Миний бодлоор бид шинэ нийгэм рүү шилжихээр аажим урагшилж явна. Энэ нийгмийг даяаршсан, мэдээллийн технологийн, хавтгай дэлхийн, вэб 2.0-ийн гэх мэтээр янз бүрээр тодорхойлж байна. Гэвч энэ нийгэм нь бидэнд цоо шинэ амьдралын хэв маяг, харилцааны загварыг санал болгож хүлээж авсан нэгэнд нь өгөөжөө өгч, хүлээж аваагүй нэгнийг тоглоомоос хасч байх шиг. Айсуй энэ нийгэм биднээс "итгэл" гэдэг зүйлийг л шаардаж байх шиг.
Өмнөх нэгэн блогтоо мэдлэгийн гэх эрин зуунд мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг өндрөөр үнэлэх болж, танаас олон талын чадварыг бус харин тодорхой зүйлийг маш сайн чаддаг байхыг шаардах болсон талаар бичсэн. Гэхдээ зөвхөн нэг зүйлийг чадаад бусдыг нь чадахгүй биш суурь мэдлэг сайтай басхүү хөрвөх чадвартай байж гэмээнэ бид ирээдүйд хангалуун амьдралд хүрнэ. Харин өнөөдөр бид аль болох бүх юмыг сурчих гээд, бүгдийг хийчих гээд ер нь буруу зүгт яваад, хамаг хүчээ тарамдаад байх шиг. Үүнд хэнийг ч буруутгах аргагүй ч бас нөгөө талаараа бид нэг нэгэндээ итгэх итгэл суларснаас эсвэл бүр байхгүй болсноос энэ үзэгдэл илүү газар аваад байгаа юм болов уу гэж бодогдох юм. Шинэ нийгэмд бидний амьдрах дүрэм маш энгийн "би чаддагаа хийе, хөдөлмөрөө үнэлүүлье, харин чаддаггүй зүйлээ танд даатгаад танаар хийлгэе, хөдөлмөрийг чинь үнэлье" гэж байх болов уу. Энэ нь аутсорсингийн зарчим юм болов уу. Хараад байхнээ хувь хүн, байгууллагууд хэт их зүйлийг өөр дээрээ төвлөрүүлж, түүнийгээ өөрөө хийх гэснээр маш их хүч тарамдахаас гадна "алтан цаг"-ийг үр дүнгүй үрж байна. Жишээ нь байгууллага бүр нягтлан бодохтой, тэр нь ихэнх байгууллагын хувь бараг хийгээд байх ажил байхгүй, сар бүр нэг тайлан гаргана, улирал бүр татвар түүнийгээ мэдээлнэ. Өөр сүртэй хийгээд байх ажил байхгүй. Үүний оронд нэг тайлан гаргадаг итгэлтэй, мэргэжлийн байгууллага байдаг тэр нь тэгээд 10 байна уу, 100 байна уу, 1000 байна уу компаниудын санхүүгийн тайланг найдвартай гаргаад өгдөг, басхүү санхүүгийн талаар зөвлөлгөө өгдөг байвал болоод явчих юм шиг. Үнэ нь ч боломжийн байх ёстой. Бас мэдээллийн технологийн мэргэжилтэн байна. Тэр хүн юу мэддэг, юу чаддаг байх нь огт сонин биш компьютертай ямар нэг шижмээр холбогдож л байвал тэр хүн бүгдийг хийх ёстой. Засварын нь засварчдад хариуцуулаад, хэвлэлийг нь хэвлэлийн компанид хариуцуулаад, интернэтийг нь интернэтийн компанид хариуцуулаад, өөрсдөө хажуудаа нэг зөвлөх компани хөлсөлж аваад ажиллуулбал хальт харахад зардал өндөр мэт боловч цаг хугацааг хэмнэж, хамгийн гол нь мэргэжлийн, чанартай үйлчилгээ авах юм байгаан.
Ингээд ирвэл бид бүгд ч гэсэн тодорхой зүйл дээр төвлөрөх, мэргэших боломжтой эргээд Монгол Улс маань дэлхийн тавцанд гараад өрсөлдөх чадвартай болох юм шиг. Энэ нь цоон хүн амтай манай улсад анхаарах чиглэл, тохирох бодлого бас шинэ нийгмээс бидэнд өгч буй бэлэг мэт. Бид бүгдээрээ нэг нэгэндээ итгэх итгэлээ дахин нэг харж үзээд чаддаг хүнээр нь чаддаг юмыг нь хийлгээд, хамтраад, өрсөлдөөд явбал ч ...
No comments:
Post a Comment