2008-03-12

Оюутнуудад өгсөн зөвлөлгөө

Өнөөдөр ажил дээрээ сууж байтал USI сургалтын төвийн оюутнуудад өөрийн компани болон үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач гэсэн хүсэлт ирлээ. Тэдгээр оюутнууд Мэдээллийн Технологийн Паркад байрлаж буй мэдээллийн технологийн компаниудтай танилцах аялал хийж явсан ба салбарын талаар онол, хоосон яриа бус бодит байдал, үйл ажиллагааны талаар ойлголт өгөх гэж энэхүү аялалыг хийсэн болов уу гэж тааж байна. Манай компаний ээлж ирснээр 30 орчим эрэгтэй эмэгтэй холилдсон залуучууд орж ирэв. Тэдэнд компани болон үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийснийхээ дараагаар тэднээс асуух асуулт байгаа талаар асуухад тэдэнд асуулт байсангүй. Харин оюутнуудын хамт явж байсан Буянцогтоо ах их сонирхолтой асуулт тавьж, бас надад блогийн сэдэл өглөө.

Тэрээр "цаашид юунд илүү анхаарах ёстой вэ, эдгээр оюутнуудад юу гэж зөвлөх вэ" гэж асуусан юм. Мэдээллийн технологи нь маш хурдацтай хөгжиж, хэн хүнгүй хөгжлийг нь гүйцэх нь битгий хол хоцорчихгүй дагаж явахад ч хэцүү болсоор. Энэ нь дан ганц мэдээллийн технологийн салбарынхан бидэнд учирч буй бэрхшээл бус болоод байна. Мэдээллийн технологи нь бүх салбарт нэвтэрснээр хүн бүрийг технологийн чадварлаг хэрэглэгч байхыг шаардах боллоо. Цаашид байдал улам хурцдах бололтой. Гэтэл биднийг юу хүлээж, бид юунд анхаарч, бас яаж амьдрах ёстой вэ? Энэ асуултанд өөрийнхөөрөө товч хариулахыг хичээе.

Бидний энэ амьдарч буй зууныг маш олон янзаар тодорхойлж зарим нэг улсын нэрээр (Хятад) ч хүртэл тодорхойлоод авсан. Гэвч дийлэнхийн саналыг авч байгаа тодорхойлолт нь аль нэг улс орон бус харин мэдээллийн технологийн, мэдлэгийн эрин зуун юм. Миний бодлоор энэ хоёр цаана бидэнд нэг л юмыг хэлнэ. Зөвхөн энэ зуунд ч биш хүн төрөлхтөн оршин байх бүхий л хугацаанд зөвхөн мэдлэгтэй, чадвартай, чухал хүн л өндөр үнэлэгдэнэ. Нэг талаараа цахилгаан эрчим хүч, мэдээллийн технологи нь бидний амьдралыг хөнгөвчилж, илүү өргөн сонголт, илүү боломжуудийг бий болгож байгаа боловч биднээс өндөр чадвар шаардаж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж бас зарим нэг мэргэжлийг хорвоогийн хөрснөөс арчиж дөнгөсөн. Цахилгаан эрчим хүч үүссэнээр хувь хүний бүтээмж өндөрсөж, илүү цөөн хүнтэй боловч хүчин чадал өндөртэй үйлдвэрүүд бий болсон. Харин мэдээллийн технологийн тусламжтайгаар хувь хүн олон ажлыг нэгэн зэрэг, богино хугацаанд гүйцэтгэх боломжтой болсноор 1-с 5-хан ажилтантай компаниуд хэвийн үзэгдэл боллоо. Саяхан нэг ном уншиж байхад мэдээллийн технологи хөгжсөнөөр АНУ-ын хэвлэлийн салбарт ажиллагсад сүүлийн хэдхэн жилд бараг 40% буурсан, харин өндөр чадвартай мэргэжилтнүүдийн үнэ цэнэ сүүлийн 30 жилийн хугацаанд 300 гаруй дахин нэмэгдсэн байх юм. Үүний дүнд нийгмийн баялагийн хуваарилалт шог болж, цөөхөн баян, баахан ядуустай нийгэм үүсэх нь. Энэ хандалаг цаашид үргэлжилнэ, улам хурдасна. Хэдийгээр энэ нь хар дарсан зүүд мэт боловч биднийг тойрч биш дайрч гарах үнэн. Үүнээс мэдлэгийн эрин зуун, мэдлэгтэй бас чадвартай байх нь ямар чухал болохыг багахан ч боловч ойлгож байгаа байх. Бид яах ёстой вэ?

Сайн суурь мэдлэг, нарийн мэргэшсэн мэргэжилтэн бидний аминд орно. Нэгэнт технологи ингэж гүйцэгдэхээргүй хурдацтай хөгжиж байгаа болохоор залуус бид ямар нэг зүйлийг барьж аваад түүгээрээ нарийн мэргэших хэрэгтэй. Ингэж байж гэмээнэ бид тухайн зүйлдээ хоцрохгүй байх боломжтой. Энэ нь мэдээж нэг зүйлийг судлаад бусдыг нь хая гэсэн үг биш. Энэ нийгэм нь таниас нарийн өндөр чадварыг шаардахаас гадна хөрвөх чадварыг бас шаардаж байна. Харин өндөр хөрвөх чадвартай байхын тулд бидэнд маш сайн суурь онолын мэдлэг хэрэгтэй. Шинэ үеийн залуусын амьдралын томъёо маш энгийн. Нэгэнт мөнгийг нь төлөөд, цагаа үрээд сурч байгаа бол бас дараа ахин сурч цаг алдахгүйн тулд хичээлээ сайн хий, сайн сур, суурь мэдлэгээ сайн тавь. Дараа нь өөрийн чиглэл, мэргэшлийг олоод түүгээрээ үнэхээр мэргэжилтэн бол. Бүхнийг сурах гээд хэрэггүй, тэгвэл чи хоцрогдоно. Таныг ч бас өөрийн үзэл бодлыг илэрхийлээсэй гэж хүсч байна.

No comments: