2007-07-26

OBP 2007.07 болж өнгөрлөө

Өмнө нь http://www.limnux.org вэб сайт дээр зарласны дагуу энэ сарын маань Open Beer Party өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Удахгүй болох системийн администраторуудын өдөр, Огоо удахгүй явах, би явж ирсэн за тэгээд эцэст нь Beer Party гээд олон шалтаг, шалтгаан байсан гэхэд болно. Миний бие явж ирсэн сониноосоо хуваалцаж, олон зүйлсийн талаар ярьсан боловч онцлох хэдэн зүйлсийн талаар энд бичих гэсэн юм.

Нээлттэй эхийн график орчин болох GNOME-г монгол хэл рүүгээ үтэр түргэн орчуулах дээр санал нэгдлээ. 9-р сарын дундуур 2.20 хувилбар гарах бөгөөд түүний 80%-с дээшийг орчуулж байж бид албан ёсны дэмжигдсэн хэл болох болно. Үүгээрээ бас Software Freedom Day гээд дэлхийн нийтийн арга хэмжээнд оролцож, бусад орны багуудтай өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин үүнийг хэрхэн хийх тал дээр багахан санал зөрөлдөөн гарсан боловч ойрын хугацаанд нэг цугларч энэ талаар нухацтай ярилцахаар тохиролцов. Тухай бүрт нь блог бичих болно, харин та оролцох сонирхолтой байвал чих тавьж л байгаарай, 9-р сарын 10-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөө байна.

LiMNux линукс хэрэглэгчийн бүлгэм маань аль 3-р сард байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл зорилго зорилт болон бүтэц зохион байгуулалт нь олонд тодорхой, нээлттэй бус байна гэдэг шүүмж гарав. Санал нэг байна, миний бие үүсгэн байгуулж зорилго, бүтцийн хувьд олон талаас боддож, хүмүүстэй санал солилцох боловч одоогоор яг энэ гээд гаргаад тавьсан зүйл алга. Ажлын хэсэг гарган ойрын үед хэлэлцэхээр болов.

Системийн администраторуудын өдрийг өчигдөр хэсэг нөхдийн хүрээнд тэмдэглэв. Ноднин зохион байгуулсан Системийн Администраторуудын Чуулга уулзалтыг энэ жил хэрхэн яаж хийх талаар бага сага санал солилцлоо. Миний зүгээр 10-р сарын сүүлийн баасан гарагийг санал болгосон, олонхоор дэмжигдсэн байгаа, бас удахгүй ажлын бүлэг гарган ажилд орох байх. Хамгийн гол нь энэ жил илүү нарийн зүйлс ярьсан, жинхэнэ мэргэжлийн түвшинд болоосой гэж хүсч буйгаа олон хүн илэрхийлсэн тийм болохоор тэр тал дээр илүү анхааран ажиллах байх, түүндээ ч хүрцгээнэ.

Яг үнэндээ бидний хувьд, ялангуяа миний хувьд олон нийтийн ажил зохион байгуулах тал дээр нэлээн туршлага дутаж байна. Бас энэ удаагийн уулзалтын давуу тал нь төдийлөн амжилттай зохион байгуулж чадаагүй Linux InstallFest 2007-н талаар илэн далангуй ярилцав. Юу дээр яаж алдсан гээд бүхий л алдаа дутагдлаа нээлттэй сайхан ярилцаж цаашид тэдгээр зүйлс дээр илүү анхаарах тал дээр ажиллацгаахаар болов. Товчхондоо бол иймэрхүү цаашид илүү дэлгэрэнгүй зүйлс бичнэ.

No comments: