2009-04-21

Sun залгиулав, Oracle залгив

Бидний мэдэх Java хэл ба технологи, SPARC процессор болон Solaris үйлдлийн системийн эцэг болох Sun компани "залгиулсан" болохоо өчигдөр зарлав. Залгигчаар нь өгөгдлийн сангийн мангас Oracle тодров. Уг нь IBM "залгихаар" санаархасан боловч үнэ тохирч чадаагүй тул хэлэлцээрээс гарсан. Энэ бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн утгатай LWN-ий нийтэл, хүмүүсийн яриа болон өөрийн сэтгэгдлээс доор товчхон хуваалцахыг хүсч байна.

Юуны өмнө Sun бол дээр дурдагдсан олон технологийн эцэг боловч үндсэндээ програм хангамжийн бус техник хангамжийн компани гэж нэрлэгддэг. Учир нь тэдний үндсэн үйл ажиллагаа, үндсэн орлого нь төхөөрөмж үйдвэрлэх, түүний үйлчилгээнээс орж ирдэг. Бараг өөрийн төхөөрөмжийг ашиглуулахын тулд түүн дээрээ маш сайн ажилладаг технологи бүтээдэг ч гэж ярьдаг. Гэвч тэдний өнөөдрийг хүртэл гартаа хадгалж ирсэн түлхүүр технологи нь Java юм. Java нь орчин үеийн гар утас бүр дээр ажиллахаас гадна бизнесийн том цогц шийдэл боловсруулахад ихээхэн ашиглагддаг. Тиймдээ ч хүн бүрийн анхаарлын төвд байдаг. SPARC, Solaris, ZFS зэрэг олон технологиудыг төрүүлснээс гадна MySQL-ийг эзэмшигч, басхүү хүчирхэг судалгааны болон инженерийн багтайгаараа их онцлог, олны хорхой хүргэсэн компани.

Oracle-ийн хувьд бид өгөгдлийн санг нь сайн мэдэхээс бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон төрлийн шийдэл боловсруулдаг талаар төдийлөн мэдэхгүй. Бас Oracle нь нээлттэй эхийн програм хангамжийг дэмжигч ба тэдний цөөнгүй тооны инженер, мэргэжилтнүүд нээлттэй эхийн төслүүд, тэр дундаа линуксын цөмийн хөгжүүлэлтэд идэвхитэй оролцдог. Жишээ нь, ирээдүйн линуксын үндсэн файлын систем болно хэмээн цоллогдоод буй btrfs-ийг Oracle-ын хөгжүүлэгч гардаг хөгжүүлдэг бөгөөд энэхүү Sun-тай нэгдэх ажил нь хөгжүүлэлтэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй талаар саяхан мэдэгдсэн байна. MySQL-ийн бүрэдлэхүүнд багтах InnoDB гэх өгөгдлийн сангийн хөдөлгүүрийг сүүлд эзэмших болсон ба одоог хүртэл хөгжүүлэлт нь нээлттэй хэвээр. Мөн Unbreakable Linux нэртэй өөрийн линукс тархацтайг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл тэд нээлттэй эхийн ертөнцийн идэвхитэй тоглогч.

Sun-ыг залгисан нь Oracle-ын хувьд маш чухал алхам, шийдвэр байсан. Одоогийн байдлаар Oracle өгөгдлийн сан зөвхөн Solaris дээр л хамгийн сайн ажилладаг, харин Solaris нь зөвхөн SPARC дээр сайн ажилладаг. Oracle-ийн бизнест зориулсан шийдлүүд нь Java дээр хийгдсэн байх ба Java нь Solaris дээр л хамгийн сайн ажилладаг. Тэгэхээр тэд өнөөдрийн бүтээгдэхүүнийхээ дамжлага бүрийг хянах, төлөвлөх боломжтой болохоос гадна маш нягт уялдаа холбоотой, цогц шийдэл боловсруулах боломжтой болж байна. Үүнийгээ ч зарлалдаа хэлсэн. Бараг өөрийн ирээдүйн өрсөлдөгч болох MySQL-ийг эзэмшиж чадсан. Гэхдээ Oracle нь томоохон зүйлсэд ашиглагддаг, харин MySQL нь жижиг дунд хэмжээнд ашиглагддаг. Үүгээрээ тэд бүх төрлийн бизнест зориулсан өгөгдлийн сангийн бүтээгдэхүүн санал болгох боломжтой болж байна. Мөн шагналт нь OpenOffice.org-г авсан.

Олон хүний санааг зовоож байсан зүйл бол Oracle нь энэ олон нээлттэй эхийн төслүүдийг эзэмших болсноор хаалттай болгох вий гэсэн асуудал. Гэвч олон судлаач, ажиглагчдын үзэж буйгаар Java, Solaris, OpenOffice.org, MySQL зэрэг нь Oracle-ийн мэдэлд шилжсэнээр улам ч нээлттэй, хурдацтай хөгжих боломжтой болно гэж үзэж байна. Гэвч үнэнийг зөвхөн цаг хугацаа л шүүнэ. Дараагийн "залгиулагч" нь Red Hat байж магад гэсэн цуу гадуур байгааг энд дурдах хэрэгтэй ...

4 comments:

Batbileg said...

Oracle ер нь маш олон мундаг зүйлсийг авч байнаа. BEA, iFlex, ... гээд л. Oracle -с нилээн дээр зарлаж байснаар бол Оракл системүүд (DB -с өөр маш олон зүйл бий) нь Линукс тэр дундаа Red Hat дээр хамгийн сайн ажиллана гэж байсан. Тэхээр одоо дараагийн удаад Red Hat -г авах нь гарцаагүй байх л даа. Ораклаас одоо түгээж байгаа Unbreakable Linux нь ч 100% Red Hat Enterprise Linux юм байна лээ. Зөвхөн нэр логоог нь л өөрчилсөн гэсэн байсан. Ер нь Ораклын IT мэддэг, юмны учир сайн мэддэг залуус Red Hat -г хамгийн дажгүй мундаг нь гээд сонгочихсон юм байна лээ.

Jasper said...

юуны өмнө Дэлхийн Өдөрлөгийн мэндийг хүргий.
Нээлттэй эхийнхнийг цочоосон энэ мэдээлэл маш их таалагдлаа. Мэдээж хаалттай болгох вий гэсэн айдас төрж байна. Илүү сайн хөгжих нь дамжиггүй ч айдас түгшүүр бас л байсаар л байна шүү.

Unknown said...

Зөөз ийм юм болчихсон юм уу? Ямар ч чимээгүй юу?

H.D.NR said...

BBC ийн breaking news ээр нь миний мэйл дээр ирсэн шд.
SUN аргагүйн эрхэнд тэгсэн болов уу даа
Нөгөө Jonathan Swarts билүү нэрийг нь буруу бичээд байх шиг байна тэр нөхрийн блог дээр сүүлийн хэдэн бичлэг нь өөрсдийн компаний талаар тайлбарлаад яг юмаа заарах гэж байгаа хүн шиг юм бичээд байсан.
Энэ жил санхүүгийн нилээн бууралттай гарсан гэсэн.
Oracle д ороод сайжрах нь яах бол мэдэхгүй юм.Загас залгидаг загасыг залгичихлаа шд. Oracle бол бизнесийн компани тэгэхээр бас л эргэлзээтэй