2008-11-21

Баяртай Firefox 2

Тун удахгүй бид өөрсдийн дуртай нэгэн програмын хувилбартаа баяртай гэж хэлэх цаг болжээ. Firefox 2 хувилбар бөгөөд өөрийн хөгжлийн жамаар 12-р сарын дундуур төгсөх юм байна. Энэ нь тэрхүү өдрөөс хойш Firefox 2 дээр гарсан ямар ч алдаа тэр дундаа аюулгүй байдлын цоорхой ч хүртэл засвар авахгүй. Тиймээс бид Firefox 3 хувилбар руу яаралтай шилжих хэрэгтэй юм. Firefox 3 хувилбар нь ирээдүйд тогтвортой байдлын болон аюулгүй байдлыг засваруудыг авсаар байх ба өмнөх хувилбараа бодвол маш олон шинэ, сайжруулсан боломжуудтай гэдгийг хэлмээр байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

2008-11-08

Аборт - ямар аймар юм бэ

Саяханы нэг өдөр интернэтээр хэсч яваад нэгэн блогийг олсон нь Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа! байлаа. Эхэндээ эмэгтэй хүн байна гэж бодож байснаа нуух юун, хэсэг уншиж байж АНУ-д амьдардаг залуу болохыг олж мэдсэн. Бичиж байгаа зүйлс нь надад таалагдсан гэхдээ өнөөдрийнх лав биш. Таалагдаагүй ч биш. Өнөөдрийн бидний амьдралд хэвийн үзэгдэл мэт болсон "аборт" гээч зүйлийн талаар бичсэн байсан ба доор нь хавсаргасан байсан видео бичлэгийг үзээд үнэхээр бид ийм аймшигтай, харгис нийгэмд амьдарч байгаа билүү гэсэн айдас төрж байна. Та ороод уншаарай, та ороод үзээрэй үнэхээр аймшигтай.

2008-11-03

Жилийн засал

Би чинь хулгана жилд төрсөн, тэгээд элдэв шашин эсвэл сүсэг бишрэлгүй болохоор яваад л байв. Уг нь жил орвол нэг юм байдаг, эрэгтэйд нь сайн байдаг билүү ухааны юм санаж авдаг байв. Саяхан ч гэх үү дээ сар хагасын өмнө санамсаргүй яваад лам дээр орчив. Ах хүү харин жил чинь орсон байна, хүн заавал засал хийлгэх хэрэгтэй үгүй бол ажил үйлс нь бүтэхгүй, элдэв муу зүйл тохиолддог гээд олон л таагүй юм дуулгадахав. Өнөө маргаашгүй ирж заслаа хийлгэх юм яриад гарсан ч тийм зүйлд сүжиггүй учир тэгээд л хаяв. Өмнөх шигээ болох юм нь болдог болдоггүй нь болдоггүй амьдрал хэвийнээрээ үргэлжлэх авч ямар нэг таагүй юм болохоор нь ах хүүгийн хэлсэн санаанд ороод сэтгэлд сэвтэй гэж яана. Сүүлдээ бүр санаанаас гарахаа байгаад "ер нь л заслаа хийлгэх ёстой юм байна" гэсэн бодолд автах болов. Сүртэй мөнгө орохгүй, бас сүртэй цаг зарцуулахгүйгээс хойш ингэж явахаар заслаа хийлгэхээр шийдэж өнөөх ах дээрээ очоод заслаа хийлгэчихлээ. Сэтгэл нэг л хөнгөрөөд явчих шиг. Хүн сэтгэлийн амьтан гэж нээрээ үнэн шүү ....

2008-10-31

Ubuntu 8.10 гарчихваа

Товлосон хугацаандаа буюу өчигдөр Ubuntu 8.10 хувилбар эцэслэн гарлаа. Цагийн зөрүүний улмаас болоод манайхаар бараг оройн 9, 10 цагийн үед зарлагдсан байх. Гэхдээ миний бие хөгжүүлэлтийн Alpha 5 хувилбараас эхлэн ашигласан бөгөөд хэрхэн хөгжиж, хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж байсан юм. Мөн нээлттэй эхийн програм хангамжууд нь зарлагдахаасаа хэсэг хугацааны өмнө эцэслэн гараад, толин буюу дэлхийн даяарх серверүүд рүү түгээгдэхэд бэлэн болсон байдаг ба Монголынхоо толин сервер дээр аль өглөөнөөс татаж аваад эхэлсэн байлаа. Ингээд хамгийн эхэнд татагдсан байснаар нь http://mn.releases.ubuntu.com/8.10/ubuntu-8.10-alternate-i386.iso -г татаж авч суулгав.

Суулгах явцдаа зарим нэг хийж байсан ажил болон чухал хэдэн файлыг авахаа мартан устгаснаас бусдаараа асуудал гарсангүй. Үүнээс болж зарим ажлыг эхнээс нь хийх, бас зарим нэг серверүүд рүүгээ хандаж чадахгүй болов. Болгоомжгүй байсан л хэрэг. Ер нь их давгүй, хувилбар бүрээс илүү сайжраад байгаа. Дэлгэцийн системийн хувьд шинэчлэгдсэн зүйлсийг эндээс харин серверийн хувьд эндээс хараарай. Миний хувьд дэлгэцийн системийн хэрэглээ маань вэб үзэх, баримт бичиг шивэх, мессенжердэх, дуу сонсохоор хязгаарлагддаг бөгөөд ихэнх цагаа терминалын ард өнгөрөөдөг нь нууц биш. Гэхдээ USB дээр системээ суулгах, ашиглах боломжтой болсныг нь тэгж байгаа туршиж үзнээ. Харин серверийн хувьд илүү сайжруулсан virtualization, java (openjdk), RAID гээд олон сонирхолтой боломжуудад нь татагдаад байна. Ер нь нэлээн их юм хийгдсэн дээ.

За хүмүүсээ нэг Ubuntu суулгаад туршаад үзээрэй, таалагдана шүү. Монголд байгаа хүмүүс http://mn.releases.ubuntu.com/8.10 дээрээс татаж авбал хамаагүй илүү хурдан байгаа шүү.

2008-10-29

Мундаг Google

Хамаг юм вэб рүү шилжээд үнэн гоё ч юм шиг үгүй ч юм шиг. Вэб 2.0 болоод зөвхөн мэдээлэл өгдөг байснаа болиод бүхэл төрлийн үйлчилгээ үзүүлдэг болж. Эндээс хамгийн мундаг, хамгийн том нь Google байх шив дээ. Анх зүгээр хайлт хийхээр гарч байсан бол таны өмнөөс тоо бодож, мөнгөн тэмдэгт болон хэмжих нэгжийг хялбархан хөрвүүлдэг болж. Жишээ нь, 2 pounds in kgгээд хайнгуут ойлгоход хэцүү pound гэдгийг чинь сайн найз kg рүү хөрвүүлээд л өгнө. Амазон дээрээс авсан юмны маань тээврийн зардал хэд гарахыг багцаалахад их хялбар болсон гэж. За тэгээд файлын төрлөөр, домэйн нэрээр хязгаарлан хайх энэ тэр гээд өчнөөн боломж байгаагын хэсгээс нь энд танилцуулсан байна. Google-г илүү ухаалгаар ашиглахад зориулагдсан гэнэ.

2008-10-25

Амьдралын өнгө

Амьдрал хэдэн өнгөтэй бол? 32 бит, 64 бит эсвэл 1024 бит байдаг юм болов уу? Ямар ч байсан миний мэдэхийн хүн бүрийн амьдрал өөр өөр өнгөтэй. Тэр нь тэгээд өнгөрсөн амьдрал, тухайн үеийн сэтгэл санаа, ирээдүйн талаар бодол зэргээс шалтгаалан цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч хэзээ ч яг ижил өнгө байдаггүй. Нэг тодроно, нэг бүдгэрнэ эсвэл өөр нэг туяа орж ирнэ. Хэдий ингэж хувьсан өөрчлөгдөх боловч суурь өнгө бараг өөрчлөгдөхгүй. Бас болоогүй энэ өнгөнүүд маань өөртэйгөө ижил эсвэл нийцтэй өнгийг үргэлж хайж эрнэ. Тэдгээр өнгөний мөн чанарыг таньж, нөхөрлөж, сүлэлдэхийг хүснэ. Амьдралын жирийн л нэг хууль.

Заза дуусгаж чадахгүй нь ... Ингээд орхилоо.

Вирусын эсрэг тулалдах нь

Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа. Хамгийн анх Norton, McAfee ашигладаг байсан бол сүүлрүүгээ Kaspersky ашигладаг байсан. Эцэст нь эргэлт буцалтгүй линукс руу шилжсэнээр вирус гэх зүйлээс айхаа больсон.

Харин сүүлийн үед ажлын шаардлагаар эргээд Windows-тэй нэлээн ойрхон ажиллах шаардлага гарах болов. Тэгээд ч гэрийн, хамаатны, найзын, найзын найзын гээд л бүх компьютер бараг бүгд Windows болохоор бүр мөсөн салж чадахгүй л байлаа. Бас болоогүй өмнө нь овоо хэдэн жил өдөр тутам хэрэглэж байсны туршлага маань ч их хэрэг болно. Тэгээд л нөгөө вирусны маань асуудал ахиад босч ирнэ. Яг одоо нэг найзынхаа компьютерийг хажуудаа янзлаад л сууж байна. Харж байхад сүүлийн үеийн вирус эсвэл хорт (malicious) програмууд нь хүнд хохирол учруулахаасаа илүү хүнийг шулах, ашиглахад илүү чиглэх болсон юм шиг. Жишээ нь таны компьютерийг СПАМ түгээх сүлжээндээ нэгтгэж илүү олон хүнд СПАМ-аа хүргэхэд ашиглах болно. СПАМ-р дамжаад бүр олон хүнд халдварлах болно. Эсвэл таны компьютер дээр байгаа үнэтэй мэдээллүүд эсвэл үйлдлүүдийг тань бүртгэж авч дараагийн хорт үйлдэлдээ ашиглана.

Ямар вирусын эсрэг програм дээр юм болоо? Kaspersky давгүй сайн элрүүлэх боловч их хүчин чадал шаардаж компьютерийн ажиллагааг удаашруулаг. Бас заримдаа лиценз нь асуудал үүсгэдэг. Nod32 болохоор жижигхэн, хурдан боловс кракдсаны дараагаар илрүүлэх чадвар нь илт мууддаг юм билээ. За Norton McAfee нар аль дээр л миний жагсаалтаас хасагдсан, эргэж үзэж амжаагүй л байна. Ингэхэд та ямар програмыг хэрэглэдэг вэ? Яагаад?

Ubuntu 8.10 горилогч хувилбар

За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ. Миний хувьд аль Альфа 5 хувилбараас хойш ашиглаж байгаа ба хэрхэн боловсорч гүйцэж байгааг харах, мэдрэх сайхан байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа эцсийн хувилбар гарахыг хүлээж байяа. Гэхдээ горилогч хувилбарыг туршиж үзмээр байвал http://mn.releases.ubuntu.com дээрээс эсвэл jigdo ашиглан татаж авах боломжтой.

2008-10-24

Молом гэсэн ...

Drupal дээр блогоо хөтлөж эхэлснээс хойш ер нь СПАМ-дуулж байснаа сайн санахгүй байх чинь. Гэтэл сүүлийн хэдэн хоногт viagra энэ тэр гээд элдэв юм үлдээгээд байх болж. Энэ нь мэдээж хэн нэгэн биш харин автоматжуулсан програмуудын хийдэг ажил. Хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй ч оройтоогүй байна. Ингээд хамгаалах аргуудын талаар багахан судалж байгаад Mollom гэсэг үйлчилгээг сонголоо. Нээрээ Молом гээд хүний нэр шиг ч юм шиг хэхэ. Миний блог том хэмжээтэй биш бас СПАМ нь хүнд асуудал биш учир үнэгүй хувилбарыг ашиглаж байна, үнэтэй нь овоо үнэтэй юм байна. Сэтгэгдэл бичих нь өмнөхөөсөө арай илүү ажиллагаатай болсон байх, гэхдээ элдэв онцгүй зүйлүүдээс хамгаалах гэж ингэж байгааг ойлгоорой. Нээрээ вэб хөгжихийн хэрээв вэбийн СПАМ ч бас асуудал болж байна шүү...

2008-10-23

"Линуксын нээлттэй сургалт" тун удахгүй

Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ. Сургалтанд хамрагдагсадын санал хүсэлт болон өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхээр сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйгээ сайжруулахаар ажиллаж байна.

Энэ удаад сургалт маань өмнөхийн сургалтуудын адил зөвхөн линукстай ажиллахад шаардлагатай анхан шатны мэдлэг олгохыг зорьж байгаа ба дараахь үдсэн сэдвүүдийг агуулна:

  • Чөлөөт болон нээлттэй эхийн програм гэж юу вэ? Хэрхэн хөгждөг вэ?

  • Линукс гэж юу вэ? Түүний үүсэл хөгжил ба өнөөдрийн байдал.

  • Файлын систем гэж юу вэ буюу эзэн болон эрхийг ойлгох нь.

  • Shell буюу бүрхүүл гэж юу вэ? Түүний үндсэн зарчим, ажиллагаа, ашиглалт.

  • Ubuntu дээр өөрийн хэрэгцээт програмыг суулгах, устгах.


Мөн өмнөхийн адил нэг долоо хоног буюу ажлын 5 өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд Ubuntu ашиглан заахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад сургалтанд хамрагдахыг хүсэгчид оюутан бас LiMNux бүлгэмийн гишүүн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьж байгаа ба бусад ямар шалгуур тавих болон хэдэн хүний хязгаартай байхыг албан ёсны зарлал дээр гаргах болно. Өмнөх явагдаж байсан сургалтуудын талаар багахан мэдээллийг эндээс бас эндээс авна уу. Тун удахгүй....

2008-10-19

Ronski Speed уучлалт гуйв

Өчигдөр орой Mass Club-д тоглох ёстой байсан Ronski Speed ирж чадахгүй болсон бөгөөд тоглолтоо 25-ны өдөр болгож хойшлуулжээ. Ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа өөрийн албан ёсны вэбээр дамжуулан мэдэгдээд, биднээс уучлалт хүссэн байна. Тэрээр ХБНГУ-ын иргэн ба Москвагаар дамжин нааш ирэх төлөвлөгөөтэй байсан боловч Берлин-Москва чиглэлийн нислэг хоцорсноос болон тэрээр ирж чадахгүй болжээ. Доор бүрэн эхээр нь хүргэж байна.



Вэбээс нь ороод бүтээлүүдийг нь сонсох боломжтой юм билээ. 25-нд тэнд уулзацгаая.

2008-10-15

MacBook Pro

Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа Apple-ийн бүтээгдэхүүний дизайн, ажиллагааг шагшин магтах болсон. Хөгжим тоглуулагч iPod шиг ашиглахад хялбархан, ойлгомжтой байхыг эсвэл гар утас iPhone шиг олон боломжтой, хүчирхэг хэрэгсэл байж болох юм гэдгийг магад тэд ойлгоогүй, ойлгохгүй байсан. Хэдхэн жилийн өмнө "мөхлийн эрмэг" дээр байсан компани өнөөдөр дэлхийн хөгжмийн зах зээлийг хянагч, гар утасны томоохон нийлүүлэгч басхүү хурдацтай өсч яваа компьютерийн компани болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Харин өнөөдөр сая сая хүн тэдний дараа дараагийн бүтээгдэхүүн юу байх бол гэдгийг чих тавин хүлээж, зах зээлд нийлүүлмэгч нь худалдаж авахаар анаж суудаг болсон байна. MacBook Air гэх дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютерийг гаргалаа, түүгээр нь HP-ийн нэгэн захирал төрсөн өдрийн бялуугаа зүсэв. Харин өчигдөрхөн MacBook Pro гэх цоо шинэ зөөврийн компьютераа олонд танилцууллаа. Би олон зүйл нуршихгүй, ямар бүтээгдэхүүн болсныг тэгээд түүнийгээ хэрхэн танилцуулдгийг өмнөх холбоосоос ороод үзээрэй. Тавьж байгаа presentaion-ы ямар чанартай, ямар төвшинд хийсэн байгааг хараарай, үнэхээр гайхамшигтай.

Миний хувьд сонсч хүмүүсийн хэрэглэж байгааг харснаас саяханыг хүртэл ашиглаж үзээгүй байлаа. Зун дүү маань iPod-той болов, тэрийг нь ашиглаж үзээд бараг л хайр зарласан. Ашиглахад үнэхээр хялбар бас ойлгомжтой. Хүмүүсийн ашиглаж байгаа iPhone их гоё, хүчирхэг хэрэгсэл гэдэг нь харагдах боловч гар утаснаас дуулга хийх, мессеж бичихээс өөр юм ашигладаггүй болохоор сонирхолтой биш. Харин өнгөрсөн долоо хоногт нэг ахынхаа MacBook-г монголоор бичдэг болгож өгсөн. Эндээс орж MongolianCYR.keylayout гэсэн файлыг татаж аваад /Library/Keyboard Layouts/ хавтас руу хийхэд л болчихно. Дараа нь тохиргоон дотор нь монгол хэл гээд гараад ирдэг юм билээ. Одоо надад байхгүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь, гэхдээ анх удаа ашиглаж байгаа болоод ч тэр үү эсвэл өөр систем ашигласаар байгаад дадсан уу надад лав ашиглахад маш хэцүү санагдсан.

Youtube - #2 хайлтын систем

comScore, Inc гэх компани тоон ертөнцийн мэдээллийн цуглуулж хэмждэг ба qSearch гэх судалгаагаар сар бүрийн хайлтын зах зээлийн талаар мэдээллийг гаргадаг юм байна. 8-р сарын байдлаар хайлтын зах зээлийн тэргүүлэгч нь мэдээж Google ба тэд 63%-ийг эзэлдэг, Yahoo 19.6%-г эзэлдэг бол Microsoft 8.3%-иар удаалж байна. Мөн 8-р сард Youtube дээр нийт 2,564 хайлт хийгдсэн бол Yahoo дээр 2,393 хайлт хийгдэж Youtube маань 2 дахь том хайлтын систем болжээ. Харин Google дангаараа 7,594 хайлтыг эзэмшихээс гадна хамгийн том хоёр хайлтын системийг эзэмшиж байна. Тодруулж хэлэхэд 7,594 гэдэг нь 7 тэрбум хагас гэсэн үг юм байна.

2008-10-14

Холливүүд ба дайршлын үр нөлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэртээ зурагт үзэж байтал "Карибийн Тэнгисийн Дээрэмжид" киноны 4-р анги хийгдэх болсон, тэгээд Jack Sparrow дээрэмчний дүрд тоглох жүжигчин нь 56 сая доллар авахаар болсон тухай гарав. Нэвтрүүлэгчийн хэлж буйгаар 56 сая нь өнөөдрийн байдлаар Холливүүд дахь хамгийн өндөр хөлс болон тэмдэглэгдэж байгаа талаар дурдаж байв. Яагаад өмнө нь ийм өндөр хөлс төлдөггүй, нөгөөх нь авдаггүй байсан юм бол? Миний бодлоор үүнд даяаршил нөлөөлсөн. Хэдхэн жилийн өмнө Холливүүд нэг кино хийгээд түүнийгээ АНУ болон зарим нэг томоохон кино театруудын сүлжээгээр гаргадаг байсан байх. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, төрөл бүрийн хэлээр кино театруудад гаргаад зогсохгүй DVD, Blu Ray гээд өндөр чанартай хэлбэрээр үзүүлэх боломжтой болжээ. Энэ бол зүгээр л технологийн хөгжил, даяаршлын үр нөлөө юм. Бидэнд ч бас ийм боломж адилхан бий гэж боддог ...

2008-10-12

Wikipedia Ubuntu-руу системүүдээ шилжүүлнэ

Бидний сайн мэдэх, мэдлэгийн их далай болсон Wikipedia өөрийн дэд бүтцэд ашиглагдаж буй RedHat Linux болон Fedora-ийн холимог хувилбарууд бүхий 400 серверүүдээ Ubuntu руу шилжүүлэх болсноо өчигдөр зарлажээ. Ийнхүү нэгдсэн нэг систем рүү шилжих нь арчилгаа, үйлчилгээг маш ихээр хялбарчлах бөгөөд илүү найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад туслах юм байна. Ер нь аливаа байгууллага нь аль нэг эсвэл цөөхөн хэдэн системийг стандартлах, түүнийгээ үйл ажиллагаандаа ашиглах нь боловсон хүчний сургалт хийгээд шинэ систем нэвтрүүлэх зэрэгт маш их хэмнэлт авчирдаг.