Юуны өмнө миний блогийг уншиж буй эрхэм эр хүн танд эр цэргийн баярын мэндийг хүргэе. Гэхдээ зөвхөн хэрэв та цэргийн алба хаасан бол шүү дээ. Хэдийгээр би гэдэг хүн ардчилсан нийгэмд амьдарч буй бусад хүмүүсийн адилаар бусад хүмүүсийн эрхээр өөрийн эрхийг хязгаарлаж, хөгжил дэвшил өөд тэмүүлэн давших боловч зарим нэг тал дээр консерватив буюу хуучинсаг үзэлтэн байх юм. Энэ маань эхний хоёр өгүүлбэрээс танд ил болж буй байх.
Бид ерээд оноос эхлэн өдий хүртэл ардчилал гээч зүйлийг Монгол Улсынхаа хөрсөн дээр буулгаж, хүн бүрийн ухамсарт суулгахаар зүтгэж, тэмцэж явна. Энэхүү ардчилсан нийгэм нь хүн бүрт өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, сонгох болон сонгогдох эрх, ер нь өөрийн дуртай бүхнийг хуулийн хүрээнд хийх эрхийг олгож, хэн хөдөлмөрлөсөн нь бусдаасаа илүү амьдрах боломжийг олгож буйгаараа хуучин нийгмүүдээс ялгаатай. Ямар баяраа хэрхэн тэмдэглэх нь бидний л дур гэсэн үг. Хуучин нийгмийн үед зөвхөн цэргийнхэн л тэмдэглэдэг байсан баярыг өнөөдөр бүх нийтээрээ эрчүүдийн баяр болгон хавтгайруулан тэмдэглэх боллоо. Яг ямар учир жанцантай яадаг баярыг яг таг мэдэхгүй ч зөвхөн цэргийн хүмүүс баярладаг байсан баяр болохыг мэдэх юм. Зарим нэг талаараа эр хүн болгон цэрэг боловч нөгөө талаараа биш. Тиймээ, бид эр хүн болсноороо бахархан баярлах хэрэгтэй ч өнөөдөр бид хэн болоод буйг анхаарах хэрэгтэй юм шиг.
Сая гадуур явж байтал хэдэн 10 жилийн бололтой хөвгүүд чанга орилолдон хажууханд ирээд нэг нэгтэйгээ хэрэлдэн муудалцана. Харвал нөгөө нэг зүйлийг овоо сайн хүртсэн бололтой. Таавал нөгөө эрчүүдийн баярыг тэмдэглэж яваа байх. Нэг нэгэн рүүгээ хашгичин орилж, үсчин цовхцож, чулуу нүүлгэлцсээр хажуугаар өнгөрөн одно. Бас болоогүй нэг нэгийгээ бүлэглэн зодно, зодолдоно. Таны бодлоор энэ хэр зохистой вэ? Энэ янзаараа доройтон сульдаж, нийгэм эзлэх байх суурь, үнэ цэнээ алдсаар байна. Сүүлийн жилүүдэд эрчүүд бид эмэгтэйчүүддээ гологдож, эмэгтэйчүүд маань харийн эрчүүдийг сонгох болсон нь үнэхээр эмгэнэл. Энэ талаар өнөөдөрхөн надад нэгэн бүсгүй хэлж билээ.
Учир шалтгааныг нь мэдэхгүй ч сүүлийн жилүүдэд залуус бид өөрийн үнэ цэнийг ихээр алдаж, бас үүндээ гутран гашуун усанд дурлах нь ихсээд байна. Энэ нь үнэ цэнийг нэмэх биш улам бүр дордуулсаар, ингээд цааш үргэлжилсээр. Ийм сул дорой, ар гэрээ байтугай өөрийгөө ч аваад явах чадалгүй хүнийг ямар л эмэгтэй хүн гэрийн эзнээр залж, бас амьдарлынхаа, ар гэрийнхээ ноён нурууг хийх билээ. Үүнийг нь бас л гутрал, архидалт дагана. Оюутнуудыг 60 гаруй % нь эмэгтэй харин үлдсэн нь эрэгтэй байна гэнэ. Энэнд бидний уламжлалт эсвэл нөгөө хуучинсаг сэтгэхүй нөлөөлж байна. Ингээд бичээд байвал бичээд л байх нь. Залуусаа бидэнд эрх чөлөө байна, гэхдээ үнэ цэнэ, хүч чадал алга. Энэ эрх чөлөөгөө дуртай зүйлээ хийж, нарчиж цэнгэх боломж гэхээсээ илүү өөрийн мөрөөдлөө биелүүлэх, зорьсон зорилгодоо хүрэх боломж гэж хүлээн авцгаая. Бүгдээрээ айл гэрийн ноён нуруу, гэргийнхээ тулах түшиг, үр хүүхдийнхээ үлгэр жишээ болохын төлөө тэмцэж, өөрийнхөө бүхий л хүчин чадлыг дайчилцгаая. Та энэ талаар юу гэж бодож байна?
Нэмэлт: Энэ өдрийн өнгийг харвал согтуу эрчүүд баар цэнгээний газраар дүүрэн, зодоон цохион элбэг, эрүүлжүүлэгдэх болон хонох газрын олдоц муу, эрчүүдийн ааш авир догшрон ширүүсч, гар тааралдсан бүхнийг хагачин хэмхчих нигууртай тул орой үдшийн цагаар олон нийтийн газраар явахгүй байвал зохилтой.
No comments:
Post a Comment