2007-07-19

Даруу зан уу эсвэл

Энд байгаа нээлттэй эхийн хөгжүүлэгч монгол хөгжүүлэгчдийн ер нь монгол хүний хооронд нэг зүйл дээр асар их ялгаатай юм. Үүнийг би аль дээр мэддэг байсан л даа гэхдээ өнөөдөр үүнийг маань сануулсан нэг зүйл тохиолдсон болохоор та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Шөнө нэг л нойр хүрдэггүй, босч сууж байгаа шалтгааныг нь олох гээд бодож гарлаа олдоггүй. Жаал сууж байгаад ер нь ингэж харанхуй өрөөнд сууж байхаар доош бууж интернэтэд холбогдохоор шийдээд буутал хэдэн нөхдүүд нийлээд суучихсан код бичиж байх нь тэр. Өглөө дөнгөж 5 өнгөрч байхад ш дээ, тэгээд "унтах болоогүй ээ" гэж яриад байгаа юм бас. Олон юм ярилгүй интернэтэд орж эх орныхоо сонин сайхнаас дуулах гэтэл байдаггүй ээ, интернэт ордоггүй. Жаал оролдож сууснаа залхаад дэмий баахан суув. Сүүлд нь ер нь ингэж суухаар өрөөндөө орж орондоо сууя гэж бодоод буцах замдаа нөгөө нөхдүүдээс юу хийж байгааг нь асуувал Telepaty-д MSN-ий дэмжлэгийг хийхээр сууж байгаа аж. Тэдний яриа өмнө нь сонсогдож байсан ба Microsoft-г заахан зүхээд байсан юм. Эндээс түүх эхэлж байна.

Ажил хэрхэн явж байгаад асуутал мэдээлэл бол асуудалгүй солилцож байгаа одоо цаад хүнийхээ зургийг (avatar) гаргачихаж байна харин цаад хүнийх рүү өөрийнхийгөө гаргаж чадахгүй байна гэнэ. Вэбкамерны асуудал үүнтэй төстэй тул нэгэнт үүнийг шийдчихвэл цаашаа гайгүй гэж байна. Харин Yahoo Messenger-н талаар асуутал их янзгүй ээ. Microsoft Yahoo-д ашиглагддаг технологийг хийсэн бөгөөд зүгээр л ажиллуулаад орхисон яг хийе гэж хийгээгүй болохоор новш гэж байна. Тэгээд өөр олон зүйлс асуухад тэд огт дургүйцэхгүй ярилцах ба түүндээ ч их дуртай. Харин монгол хүнээс асуусан бол тэд тэгэсгээд л нэх олон юм ярилгүй яриаг унтраана, Хэдийгээр энэ өөрчлөгдөж эхэлж буй ч энэ юуных вэ?

Монголчууд бид эрт дээр үеээс хүн өөрийн тухай эсвэл өөрийн хийсэн, хийж буй болоод хийх гэж буй зүйлийн тухай ярих буюу "би" үзлийг аль болох дарахыг оролдсоор ирсэн. Үүнийг эрдэмтэй хүн даруу, өөрийгөө магтвал адгийн тэнэг гээд маш олон зүйр цэцэн үгнээс харж болно. Энэ үгс хоосноос үүсээгүй нь лавтай, наад зах нь бусдыг гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг байх. Би хувьдаа монгол зүйр цэцэн үгсд итгэдэг, цаанаа л нэг юм өгүүлж байдаг. Гэвч энэ "би" чинь тийм хүний айдас хүргэх эд мөн үү? Үгүй. Шинжлэх ухаан хөгжсөн соёлт энэ ертөнцөд хүн гэдэг амьтан юу олж нээснээ болон юу хийснээ олонд дуулгаж, өөрөөрөө бахархаж, бусдаар хүндлүүлж, түүндээ урамшин улам ихийг бүтээх урмаар тэтгэгдэн ирсэн. Гэтэл хүний энэхүү амин чухал тэжээл нь монголчууд бидний "би"-г дарах үзэлд дарагдан сэтгэлийн мухарт шахагдан оршсоор, сүүлдээ бүр үндэсний онцлог болох шахжээ. Үүний дүнд дуу цөөтөй, бүрэг хүмүүсээр Монгол Улс дүүрчээ. Энэ нь хүмүүсийн харилцаанаас авахуулаад олон зүйлсийг хойш татаж буй ч шинэ үеийнхэн маань шал ондоо хүмүүжиж, ондоо болж байгааг бид өдөр тутам харж, мэдэрч байна. Жишээ нь миний 13 настай дүү миний 13 наснаас тэс ондоо байдаг. Үүнээс гадна хүн төрөлхтөн алдарт нэр хүртэхийн төлөө ширүүн тэмцэл хийн, өөрийн нээлт болон бүтээлийг олонд зарлахаар уралдан ажиллацгааж байна. Үүний тод жишээ бол хүн анх саран дээр хөл тавьсан явдал. Гэхдээ мэдээж өвөг дээдэс маань урам болоод нэр алдрын талаар мартаагүйгээр барахгүй түүнийг чухалчлан "бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ", "дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө" гэдэг биз. Хүмүүсээ өнөөдрөөс бүгдээрээ нэг нэгэндээ инээмсэглэл бэлэглэж, амар мэндийг нь асууж, үзэл бодлоо чөлөөтэй солилцож, блогоо бичицгээж чөлөөтэй сайхан амьдарцгаая.

Гэхдээ мэдээж "би" нь "БИ" эсвэл бүр том болвол хор уршигтай нь ч уршигтай шүү. Тийм болохоор хужрыг нь таруулах л хэрэгтэй.

No comments: