2008-10-03

Ubuntu 8.10 beta гарлаа, jigdo ашиглах нь

Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр Ubuntu 8.10 хувилбарын бета хувилбар гарлаа. Миний бие UDW-ийн эхний өдөр л 8.10-ийн хөгжүүлэлтийн хувилбар руу өөрийн системийг шилжүүлэн ашиглаж байгаа ба их давгүй сайхан болсон гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлтийн хувилбар ашиглахтай холбоотой баахан асуудлууд үүсдэг ч ер нь даваад гарсан. Харин beta нь хөгжүүлэлтийнх боловч томоохон хэмжээний асуудал үүсэхгүй, бараг бэлэн болсон гэдэг утгыг илэрхийлдэг болохоор ахиж татаж авч туршихаар шийдлээ. Татаж авах гэтэл http://mn.releases.ubuntu.com дээр хараахан орж ирээгүй байгаа (өнөөдөр л татуулж эхлүүлсэн), http://releases.ubuntu.com дээрээс татах гэхээр хэтэрхий удаан. Үүнд бас нэг гарц байдаг нь jigdo гэж жижигхэн багаж юм, гэхдээ зөвхөн debian төрлийн систем дээр ажилладаг.

Jigdo-ийн ажиллах зарчим маш хялбар. Jigdo нь өөрийн гэсэн .jigdo болон загвар файлаас бүрдэнэ. .jigdo файл дотор ямар ямар файл байх болон түүний checksum байна. Үүнийхээ тусламжгайраар jigdo нь богц бүрийг нэг нэгээр нь татаж авах ба дуусмагцаа iso файл үүсгэх юм. Ийнхүү iso үүсгэх явцдаа файл бүрийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Хамгийн гол давуу тал нь богцуудыг татахдаа бид өөрсддөө хамгийн ойр байгаа толин серверийг ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл http://mn.archive.ubuntu.com-г ашиглана гэсэн үг. За ингээд ашиглах гээд үзье.

Юуны өмнө sudo apt-get install jigdo-file гэсэн тушаалаар jigdo-оо суулгана. Үүнийхээ дараагаар http://releases.ubuntu.com/intrepid/ хаягаас ороод өөрт хэрэгтэй хувилбарынхаа .jigdo болон .template файлуудыг татаж авна. Миний хувьд wget http://releases.ubuntu.com/intrepid/ubuntu-8.10-beta-alternate-i386.jigdo болон wget http://releases.ubuntu.com/intrepid/ubuntu-8.10-beta-alternate-i386.template гэсэн тушаалуудаар дээрх хоёр файлыг татаж авсан. За дараа нь татаж авсан хавтас руугаа ороод jigdo-lite <файлын нэр>.jigdo буюу минийхаар jigdo-lite ubuntu-8.10-beta-alternate-i386.jigdo гэсэн тушаалыг өгнө. Ажиллуулмагч танаас хэд хэдэн асуулт асуух ба Ubuntu Mirror гэдэгт http://mn.archive.ubuntu.com/ubuntu гэж хариулах ба бусдад нь хариулахгүй байхад болно. Үүний дараагаар таны өмнө гайхамшиг өрнөж, хэсэг хугацааны дараа .iso файл үүссэн байх болно. Дахин хэлэхэд jigdo нь debian суурьтай бүх линукс тархацуудад ашиглах боломжтой бөгөөд Ubuntu, Debian аль алин дээр нь болно.

No comments: