2008-03-01

Ubuntu серверүүд шинэчлэгдлээ

Хэрэв та Ubuntu хэрэглэдэг бол эсвэл сүүлийн нэг сарын хугацаанд http://mn.releases.ubuntu.com дээрээс ямар нэг Ubuntu-ийн хувилбарыг татаж авсан бол хурд нэмэгдсэн болохыг анзаарсан байх. Жишээ нь өчигдөрхөн би өөрийн ашиглаж буй системээ шинэчлэхэд 2804Kb/s хурдтайгаар богцуудыг татаж, бараг нүд ирмэхийн зуур шинэчлэчихэж байна лээ. Би өөрийн блогийг хэд хоног зогсоосны эцэст сервер дээр шинэчлэл хийсэн талаар хэлж байсан. Ингээд энэхүү шинэчлэлтийн дараа Ubuntu-ийн толин сервер үүсгэх ажил маань эхэлсэн бөгөөд хувилбаруудыг татах сервер хэдхэн хоногийн дараа, харин шинэчлэлийн буюу архив сервер нь өнгөрсөн бүтэн сайн өдөр бэлэн болсон юм. http://mn.releases.ubuntu.com хаяг дээрээс та Ubuntu-ийн Ubuntu, Kubuntu, Edubuntu-ийн сүүлийн 3 хувилбарыг татаж авах боломжтой, энэхүү сайт нь 500 гаруй файлаас бүрддэг. Харин http://mn.archive.ubuntu.com буюу Ubuntu дээр програм хангамж суулгах, шинэчлэхэд хэрэглэгддэг сайт маань 380 гаруй мянган файлаас бүрддэг ба одоогийн байдлаар шөнөдөө нэг удаа шинэчлэгддэг.

Дашрамж дурдахад Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ нь Монгол Улсад нээлттэй эхийн үзэл баримтлал, нээлттэй эхийн програм хангамж, нээлттэй стандарт, нээлттэй агуулгыг олон нийтэд таниулах, сурталчлах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээд олон ажил хийж буйн нэг нь Ubuntu-ийн толин сервер билээ. Энэхүү толин серверийг ажиллуулснаар Монголын Ubuntu хэрэглэгчид богино хугацаанд шинэ програм суулгах, системээ шинэчлэх болон шинээр татаж авах боломжтой болсон юм. Мөн линукс хэрэглэгчдийг нэгтгэх, дэмжих зорилгоор ЛиМНукс бүлгэмийг дэргэдээ ажиллуулдаг ба хэрэв та линукс сонирхогч, хэрэглэгч бол http://www.limnux.org хаягаар орж бусадтай холбогдон, өөрсдийн туршлага мэдлэгийг хуваалцахыг урьж байна. Цаашид зөвхөн нээлттэй эхийг ойлгоод хэрэглэх бус өөрсдөө хөгжүүлэх, үүсгэх чиглэлд илүү түлхүү анхааран ажиллаж байгаа ба тун удахгүй энэ бүхний дээжээс та бүхэндээ хүргэж болно.

Шал тэнэг юм

Хүн төрөлхтөн үүссэн цагаа хойш аливаа зүйлийг амарчлах эсвэл илүү нарийвчлалтайгаар хийх аргыг эрж хайсаар ирсэн. Үүний дүнд өнөөдрийн бидний өдөр тутын хэрэглээ тог, гэрэл, хэвлэгч, хувилагч, компьютер, интернэт гэх мэт зүйлс зохиогдсон. Байгалийн гэрэл хязгаарлагдмал байсан тул харанхуйд өдөр мэт гэрэлтүүлж ажиллахын тулд лаа, дэнлүү цаашлаад ламп, ямар нэг зүйлийн олон дахин гараараа бичихгүйн тулд хувилагч, тооцооллыг илүү нарийвлалтай, алдаагүй хийхийн тулд компьютер, мэдлэг, мэдээллийн илүү хурдан солилцохын тул интернэтийг бүтээсэн. Энэ бүгд түүхэнд тодоор бичигдэх томоохон нээлтүүд ба хүний хөгжилд томоохон түлхэц болж бид бүхний амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлэхэд болно.

Эстони улс нь интернэтээр сонгууль явуулсан анхны улс болжээ. Хүмүүсээс санал авах, түүнийгээ тоолж дүгнэх нь хэзээ ч амар жил байсангүй. Санал асуулгад оролцож буй хүн болон асуултын тоо өсөхийн хэрээр саналыг тоолох, дүгнэх ажил хүндэрдэг. Хамгийн гол асуудал нь санал бүрийг алдалгүй тоолж эцсийн дүнд тусгах явдал юм. Энэ ажиллагааг хялбарчлах, илүү нарийвлалтай болгох үүднээс хөгжилтэй орнууд цахим санал хураах системийг боловсруулан ашиглаж байгаа боловч интернэтээр дамжуулан санал авсан анхны улс нь ийнхүү Эстони болжээ. За энэ ч яахав.

Тэнэг юм эндээс эхэлж байна. Интернэтээр мэдээ үзэж байхад АНУ-д хэрэглэгддэг Diebold гэдэг цахим санал хураах машины аюулгүй байдлын талаар мэдээлэл байнга цацагдаж байдаг. Энэхүү машиныг хэрхэн гацааж ажилгүй болгохоос авахуулаад хэрхэн авсан саналыг өөрчлөх, худал санал өгөх, олон дахин санал өгөх гээд асуудал хөвөрч өгнө. Нэлээн өргөн хэрэглэдэг бас Засгийн Газраас нь дэмжлэг үзүүлдэг бололтой юм. Энэ талаар нэх сонирходоггүй болохоор тэр бүгдийг уншдаггүй байтал саяхан "Master Diebold Key Copied From Web Site" гэсэн гарчигтай мэдээлэл нь миний анхаарлыг татав. Лавлаад үзвэл Diebold-ын санал авах машинууд нь бүгд нэг түлхүүрээр түгжигдэж бас онгойдог байх юм. Хамгийн тэнэг нь нэг хүн албан ёсны вэб сайт дээр нь байсан түлхүүрийн зургийг ашиглан шинэхэнэ түлхүүр хийсэн нь таарч, бүх санал хураах машинуудыг онгойлгох боломжтой болсон байна. http://www.bradblog.com/?p=4066#more-4066 хаягаас дэлгэрэнгүй мэдээллийг авч, бас Diebold-г онгойлгож байгаа дүрс бичлэгийг үзээрэй. Нээрээ шал тэнэг юмаа.

2008-02-29

Монголын интернэт: өнгөрсөн ба одоо

Бага дүүгээ гитарынх нь дамжаанд хүргэж өгч авдаг ажлаа өнгөрсөн долоо хоногт хийж яваад буцах замаараа 10-р хорооллын "Номин"-гоор оров. Дүүгээ жаахан эрхлүүлж зарим нэг амттан авч өгчихөөд гараад явж байтал хажууханд нь байдаг интернэт кафены хаягийг харсан дүү маань "ADSL өндөр хурдны интернэт гэчихсэн байх юм, нээрээ тийм хурдтай юм уу" гэж асууж байна. Гэртээ манайх Magicnet-ийн DSL ашигладаг болохоор "манайд байдаг шиг л интернэт" гэж хэлэхэд "тэгвэл сүртэй биш юм байна тээ" гээд нэх тоосон шинжгүй байна. Хэдийгээр би хуучин ямар байсныг тайлбарлахыг оролдсон боловч тэр үеийг мэдэхгүй дүү маань миний яриаг төдийлөн ойлгосонгүй. Хэдхэн жилийн өмнө хүн бүрийн хүсдэг боловч авч чаддаггүй, өндөр хурдтай, найдвартай гэгддэг байсан холболт маань маш энгийн, байх л ёстой зүйл болсон байх юм. Юм хөгжинө өө гэж ...

2008-02-28

Microsoft + Yahoo = аюул занал

Хэсэг шуугисан Microsoft болон Yahoo-гийн асуудал намжиж байх шиг байна. Хамгийн эцсийн байдлаар Microsoft-ын санал болгосон үнийг хүлээж авах боломжгүй, харин үнийг өсгөвөл ахин энэ асуудлаар ярилцаж болох талаар Yahoo-ийн удирдах зөвлөл шийдвэр гаргасан. Yahoo-ийн хувьцаа бүрд санал болгосон үнэ үнэхээр боломжийн, гэсэн хэдий ч Yahoo-ийн ирээдүй маш гэрэлтэй басхүү одоогийн байгаа үнэнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй харагдаж байгаа юм. Өнөөдөр Yahoo нь хайлт, интернэт сурталчилгаагаараа Google-г гүйцэхгүй боловч бусад интернэтийн хэрэглээгээрээ түүнийг ардаа орхидог билээ. Хамгийн наад зах нь Yahoo! Mail, Yahoo! Messenger гээд байна. Энэ хоёрыг хэрэглэдэггүй компьютер хэрэглэгч Монголоос хайгаад лав олдохгүй байх шүү. Хэрэв энэ худалдаа амжилттай болсон бол маш том аюул занал ирэх байсан, эдгээр нь юу вэ?

Microsoft корпораци нь бараг хамгийн анх програм хангамжийг ширхэг бүрээр нь үнэлж, худалдах ажлыг эхлүүлсэн. Үүний дүнд тэд маш том хөрөнгө босгохын хэрээр олон зүйлс, шинэ технологиудад хөрөнгө оруулсаар байгаа. Мэдээж тэд өөрийн гэсэн технологитой болмогцоо тэднийгээ олон нийтэд шахах, хүчээр хэрэглүүлэх, басхүү тэр технологидоо түгжих ажиллагаануудыг цаг үргэлж хийсээр ирсэн. Төдийлөн амжилттай бус байсан Microsoft компанид Windows програм нь амжилт авчирч, олон нийтэд хэрэглэгдэж зах зээлийн нэлээдгүй хувийг эзлэх болсон. Тухайн үед вэб гэж дөнгөж төрж байсан ба Netscape л ашиглаж вэб үздэг байсан юм. Харин Microsoft өөрийн монополь байдлыг ашиглан Internet Explorer-г олон нийтэд шахаж чадсан бөгөөд асар богино хугацаанд Netscape-г тоглоомын талбараас шахаж чадсан билээ. Дараа нь Media player болон хаалттай форматууд, дараа нь Office болон бусад хаалттай форматууд гэсээр нэг л мэдэхэд Microsoft-ын програм хангамжууд нийт компьютер хэрэглэгчдийн 90 гаруй хувьд хүрч чаджээ. Хөгжлийн энэ явцдаа жам ёсоор хөгжиж байсан олон технологиудын гольдролыг алдагдуулж, зөвхөн өөрийн өмчит технологиор орлуулахыг оролдсоор ирсэн. Үүний тод жишээ бол бид бүхний мэдэх HTML юм. Microsoft нь зах зээлийн ихэнх хувийг эзэлж байсан Internet Explorer-оо ашиглан HTML болон бусад вэбийн стандартуудыг гажуудуулж байсан бөгөөд зөвхөн IE дээр ажилладаг, зөвхөн Microsoft-ынхон ашиглах боломжтой боломжуудыг нэмж байсан бөгөөд үүний дүнд вэбийг хийхдээ IE болон бусадад зориулан хоёр ба түүнээс дээш хувилбараар хийдэг уламжлал одоо ч байсаар л байна. Мөн хэрэв та Microsoft-ийн технологи, програм хангамжийн ашиглаж эхэлсэн л бол үхэн үхтлээ ашиглана гэсэн дүрмээр тоглоно. Microsoft нь аливаа зүйлд давамгайлж эхэлмэгцээ шударга бус, гажуудуулах алхамууд хийж эхэлдэг. Гэвч энэ бүгд бидэнд сургамж болсон бөгөөд илүү нээлттэй стандарт, нээлттэй агуулга, нээлттэй програм хангамж руу тэмүүлэх сэтгэлийг илүү төрүүлсээр байна. Үүний дүнд ихэнх засгийн газрууд зөвхөн баримтын нээлттэй стандартаар төрийн хэргийг хөтлөн явуулах шийдвэрүүдийг гаргаж, зарим нэг газар хэрэгжээд эхэлжээ.

Microsoft яах гэж Yahoo-г худалдан авах вэ? Microsoft интернэтийн зах зээлд багагүй хувь эзэлдэг, үүнийгээ Yahoo-тай нэгтгэхээр Google-тэй өрсөлдөх хэмжээнд очих ёстой юм. Одоогийн байдлаар Google нь хайлт болон интернэт сурталчилгааны зах зээлд 50%-с дээш хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид зах зээл болон түүний эзлэх хувь ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тэгэхээр өсөн нэмэгдэж буй зах зээлд өөрийн хүчээр эзлэх хувиа дорвитой нэмэгдүүлж чадахгүй учир Yahoo худалдан авах санал гаргасан нь тэр. Гэвч энэ бол том зүйлсийн зөвхөн эхлэл төдий. Тэд өөрийн үйлдлийн систем болон браузертэй хийсэн шигээ зүйлийг интернэттэй хийх гээгүй биз? Мэдээллийн технологи, интернэт нь цаашид илүү хурдтай хөгжинө, өнөөдөр байгаа стандарт, технологиудыг сайжруулах бүр шинийг үүсгэх шаардлага нэмэгдэнэ. Тэд СПАМ-тай тэмцэх, вэбийг илүү хөгжөөнт болгох, нууцлал хамгаалалт, дуу дүрс гээд маш олон технологиудыг боловсруулж, хөгжүүлж байгаа. Харин дэлхий нийтээрээ стандартад нийцсэн эсвэл нээлттэй стандарт бүхий технологиудыг түлхүү хэрэглэх болсон, мөн Microsoft нь интернэтэд өөрийн ноёрхолоо тогтоож чадаагүйн улмаас тэнд тэнд шударга өрсөлдөөн байж, тэдний технологийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байгаа юм. Вэбийг илүү хөгжилтэй, илүү амьд болгохыг тулд тэд Silverlight технологиийг хөгжүүлсэн боловч төдийлөн хүчээ авч чадахгүй байна. Харин Yahoo-г авснаар тэд илүү өргөн зах зээлийг хамарч Silverlight, Sender ID болон бусад интернэтийн хаалттай технологиудыг түгээх боломжийг нээх учиртай. Өнөөдөр бид өөрийн компьютер болон албан хэрэглээндээ Microsoft-с хараат байсан бол цаашид интернэт болон интернэтийн хэрэглээ маань тэднээс хараат болох аюул дөхөж ирээд байна. Гэвч Yahoo-ийн удирдах зөвлөл энэхүү саналыг хүлээж авсангүй. Асуудал нээлттэй хэвээр.

Google-ийн талаар хэдэн үг. Зарим хүмүүс гайхаж байж магад, яагаад Google нь ийм их зах зээлийг эзэлж байж хэл аманд өртөж, цаашлаад ийм их айдас дагуулахгүй байна вэ гэж. Нэг талаас Google нь хүмүүсийн айдас эсвэл харыг хөдөлгөхөөр урт удаан түүхгүй нь нөлөөлж байж болох. Нөгөө талаар Google-ийн хөгжүүлж буй технологиуд нь өнөөдөр амьдралд туршигдсан, хэн бүхний хүлээн зөвшөөрсөн стандартад нийцсэн, нээлттэй стандарт бүхий байдаг нь гол юм. Тэд стандартыг үнэлдэг, хүндэлдэг тийм ч учраас тэд HTML эсвэл XHTML, CSS, Java Script стандартуудын горимын дагуу вэбүүдийг урлаж, стандартын дагуу ажилладаг Firefox браузерийг ашиглахыг зөвлөдөг. Эцэст нь хаалттай технологи, хаалттай стандартыг нь мэдээллийн технологийн хөгжлийн чөдөр тушаа болдог мөн тэднийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх нь ямар аюул, хохирол дагуулдаг болохыг мэдээллийн технологи өндөр хөгжсөн улсуудын туршлага бэлхнээ харуулж байна. Тэд нэгэнт учирсан аюул, хохиролыг арилгах гэж тэмцэж буй боловч төдийлөн амжилт олохгүй байна. Энэ нь тэдэнд сургамж болсон.

2008-02-02

Trolltech-г Nokia худалдаж авна

Бид бүхний сайн мэдэх гар утас болон харилцаа холбооны төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч болох Nokia компани нээлттэй эхийн Qt багажийн зохиогчийн эрхийн эзэмшигч, KDE төслийн ерөнхий ивээн тэтгэгч Trolltech компанийг худалдаж авах болсон талаараа өнгөрөгч даваа гарагт олон нийтэд зарлалаа. Ингэхдээ Trolltech-ийн хувьцаа нэг бүрийг 16$-р авах санал тавьсан байна. Nokia-ийн мэдэгдсэнээр 35.02 сая хувьцаа буюу Trolltech-ийн гаргасан нийт хувьцааны 66.43%-г эзэмшигчид энэхүү саналыг хүлээн авсан байна.

Trolltech компани нь KDE дэлгэцийн орчны суурь болсон Qt график багажийг хөгжүүлдэг бөгөөд Qt-ийн жижиг төхөөрөмжинд зориулсан хувилбарыг гар утас үйлдвэрлэгчдэд лицензээр ашиглуулдаг. Өнгөрсөн онд эрс шинэчлэгдсэн Qt 4-р хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь одоо жинхэнэ шуугиан тариад буй KDE 4-р хувилбарын суурь болсон юм. Мөн саяхан Qt 4-д GPL 3 лицензийг ашиглах болсноо зарласан. Миний бие хэдийгээр Qt болон KDE-г төдийлөн сонирходоггүй боловч эдгээр шинэ хувилбарууд нь маш олон шинэ зүйлсийг хэрэглэгчдэд хүргэж, хамгийн гол нь үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчлөх болсон юм билээ. Бас бусад програмчлалын сангаас хамаарах хамаарлыг маш бага болгосон гэсэн. Энэхүү наймааг хийснээр Nokia нь өөрийн бүтээгдэхүүний шугамыг өргөсгөх, програм хангамжийг сайжруулна хэмээн найдаж байна.

Nokia нь өнөөдөр GNOME-той наягт хамтран ажилладаг бөгөөд өөрийн N770, N800 болон N810 бүтээгдэхүүнүүддээ линукс болон GNOME-ийн жижигсэгсэн хувилбарыг ашигладаг юм. Мөн Nokia нь нээлттэй эхийн хөгжлийн зарчмыг ойлгодог, хүндэлдэг басхүү хамтран ажиллаж чаддаг учир хүмүүс энэхүү худалдаанд төдийлөн санаа зовохгүй байх шиг байна. Харин энэхүү худалдааны дараа GNOME-той харилцах харьцаа хэрхэн өөрчлөгдөх бол гэдэг миний сонирхлыг их татаж байна. Цаг хугацаа харуулна биз дээ.

XO laptop Монголд

Сүүлийн үед "хүүхдийн компьютер" гэдэг зүйлийн талаар сонсоогүй хүн бараг байхгүй болсон байх гэж бодож байна. Буурай улс орнуудын тоон хуваагдал буюу мэдээллийн технологийн хоцрогдлыг багасгах зорилгоор 100$-ын үнээр зөвхөн засгийн газруудад зарагдах One Laptop Per Child буюу "хүүхэд бүрт компьютер" төсөл эхэлж байсан. Төсөл нь дардам замаар явсангүй, хөгжлийн явцдаа маш олон асуудлуудыг шийдвэрлэж, жинхэнэ хүүхдийн боловсролд зориулсан тоглоом мэт хөөрхөн жижигхэн компьютерийг бүтээж чадсан. Хамгийн их маргаан, хэрүүл дагуулсан асуудал нь XO Laptop-д ашиглаж буй Marvell-н утасгүй сүлжээний хаалттай драйвэр байсан юм. Уг нь хамаг л зүйлд нь нээлттэй эхийн програм хангамж ашиглаж, нээлттэй эхийн хөгжлийн зарчмаар төсөл маань явж байсан, гэтэл тухайн үедээ хамгийн бага эрчим хүч зарцуулдаг, Mesh сүлжээ үүсгэх боломжтой хамгийн боломжийн сонголт нь Marvell байсан юм. Тэд драйверийг нь нээлттэй болгох талаар хүчин чармайлт гаргасан ч талаар болсон бололтой, одоог хүртэл ашиглагдаад явж байна. Энэ нь хөгжүүлэгчдийн уур бухимдлыг ихээр хүргэсээр байна.

Оны өмнөхөн ерөнхийлөгч маань АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ энэхүү "хүүхдийн компьютер"-аас овоо хэдийг тусламжаар, бас нижгээдийг боломжийн үнээр авах боломжийг нээсэн. Үүний эхний цуваа болох овоо хэдэн ширхэг "хүүхдийн компьютер" ирж туршилтын журмаар хоёр ч дунд сургуульд тараагдан туршилт эхлээд байна. Бас нэг төрлийн шоу болчихоод байх шиг. Ямартай ч хүүхдүүд, эцэг эхчүүд их таатай хүлээн авч, шохоорж байна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд ашиглаад, шинэ зүйлс сурч байгаа талаар зурагтаар хэд хэдэн удаа гаргалаа. Одоогоор англи хэл дээр байгаа, удахгүй түүнийг нь монгол хэл рүү хөрвүүлэх кампанит ажил хүчтэй өрнөх бололтой.

Миний бие МХХТГ-с нэг ширхэгийг турших зорилгоор олж авсан байгаа. Аваад гарч явахад хүмүүс харчихаад "нөгөө хүүхдийн компьютер байна" гэж ярилцахыг сонссон гэж. 13 настай дүү маань ашиглаж үзээд их таалагдсан бололтой байсан. Бас ажлын залуучууд маань их сонирхож байна лээ. Хүүхэд өөрөө зураг зураад, хөгжим зохиогоод, зугаацахын зэрэгцээ шинэ юм сурах боломжтой юм билээ. Надад тохиолдсон ганц асуудал нь утасгүй сүлжээнд холбох байсныг нь өчигдөр шийдчих шиг болсон. Манай өрөөний утасгүй сүлжээнд холбогдох гэхээр бүх сүлжээ ажилгүй болоод байсан юм. Харин саяхан авсан N810 маань мөн адил холбогдохгүй байсан болохоор өнөөдөрхөн оролдож байгааг алдааг зассан нь XO Laptop-ыг интернэтэд холбох боломжтой болгосон юм. Баянаа маань бас энэ сэдвээр бичсэн байна лээ. За цаашид энэ талаар хэд хэдэн бичлэг бичих болно. Stay tuned :)

Даяаршлын нэг жишээ

Саяхан Amazon.com дээрээс Nokia N810 гэдэг интернэтийн төхөөрөмжийг захиалан авлаа. Уржнан Испанид явж байхад Nokia энэхүү төхөөрөмжийнхөө эхний хувилбар болох N770 хувилбарыг гаргасан байхыг харж байсан, бас ноднин Англид N800 хувилбарыг зээлээр авч хэд хоног ашиглаж үзсэн юм. Энэхүү төхөөрөмж нь линукс цөм болон GNOME-н бичил хувилбарыг багтаасан, интернэтэд ажиллахад шаардлагатай бүхий л програмтай, нэмэлт програм суулгах бүр өөрөө бичих боломжтой, ихэнх програм хангамж нь нээлттэй эхийнх гэдгээрээ миний сонирхлыг татаад байсан юм. Гэхдээ энэхүү төхөөрөмжийн талаар бус харин даяаршлын нэг жишээ болгох гэсэн юм.

Энэхүү төхөөрөмжийг Amazon.com дээрээс захиалан АНУ-с авсан, гэвч эх бие нь Солонгос, гэр нь Турк, машины тавиур нь Герман, машины тавиурын суурь, чихэвч, зай хураагуур, цэнэглэгч зэрэг нь Хятад улсуудад үйлдвэрлэсэн байсан ба харин гарын авлагыг нь Мексикт хэвлэсэн байх юм. Даяаршил нь дэлхийн улс орнуудын хоорон дох өрсөлдөөнийг эрчимжүүлснээр үйлдвэрлэгчид хамгийн хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга замыг эрэлхийлэх болсон. Ингээд мэдээж N810 маягийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж, хэрэглэгчид илүү хямд, басхүү өндөр чанартай бүтээгдэхүүн ашиглах боломж нээгдсэн гэж хэлж болно. Анх их гайхсан шүү.

Шинэчлэл хийлээ

Хэрэв та миний блогоор байнга зочилдог бол сүүлийн хэд хоног ажиллаагүйг нь анзаарсан байх. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас компанийхаа серверийг Мэжикнэтийн серверийн өрөө рүү шилжүүлж, систем юуг нь шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоо болтол зарим нэг зүйлсийг хэвийн ажиллагаанд оруулж амжаагүй л байна. Эцэст нь өндөр хурдны холболт, програм хангамжийн шинэ хувилбар, аюулгүй байдлын илүү өндөр хамгаалалт, хамгийн гол нь маш уян хатан болох үндэстэй юм. Энэхүү өөрчлөн шинэчлэлтийн салхинд миний блог ч мөн адил өртөж, ажиллагаагүй болсон байсан нь энэ.

Мөн блогийн програм хангамжаа drupal руу шилжүүллээ. Анх blogspot дээр блог бичиж эхэлсэн, дараа нь өөрийн dulmandakh.com домэйн руу шилжиж wordpress-г ашиглах болсон. Гэвч төдийлөн танил бус, мөн байсхийгээд л шинэ хувилбарыг суулгах ажлаас төвөгшөөн өөрийн танил, ашиглаж дадсан drupal руу шилжих талаар бодож эхэлсэн юм. Харин сервер шилжүүлэх, шинэчлэх ажил мөн drupal-ын 6-р хувилбар бараг бэлэн болсон зэрэг нь санаж байсан шинэчлэлүүдийг нэг мөсөн бөөндөх завшаан олгосон юм. Өнөөдөрхөн дөнгөж суулгаад сайн тохиргоо хийж л амжаагүй байна, харин цагийн явцад илүү боловсронгуй, ашиглахад илүү дөхөм болгох болно. Миний блогийн уншигч танд баярлалаа, байнга зочилж байгаарай.

2007-08-22

Нүүлээ

Хэсэг хугацаанд бодсоны эцэст өөрийн http://www.dulmandakh.com хаяг руугаа нүүхээр шийдлээ. Одоогийн байдлаар ганцхан блог маань ажиллаж байгаа бөгөөд цаашид илүү мэдээллээр баяжуулах болно. Та бүхэн цаашид блогийг маань http://www.dulmandakh.com/blog/ хаягаар зочилж уншаарай.

2007-08-20

SPAM-тай тэмцэх нь №1

Ойрд техникийн асуудлаар юм бичсэнгүй. Үүнийгээ СПАМ-ын талаар бичлэгээрээ сэргээе байз. Яагаад СПАМ гэж үү? Манай компани төрийн нэгдсэн цахим шуудангийн серверийг хариуцан ажиллахаар болж байгаа болохоор сүүлийн үед цахим шуудан хэрхэн ажилладаг талаар болон хэрхэн СПАМ-г багасгах, хэрхэн захидлыг эзэнд нь түргэн шуурхай хүргэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг ихээхэн татах болсон. Бас өнөөдөр сууж байтал танил залуу маань завтай эсэхийг минь асуугаад СПАМ-тай тэмцэж буй арга туршлагаас минь хуваалцахыг хүсэв. Ингээд ер нь хэдэн хэсэг болгоод СПАМ гэж юу болох, СПАМ-тай тэмцэх олон аргуудаас өөрийн туршлага дээр тулгуурлан танилцуулахаар шийдлээ. Уг нь энэ талаар SysAdmin Summit 2007 дээр илтгэл болгож оруулъя гэж бодож байсан юм, гэхдээ бэлдэнэ л дээ.

Анх НэтСофт компанид орсноос хойш хэдэн сервер суулгаж байсан тоогоо алдчихаж. Гэхдээ СПАМ-ын талаар төдийлөн мэддэггүй байсан болохоор SpamAssassin суулгаж тохируулаад л орхидог байв. Өнөөдөр төгс мэдлэгтэй болсон гэж байгаам биш гэхдээ л нэгэнт цахим шуудантай хүзүү сээрээ холбог амьдрах болсон болохоор яалт ч үгүй үзэж эхэллээ.

СПАМ гэж юу вэ?
Анх интернэт сүлжээ үүсэхдээ хэдхэн тооцоолуур холбогддож байсан тул нэг нэгийгээ мэддэг, итгэдэг байлаа. Интернэт хөгжиж ийм олон хэрэглэгчидтэй болно гэж тэр үед хэн таамаглах билээ. Тэрхүү бичил сүлжээ чигээр байхаар сэтгэн SMTP протоколд захидлын баталгаажилтын асуудлыг оруулалгүй орхисон бололтой. Үүнээс үүдэн ямар хэн ч хаанаас ч хэний өмнөөс захидал илгээх боломж бүрдэж, энэхүү дутагдлыг нь СПАМ ашиглах болов. Өөрөөр хэлбэл contact@example.com гэсэн хаягаас захидал явуулахдаа аль ч серверээс хэн ч явуулах боломжтой байгаа юм. Үүнийг жинхэнэ эзэн явуулж буй эсэхийг шалгах механизм уг SMTP-д байхгүй бөгөөд нэмэлт програмууд болон хэрэгслүүдийн тусламжтайгаар жинхэнэ эсэхийг магадлаж болно. Дараа энэ талаар ярих болно.

СПАМ нь анх зүгээр л бараа бүтээгдэхүүний сурталчилгаа маягаар ашиглагддаг байсан бол өнөөдөр хорт програм тараах, хэрэглэгчдийг хууран мөнгөтэй холбоотой мэдээллийг хулгайлах гол хэрэгсэл болсон байна. Хэн ийм юм хийдэг байна гэж та бодож магад. Тэгвэл энэ бүхний цаана буй хамгийн гол хүчин зүйл нь мэдээж "мөнгө". СПАМ-аар дамжуулан элдэв зүйлсийн сурталчилгаа цацаж хэрэглэгчдийг хуурна, мөн вирус илгээж тэдний мэдээллийг хулгайлна. Энэ маягаар хямд хуурамч бараа худалдаалах, кредит картын болон банкны дансны мэдээллүүдийг хулгайлахаас гадна таны тооцоолуурыг энэхүү хорт үйлдээ ашиглах хэрэгсэл болгохыг бас завдана. Иймээс та өөрт хаяглагдаагүй захидлуудыг нээлгүй устгахаас гадна интернэтээр хэсэхдээ их болгоомжтой, элдэв вэб сайтуудаар орохгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс нэг л мэдэхэс энэхүү СПАМ цацах сүлжээнд нэгдэн орох болно шүү.

2007-08-15

Улаан гэрэл аслаа ...

Яаран машин барьж явахдаа анзаарагддаг нэг зүйл бол нэг уулзвараас хөдлөөд нөгөөд хүрэхэд улаан гэрэл угтаж авдаг явдал. За ашгүй ногоон аслаа гээд хөдөлмөгц дараагийнх дээр дөнгөж улаан асч таардаг. Яагаад ийм сонин тогтоцтой байдаг байна? Нэлээн дээр үеийн нэгэн жолоочтой ярихад "дөчин километр цагийн хурдтай явахад 5 шараас оффицер хүртэл нэг ч зогсолгүй явж болдог байсан" гэж дурсаж байж билээ. Ер нь яагаад ногооноор хөдлөхөд дийлэнх тохиолдолд ногоон угтаж авдагаар тохируулж болдоггүй юм бол? Энэ лав намайг их бухимдуулдаг :)

Хэдхэн хоногийн өмнө нэг найзынхаа оффисоор зочлоход IBM-ийн сурталчилгааны материал байсныг сонирхож суутал "Англид улаан гэрлэн дээр зогсох машинуудаас тэдэн тонн хорт утаа агаарт цацагдаж, ийм их хэмжээний зардал гарч байна. Харин үүнийг багасгахын тулд засгийн газар нь IBM-тэй хамтарч ажиллаж байна" гэсэн утга бүхий текстийг олж уншив. Манайд ийм судалгаа байхгүй нь ойлгомжтой, гэхдээ хүмүүс машинтайгаа гэрлэн дохион дээр зогсож маш их цаг, шатахуун үрж, агаар тэр хэмжээгээр бохирдож буй нь хэнд ч ойлгомжтой. Англид ажиглаад байхад машиных нь хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ, онц шаардлагагүй бол огт хурдаа сааруулахгүй, зогсохгүй. Гэтэл манайд эсрэгээрээ гэрлэн дохио болон хэвтээ цагдаа нар хаа сайгүй нэмэгдсээр л байх юм. Үүнд санаа тавьж судалгаа хийж, зохицуулах газар байна уу хүн ардаа?

2007-08-13

Хачин жигтэй жишиг

Цахилгаан холбооны суурин телефоны үйлчилгээг ашигладаггүй, ашиглаж үзээгүй хүн ховор байх. Манай гэрийн утасны төлбөр төлөгдөөгүй гээд аль дээр хаагдчихсан юм. Зун лагер гараад гэрийн утасны ашиглалт байхгүй болохоор төлбөрийг нь төлөх хүсэл байсангүй юм мэдэхгүй саяханыг хүртэл төлбөрийг нь төлөөгүй. Бас гэрийнхэн бараг бүгд гар утастай үүнд нөлөөлсөн байх. Саяхан ээж төлбөрөө төлөх гэж очоод хачин жигтэй зүйл олж мэджээ.

Төлбөр өндөр гарсан байхыг хараад ээж нийт дуудлагын хуулгыг автал хариу өгөөгүй дуудлагад төлбөр тооцдог болох нь илэрхий болов. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн рүү залгаад тухайн хүн чинь хариу өгөөгүй бол мөнгө гүйнэ, хариу өгсөн бол бас л мөнгө гүйнэ. Энэ буруу жишиг 5-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн байх юм. Гэтэл надаас авахуулаад ихэнх хэрэглэгчид үүний талаар мэдэхгүй, мөнгөө шулуулсаар л. Ийм хачин юм бас байж болдог юм байх даа? Та энэ талаар юу гэж бодож байна?

2007-08-11

Ажлын хэнхэг

Өчигдөр найзын маань төрсөн өдөр тохиож бөөнөөрөө гарав. Хэдэн жилийн өмнө бөөнөөрөө гэж ярихад эвтэйхэн байдаг байсан харин одоо тийм биш, ихэнх нь гадаад явцгаагаад энд цөөхөн хэдэн хүн л үлдэж дээ хөөрхий. Манай хэд уулзчихсан биллиард тоглож байхад нь очоо хоёр нөхрийг тасалж аваад ширээний теннис тоглов. Эхэндээ сайн халаагүй нэг л тоглож болохгүй байсан, харин сүүлдээ бүгдийг нь хожсон доо. Гарч хальт гол орчихоод цааш Бриллиантын зүг хөдлөв.

Хавьд найзуудтайгаа уулзаагүй, хамт гараагүй, бүжиглээгүйг хэлэх үү гоё байсан шүү. Ер нь "Адсолукс Монголиа"-г байгуулснаасаа хойш найз нөхөдтэйгөө уулзах завгүй гээд ер нь ажлаас өөр юм бараг хийгээгүй болж таарч байдаг. Гэтэл хийсэн ажил юу вэ гэхээр сүртэй юм бас алга. Жаал юм уусан шигээ сайхан бүжиглэн цэнгэв. Сүүлийн үед ер нь хаяаа нэг шар айраг гэх мэт зүйлс хүртэх сонирхолтой болоод байгаа шүү. Энэ буруу юу? Би ч анх оюутан болчихоод архи гэж зүйлийг мэдэхгүй байж байгаад яасан ч дурлаж бараг өдөр болгон шахуу уудаг байв даа. Одоо тэр үеээ бодохлээр сонин санагдаад инээд хүрээд байдаг юм. За тэгээд сайхан бүжиглээд, нэлээн далийгаад харьсан даа.

Нээрээ хоол ирэхийг хүлээж суухад нэг найд маань шүдэнз зурж тоглоод байхаар нь өөр нэг нь боль гэсэнд бага байхад нь эмээ нь "чи галаар олон тоглоно, гал чамаар ганц тоглоно" гэж хэлдэг байсан юм гэнэ. Засрахгүй ганц тоглуулах гээд л байгаа юм байх даа. Би энийг нь сонсоод баахан инээв. Ер нь их инээд муутай болсон байна, энэ зожгирч байгаагийн шинж байх. Гэхдээ над шиг компьютерийн ард суудаг хүмүүст нийтлэг хэд хэдэн асуудал байнаа. Яг одоо санаж байгаа нь зожиг талдаа, мартамхай. Ахиад бас хэдэн юм байдаг юм, бас мартчихаж.

2007-08-08

Зурагт бидний ирээдүй

Ирснээсээ хойш ажил ажил гэж явсаар амарч чадахгүй улам бүр л ядарсаар байв. Харин бүтэнсайнд бүтэн зуслан дээр өнжих болж үнэхээр сайхан амарлаа. Уг нь унтахыг сайн амралт гэдэггүй юм байна лээ гэхдээ унтаад л идээд л байлаа. Өмнө нэг блог дээрээ унтаад уур хүрсэн талаар бичсэнд нэг хүн "яасан сайхан нойртой юм" гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Үгүй ээ, тийм биш уучихлээр унтаад байдаг юм, тэрнээс уухгүй бол өглөө эрт сэрчихээд байдаг юм. Яг энэ хэвээрээ өглөө 9 цаг сэрчихдэг юм, тэгээд жаал энэ тэрүүгээр явж байгаад байсан нэг дарсаа уугаад эргээд унаад өгсөн дөө. Зүгээр нойр хүрэхээ байж байх шиг.

Зуслан дээр зөвхөн үндэсний телевиз гарна, өөр үзэх юм байхгүй. Тэгээд үзэж байтал "амьдрал нулимсанд дургүй" гээд кино гарч байна. Тэр кинонд гарах нэг залуу "бидний амьдарч буй зуун бол зурагтын зуун, ирээдүйд бүх юмыг зураг орлоно" гэж ярьж гарна. Тэр үеийн зарим хүмүүст үнэхээр тэгж санагддаг байсан гэж бодохоор бас сонин санагдаад байгаа юм. Одоо бидний үед чинь юу юуг орлох гээд билээ дээ ...

2007-08-03

Сайхан хүүхэн

Хэд хоногийн өмнө хэд хоногийн хугацаатайгаар Англи орныг үзээд ирлээ. Дажгүй шүү, тэгээд нэг давгүй сайхан хүүхэнтэй хамт зургаа авахуулаад ... Хажууд байсан хүмүүсийг тайрчихсан юм.



Таалагдаж байна уу? Яг үнэндээ Манчестерт явж байхдаа "Lady boys of Bangkok" гээд шоу үзсэн юм, тэрний нэг "ladyboy" нь. Өөрөөр хэлбэл хүйсээ солиулсан эрэгтэй хүн.