж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан.
Ингэж нэг сэтгэл амардаг юм байж. Өнөөдөр зохион байгуулалт гээд гүйж байхад ээж минь хэдэн пирожки авчирсан байсан нь хоолойгоор давахгүй байсан боловч орой гэрийнхэнтэйгээ хоолонд ороход ёстой нэг амьсгаа авах завгүй идэж гарсан даа. Нээрээ, маш их өлссөн байна лээ шүү. Маргаашнаас хэвийн амьдралдаа орж, цалгардуулсан ажлуудаа нөхөхөөр чармайж ажиллана. Эрх чөлөө, ямар гоё вэ. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга Уулзалтыг ивээн тэтгэсэн, илтгэл тавьсан, мөн бүх оролцогсдоо баярлалаа. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд намайг ойлгож, дэмжиж байсан аавдаа, ээждээ мөн хайртай найз охиндоо баярлалаа. Сэтгэлээ унаад, шантраад бүр залхмаар ч санагдаж байсан, харин тэр үед найз охин минь намайг сэргээж, урам оруулж, зоригжуулж байсан юм. Чамдаа баярлалаа
SysAdmin Summit 2006
2 comments:
it is my duty. honey!Good luck for Software Freedom Day.
Za bayar hurgii. Mani chamtai hamt baij demjij chadaagui ch setgel zurheeree demjij bsan shuu. Zaashdaa ch demjih bolno. ulam ih amjilt!!!
Post a Comment