2008-10-25

Вирусын эсрэг тулалдах нь

Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа. Хамгийн анх Norton, McAfee ашигладаг байсан бол сүүлрүүгээ Kaspersky ашигладаг байсан. Эцэст нь эргэлт буцалтгүй линукс руу шилжсэнээр вирус гэх зүйлээс айхаа больсон.

Харин сүүлийн үед ажлын шаардлагаар эргээд Windows-тэй нэлээн ойрхон ажиллах шаардлага гарах болов. Тэгээд ч гэрийн, хамаатны, найзын, найзын найзын гээд л бүх компьютер бараг бүгд Windows болохоор бүр мөсөн салж чадахгүй л байлаа. Бас болоогүй өмнө нь овоо хэдэн жил өдөр тутам хэрэглэж байсны туршлага маань ч их хэрэг болно. Тэгээд л нөгөө вирусны маань асуудал ахиад босч ирнэ. Яг одоо нэг найзынхаа компьютерийг хажуудаа янзлаад л сууж байна. Харж байхад сүүлийн үеийн вирус эсвэл хорт (malicious) програмууд нь хүнд хохирол учруулахаасаа илүү хүнийг шулах, ашиглахад илүү чиглэх болсон юм шиг. Жишээ нь таны компьютерийг СПАМ түгээх сүлжээндээ нэгтгэж илүү олон хүнд СПАМ-аа хүргэхэд ашиглах болно. СПАМ-р дамжаад бүр олон хүнд халдварлах болно. Эсвэл таны компьютер дээр байгаа үнэтэй мэдээллүүд эсвэл үйлдлүүдийг тань бүртгэж авч дараагийн хорт үйлдэлдээ ашиглана.

Ямар вирусын эсрэг програм дээр юм болоо? Kaspersky давгүй сайн элрүүлэх боловч их хүчин чадал шаардаж компьютерийн ажиллагааг удаашруулаг. Бас заримдаа лиценз нь асуудал үүсгэдэг. Nod32 болохоор жижигхэн, хурдан боловс кракдсаны дараагаар илрүүлэх чадвар нь илт мууддаг юм билээ. За Norton McAfee нар аль дээр л миний жагсаалтаас хасагдсан, эргэж үзэж амжаагүй л байна. Ингэхэд та ямар програмыг хэрэглэдэг вэ? Яагаад?

No comments: