2008-03-30

Террорист 2.0

Өчигдөрхан Саак дээрээс татаж авсан Vantage Point киногоо хальт зав гарсан дээр нь өчигдөр үзэв. Үйл явдал нь Испанид албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгчийг устгахаар оролдож буй алан хядагчид, бас нөгөө талаас хамгаалах гэж оролдож буй хамгаалалтын албаныхны тэмцэл юм. Хамгаалалтын албаныхан алан хядагчдын төлөвлөгөөтэй холбоотой газрын зураг олсноор ерөнхийлөгчийн хуурамч дүрийг илгээж, тэр нь буудуулж нас барсан байдаг. Алан хядагчид хуурамч ерөнхийлөгчийг устгаад жинхэнэ ерөнхийлөгчийн нуувч руу дайралт хийнэ. Хамгийн сонирхолтой нь нөгөө олдсон газрын зураг нь Google Earth болон Google Maps дээрээс авсан газрын зураг, дээр нь хийсэн тэмдэглэгээ байдаг. Бас гэмт бүлэглэл нь үндсэн 3-хан хүнтэй бөгөөд ихэнх зүйлсийг автоматжуулж, толгойлогч нь гар утаснаасаа бүгдийг удирдана. Жишээ нь хуурамч ерөнхийлөгчийг буудахдаа гар утсаа ашиглан бууг онилон буудна, ердөө л хэдхэн товч, хэдхэн комманд өгнө. Дараа нь бөмбөг дэлбэлнэ, бас л гар утас шиг нөгөө л нэг жижиг төхөөрөмжөөрөө удирдана.

Сүүлд нэг ном уншиж байхад Афганистан билүү Иракад байдлаж байсан Англи улсын цэргүүд дайсны нуувчнуудаас Google Earth дээрээс авсан маш өндөр нарийвчлалтай, координат бүхий газрын зургууд болон байршил тогтоох төхөөрөмжүүдийг олж байжээ. Энэ нь нэг биш удаа тохиолдсон байх юм. Үүний дараагаар Английн цэргүүд цочирдолд орж, өмнөхөөсөө илүү айдаст автаж эхэлсэн гэнэ. Учир нь дайснууд энэхүү технологийн дэвшилд тулгуурлан илүү нарийн төлөвлөлт хийж, урьд өмнөхөөсөө илүү хор хөнөөл учруулах дайралт хийх боломжтой болж буй юм. Өмнө зөвхөн цэргийнхэнд байсан технологиудыг вэб 2.0-ийн тусламжтайгаар хэн ч гэсэн ашиглах боломжтой болсон. Гэвч үүнд нь хэн ямар зорилгоор хэрхэн ашиглах гэж байгаа талаар ямар ч хяналт тавьдаггүйд гол аюул эсвэл эрх чөлөө оршиж байна.

Харин Монгол Улсын маань хувьд ямар байгаа бол? Засгийн Газарт Google Maps дээр байгаагаас илүү нарийвчлалтай магад илүү сүүлд бүтээсэн газрийн зураг байгаа болов уу? Бидний одоогийн дайснууд эсвэл ирээдүйн дайснууд технологийн дэвшлийг ашиглан биднээс илүү ухаантай, илүү хүчирхэг болж байна, харин бид?

No comments: