2009-04-26

Бэлэн будаа аюултай

Саяхан сууж байтал линукс анхлан сурагч нэгэн танил маань "ter ym asuuh urlag geed bga zuil chine ih buruu ym shigee, hun chadhgui bolood l asuuj bhad" гэж ирээд асууж байна. Хүн өөрөө асуултандаа сайн бэлдэх, зөв тавих хэрэгтэй гэтэл "tegvel linux groupiin hereg bga ymu, biy biendee tuslah l heregtei shd" гэх. Нэг харахад түүний зөв ч юм шиг, бараг ийм бодолтой хүмүүс олон болохыг бүлгэмийн өнгөрсөн түүхээд бэлэн харж болно. Гэхдээ энэ хандлага нь буруу, яагаад гээч???

LiMNux бүлгэм маань линукс сонирходог, хэрэглэгэдэг хүмүүсийн сайн дурын нэгдэл бөгөөд бие биедээ туслах, мэдлэг туршлагаа солилцох, асуудлыг хамтдаа шийдэж, хамтдаа хийж бүтээх зорилготой. Энд олон жил ашигласан туршлагатай нэгэн ч байна дөнгөж өчигдөрхөн сонсоод суулгах гээд асуудалтай тулгарсан нэгэн ч бас байна гэхдээ нөгөө л нэг зорилго бүгдийг нэгтгэнэ. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч энд байгаа хүн бүр л хэн нэгэнд туслах, мэдлэг туршлагаасаа харамгүй солилцох хүсэлтэй байдгийг харж бас мэдэрч болно. Тусласаар ч, мэдлэгээ хуваалцсаар ч ирсэн. Гэхдээ энэ нь тусламж хэрэгтэй хүн бүрт, асуудал бүрт тусламж үзүүлж, асуудал бүрийг хамтдаа шийдэж байсан бас ёстой гэсэн үг биш. Энэ зөвхөн сайн дурын хүмүүсийн нэгдэл гэдгийг үргэлж санаж, асуудалд оролцох эсэх нь гишүүн нэг бүрийн сайн дурын, сонголтын хэрэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Танд асуудал тулгарч түүндээ тусламж авахын тулд яах ёстой вэ? Юуны өмнө танд тусламж хэрэгтэй бол тусламж үзүүлэхэд хялбар байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуны өмнө та өөрт тохиолдоод буй асуудал, түүний учир шалтгааныг аль болох тодорхойлох хэрэгтэй бөгөөд тусламж өгч болох хэнд ч болов аль болох ойлгомжтой байхаар бичихийг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь танд тусламж үзүүлэхэд хялбар болгохоос гадна та ч мөн удил бусад хүмүүст туслаж байгаа хэрэг. Жишээ нь, "линукс суулгаж болохгүй байна" гэхийн оронд "Үбүнтү 9.04-г шинээр суулгах гэсэн чинь уншиж байгаад 30% дээрээ яг ийм алдааны текст өгөөд байна" эсвэл "тэрийг суулгаж чадахгүй байна" гэхийн оронд "ийм юмыг ингэж суулгах гэсэн чинь эндээ ийм алдаа гарлаа" гэсэн нь илүү ойлгомжтой бөгөөд асуудал илүү тодорхой, танд туслахад хялбар болж байгаа хэрэг. Асуулт болон асуулдын талаар өөрт байгаа бүх мэдээллийг хуваалцах нь зөв. Бидэнд туслаж буй танд баярлалаа.

Бэлэн будаа аюултай. Ер нь бол та бэлэн асуулт тавьж, бэлэн хариулт авах гэж оролдохын оронд өөрөө өөртөө туслах, өөрөө асуудлыг шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй. Энэ нь өөрт тань асуудал шийдвэрлэх, судалгаа хийх дадал, чадвар суулгахаас гадна хүн аливаа юмыг өөрөө хийж байж сурдаг, илүү амттай байдгийг санах хэрэгтэй болов уу. Бэлэн будаа идэх нь танд үнэхээр аюултай. Бүлгэмд тавтай морилно уу, хамтдаа хөгжицгөөе.

5 comments:

Unknown said...

1. Би энэ нийтлэлтэй бүрэн санал нэг байна. Товчхондоо "Өөртөө тусалдаг хүнд л тусламж ирдэг" гэх юм уу даа.
2. Та, би гээд хүмүүс янз бүрийн шалтгаанаар үг үсгийн алдаатай бичдэг. Гэхдээ боломжтой бол аль болох алдаагүй бичих эсвэл алдаагаа засах нь зөв байхаа.

Tulga said...

Намайг эгнээндээ элсүүлээрэй.

Unknown said...

Санал нэгтэй байна. За бас тодорхой бичээд асууж байгаа хүмүүс сайн байнаа. Харин заримдаа их сонин юм орж ирдэг болчихлоо. "Би ийм нэг сэдвээр бие даалт, тийм нэг сэдвээр реферат бичих ёстой болчихлоо. Тиймэрхүү нийтлэл бичээд өгөөчээ" гэх юмаа. Залуучууд минь ээ, бас арай ч дээ ...

Anonymous said...

Санал нэг байна.

Uka said...

Санал нэг байна. Заримдаа хүмүүс ямар ч тодорхойгүй юм асуугаад жоохон бухимдуулдаг.