2009-03-09

Нээлттэй агуулгын эрэлд

Анх харахад өнөөдөр бидний хүлээн авч буй мэдээлэл, агуулга бүхэн нээлттэй мэт. Учир нь хэн ч үзэх, унших магад сонсох боломжтой. Гэвч тэрхүү мэдээлэл, агуулгыг хэн нэгэн авч дурын зорилгоор ашиглах, өөрчлөх гэхээр хаалттай эсвэл заавал ямар нэг байдлаар зөвшөөрөл авах шаардлага гардаг. Ингээд харахаар хаалттай.

Миний бодлоор мэдээлэл нь аль болох олон хүнд хүрч, ашиглагдаж байвал тэр нь хэрэгцээтэй, чухал болохыг нь харуулж буй хэрэг. Мэдээлэл хог шиг үйлвэрлэгдэх биш харин чанартай байж олон дахин ашиглагдах ёстой. Харин олон дахин ашиглагдахын тулд хаалттай бус нээлттэй байх ёстой. Нээлттэй агуулга нь тухайн агуулгыг дахин өөрчилсөн эсвэл тэр чигээр нь ашиглах, түгээхийг зөвшөөрөх ёстой бөгөөд хамгийн гол нь эх сурвалжийг дурдах шаардлага тавьдаг. Нээлттэй агуулгын хамгийн том жишээ бол хэн бүхний мэдэх Wikipedia. Энэ бөмбөрцөгийн хаана ч байгаа хүн Wikipedia руу орж мэдээлэл үзэх боломжтойгоос гадна тэнд нь мэдээллийг засч өөрчлөх эсвэл тэндээс авсан мэдээллээ дурын зорилгоор ашиглах боломжийг олгодог. Энэ л давуу талынхаа хүчинд өнөөдөр хамгийн их мэдээллийг агуулсан нэвтэрхий толь бичиг болж, хүмүүсийн сэтгэхүй, мэдээллийн талаарх ойлголтыг өөрчилж чадсан гэж хувьдаа боддог.

Дэлхий ч яахав ийм байдаг байж, харин манай Монгол Улсад байдал ямар байна вэ? Дурын зорилгоор чөлөөтэй ашиглаж болно гэсэн агуулга манайд байна уу? Телевизүүдийн, сонины, дуу бичлэг зохиогчдын гээд төрөл бүрийн холбоод нь эсвэл зохиогч нь агуулгаа ашиглаж, хуулбарлахыг хориглоно. Эсвэл оюуны өмч ашигласны төлбөр гээд тэнгэрт тулсан үнэ нэхээд суучихна. Үүнийх нь дүнд нөгөө оюун ухаан, цаг хугацаа, хүн хүч, мөнгө хөрөнгө зарж хийсэн бүтээл, үүсгэсэн агуулга маань магад хэзээ ч байхгүй дараагий эфирийн цагаа хүлээн хэнд хэрэггүй хог болон хөглөрнө. Харин сонин сэтгүүл нь хэн нэгний гэрийг дулаацуулах гэж, шил толийг нь өнгө оруулах гэж эсвэл 00-ийн өрөөнд хэвтэнэ. Мэдээж бүгд үнэ цэнэ байж чадахгүй л дээ гэхдээ эдгээрээс хэд нь түүхийн болоод мэдээлэл, мэдлэгийн хувьд үнэтэй байгаа бол? Үнэхээр харамсмаар....

Жишээ нь, Баабар гуай Baabarpedia гэх Википэдиатай төстэй вэб үүсгэж, агуулга оруулж, хүмүүсээс багагүй дэмжлэг авсан боловч өнөөг хүртэл агуулгыг хэрхэн ашиглах талаар хууль эрхзүйн ямар ч мэдээлэл байхгүй. Хэдэн жилийн өмнө хуучнаар МХХТГ-с санаачлан мэдээллийн технологийн мэргэжлийн үгсийг орчуулах ажил хийгдсэн. Дүнд нь http://www.itdic.edu.mn гэх цахим толийг бүтээсэн боловч оролцсон зарим эрдэмтэд өөрийн оруулсан хувь нэмрийг зохиогчийн эрхээр хамгаалуулах, хуулбарлахыг хориглох талаар санал гаргасан тухай яриа сонсоод мэл гайхаж билээ. Computer-ийг компьютер гэж орчуулаад зохиогчийн эрх аваад, харин бид орчуулгыг нь ашиглахын төлөө зөвшөөрөл авч эсвэл төлбөр төлөх хэрэг үү? Өөрөөр хэлбэл монгол хэл маань хэн нэгний өмчлөлд орж байгаа гэж ойлгогдох гээд ч байх шиг. Энэ мэт жишээ олон. Манайд энэ оюуны өмч, зохиогчийн эрхийн галзуурал явагдаад байна уу гэлтэй.

Мэдээж бүх мэдээлэл нээлттэй байх албагүй. Гэлээ ч Үндсэн Хуулийн дагуу хүн өөрийн өмчийг захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Зохиогчийн л шийдэх асуудал. Гэхдээ бидэнд нээлттэй агуулга хэрэгтэй, шаардлагатай байна. Ялангуяа хэн бүхэнд хамаатай, хэрэгтэй мэдээллүүд. Жишээбэл түүх, хууль, хэл соёлтой холбоотой бас бүх нийтийн боловсролд үнэтэй хувьд нэмэр оруулах зүйлс заавал нээлттэй агуулга байх ёстой гэж би мунхаглана. Эцэст нь миний блогийн бүх агуулга "нээлттэй агуулга", өөрөөр хэлбэл та дурын зорилгоор авч ашиглаж болно гэхдээ хаанаас авснаа л дурдахад болно. Баярлалаа.

7 comments:

Э. Баярсайхан said...

Монгол хэлний тайлбар толь гэсэн ном гаргачихаад, түүндээ зохиогчийн эрх авчихдаг. Тэр хүн монгол хэл зохиогоод уу? ном бүтээгээд үү?
За энэ ч арай гайгүй. Би бууз хийх талаар зохиогчийн эрх авмаар байна гэсэн тохиолдол гарсан гэнэ лээ. Хэрэв авчихвал, тэр хүн цагаан сараар хэт баяжих байх даа.

М.Огоо said...

Ардчилал гэдэг өөрөө нээлттэй байдлаас үүсдэг байх. Коммунизм, фашизмын аль нь ч мэдээллийг хаалттай байлгаж байж л эрх мэдлийг төвлөрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл тоталитар тогтолцооны гол амин сүнс нь мэдээллийг хэсэгхэн хүн эзэмшихэд л оршиж байсан байх. Хамгийн ойрын жишээ гэхэд 7 сарын 1-ний дараа онцгой байдал тогтооход л ямар дэглэмд амьдарч байгаадаа хүмүүс эргэлзээд эхэлсэн шүү дээ.
Мэдээж хэрэг патентын асуудал энэ тэр бол тусдаа. Чиний зовж байж хийсэн зүйлийг нэг нөхөр ашиглаад мөнгө олоод байвал чамд сайхан санагдахгүй л байх. Гэхдээ нийтэд хандсан агуулга бол нээлттэй л байх ёстой болов уу

Badka said...

Бид угаасаа юун дээр зохиогчийн эрх авах, юун дээр авахгүйгээ ялгаж мэддэггүй юм бишүү

jagdag said...

Зохиогчийн эрх гэдэг тодорхойлт нь хуулиараа яг юу гэж байна гэдгээс эхлэнэ. Америк ойлголтоор бол тайлбар толь гаргасан хүн эрхээ баталгаажуулах нь зөв. Зохиогчийн эрхтэй гэснээр толь бичиг дээрх үгийг өмчилчихэж байгаа хэрэг огт бус.

Wikipedia бол эрдэм шинжилгээний судалгаанд зүйгдэж огт ордоггүй. Тодруулбал, акедимик төвшинд мэдээлэл хүлээж авах найдвартай суваг гэж үздэггүй гэсэн үг. Мөн энэ нь хамгийн их мэдээлэл агуулсан толь одоогоор биш, яваандаа болж магадгүй л байх, тийм болохын тулд ажлуулдаг улс нь их л хөдөлмөрлөж байгаа. Дуртай хүн ороод засварлаад байхгүй болсон, бусад олон эх үүсвэрийг зааж зүйж өгдөг болсон гэх мэтийн олон өөрчлөлтүүд үүний тулд хийгдэж байгаа. Гэхдээ л албан ёсоор академик болон эрдэм шинжилгээний хүрээнд хэрэглэдэг болохыг ойрын хэдэн жилдээ үзэхгүй биз ээ.

Буузны тухайд зохиогчийн эрх бус патент авчих боломж бол бас байж болно ш дээ :-). Гол нь яг өөрийн өвөрмөц арга гэдгээ зохих хууль дүрмийн дагуу илэрхийлж чадах хэрэгтэй.

Зохиогчийн эрх гэдэг нь мэдээлэл нээлттэй, хаалттай байхад хамааралгүй байх аа. Магадгүй зохиогчийн эрхээр дэмжигдсэнээр мэдээлэл улам хүртээмжтэй, нээлттэй ч болох биз.

Дөлмандах said...

энд зохиогчийн эрхээсээ татгалзах асуудал огт байхгүй л дээ. зохиогчийн эрхээ хадгалж үлдэх боловч бусдад ашиглах боломжийг давхар олгодог байгаач ээ л гэсэн хэрэг.

харин Wikipedia-ийн хувьд интернэт хэрэглэгчдийн мэдээлэл авах томоохон хэрэгсэл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. гэхдээ тэр академик төвшинд ашиглах гэсэг арай өөр чанарын асуудал байх.

Эрдэнэчимэг.М said...

Хэдэн сарын өмнөөс Open Source -ийн талаарх ойлголтоо нилээд гүнзгийрүүлчих санаатай нилээд юм хайж уншсан юм. Тэгээд Wikibooks дээрээс Ahc -ийн бичсэн гоё ном олж уншсан. Тэрийг монгол хэлээр болгоод хүмүүст уншуулах юмсан гэж бодогдоод. Би тэндээс Програм хангамжийн эрх чөлөө гэдэг юмыг ойлгож авсан. Мэдээллийн эрх чөлөөний тухай ойлголтыг бол бас үүнтэй төстэй юм байх юм бол уу гэж ойлгож байна. Лиценз(license), патент, copyrights, copylefts гэсэн ойлголтуудыг ердийн иргэдээд Жишээлбэл над мэтийн үүнийг огт сонирхож байгаагүй хүмүүст ойлгогдохоор хялбар лавлагаа авдаг сайттай болбол их зүгээр санагдах юм (монголоор байдаг юм бол уу). Гэхдээ ямар ч төсөл хэрэгжүүлж эхэлсэн үүнд зориулсан Лиценз гэсэн зүйл байх ёстой юм байна гэж ойлгосон. Хихи Сонингийн мэдээллээс хүн бүр ойлгож болохоор бол модны лицензтай гэхээр дураараа очоод мод огтолж авч болдог юм байна гэж л ойлгодож байгаа шүүдээ. Лиценз арай тийм байхгүй бол уу гэж санах юм. Монгол Википедиаг бол би маш их хэрэгтэй зүйл гэж бодож байгаа. Википедиа үүсээд огт удаагүй 10 жил ч болоогүй зүйл байхаа. Тэр нийтийн боловсрол мэдлэгийг нэмэгдүүлэх том тайлбар толь болговол тустай эрдэмтэд нь хувь нэмрээ оруулаад ирвэл бид хойч үедээ үлдээх монгол хэл дээрх баялаг шүү гэж бодож байна. Харин монгол хэл дээр үүсгэхдээ Вики-нүүдээ уг төсөл дээр нь тулгуурлаад үүсгэвэл зүгээр юм уу гэж надад бодогдож байна. ВикиМедиа нь өөрөө хөгжиж байгаа төсөл. Ийм болохоор тэнд болж байгаа шинчлэлтүүд автоматаар аппле хийгдээд явна гэж бодох юм. Тэнд Interlanguage link байгаа.

http://en.wikibooks.org/wiki/Open_Source дээр Хөгжүүлэгчид чөлөөт програмыг “үг хэлэх чөлөөтэй ч, төлбөргүй шар айраг байдаггүйн адил” (free as in speech, not as in beer) гэж ихэвчлэн хэлдэг. Чөлөөт програм хангамжийн хөдөлгөөний ялгарах ойлголт нь эрх чөлөөнд хамааралтай болохоос үнэ төлбөрт хамааралгүй. гэсэн байх юм. Эндээс бас янз янзын санаа гарах юм шиг санагдсан.

xvv said...

Гэхдээ тэр тольны хувьд бол тэгж байгаа нөхдийнх нь хийсэн зүйлсийг огт оруулахгүй гээд, сайн дураараа үнэгүй ашиглуулах ёстой гэсэн шаардлагаар дотор нь мэдээлэл оруулах шаардлагаа тавьчихвал л болох байсан мэт?
Тэр эрдэмтэдтэй эрдэмтэдгүй уг нь тэгээд олонд зарлаад хүн бүрийн хувь нэмрээр явсан бол яах ч байсан юм билээ...
Харин яг иймэрхүү wikipedia шиг тооцоолуурын Монгол толь бичиг гараад ирвэл хэдий эрдэмтэн биш ч гэсэн, дараа нь хэрэглэх хэрэглэгч болохы хувьд чадах ядахаараа хувь нэмэр оруулах болно. сайн дураараа. :D