2006-09-08

SysAdmin Summit 2006: Зохион байгуулалтаас

Энэ блогоороо зарим нэг зохион байгуулалтын асуудлуудыг тодруулахаар шийдлээ. Анхны энэхүү арга хэмжээгээ өндөр такс, төлбөртэйгээр бус харин аль болох олон хүнийг хамруулж, хэрэгтэй, мэдлэг түгээсэн байдлаар хийхийг анхнаасаа бид зорьж ажилласан. Үүнийхээ хүрээнд төрийн болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн системийн администратор эсвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд урилга өгөх байдлаар үнэгүй, харин сонирхогч, хувь хүмүүст 3000 төгрөгийн такстайгаар оролцох боломжтой байгаа. Зохион байгуулалтын үеээр бид хамтаар урилга өгөх ёстой гэсэн байгууллагуудын жагсаалтыг гаргасан байгаа, гэвч энэ жагсаалт олон нийтэд ил биш тул хэрэв та дээрх урилга авах эрхтэй хүмүүсийн тоонд орж байгаа бол dulmandakh[at]gmail[dot]com хаягаар аль байгууллагаас, ямар албан тушаалтай талаар бичээд хүсэлт илгээж болно. Сая хэд хоногт хаанаас мэдэгдэхгүй урилгын хүсэлт ирсэн, лавлагаа захидал бичих нь ажлыг хүндрүүлж байна. Мэдээж хэрэв та сонирхогч, хувь хүн бол тухайн өдрөө очоод 3000 төгрөг төлөөд оролцох боломжтой байгаа, танд тасалбар олгох болно.

Мөн өдөр бид ярилцаж байгаад хэрэгтэй, чухал гэж сонгосон сэдвүүдээр тухайн сэдвээрээ туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр илтгэл тавиулахаар хүссэн, хүсэлтүүдийг маань ч хүлээж авсан байгаа. Илтгэл болон хөтөлбөртэй танилцахыг хүсвэл SysAdmin Summit 2006: Хөтөлбөр хуудаснаас үзнэ үү. Илтгэлүүдийн чанар дээр их анхаарал хандуулан ажиллаж байгаа ба илтгэгчид маань ямар нэг цалингүй зөвхөн сайн дураар тавьж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүний ялдамд өөрийн мэдлэгээсээ харамгүй хуваалцаж, цагаасаа хугаслаж байгаа илтгэгчиддээ баярлаж буйгаа зохион байгуулагчдын нэрийн өмнөөс хэлэх нь зүйтэй.

Анхдугаар Чуулга Уулзалтад зориулсан футболкийг гаргаж байгаа ба тухайн өдөр 5000 төгрөгөөр худалдах болно. Яг үнэндээ футболкны нийт зардал 10000 орчим төгрөг болж байгаа ба зарим зардлыг ивээн тэтгэгчдээр даалгаж байгаа юм. Дээрээс нь "Монголын Юникс Хэрэглэгчдийн Холбоо"ТББ-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх, дэмжих зорилгоор энэ худалдааг зохион байгуулах тул та бүхний энэхүү худалдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна. Системийн Администраторуудын Чуулга Уулзалт цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах тул анхны оролцогч, анхны дэмжигч болж буй нь нэр төрийн хэрэг болно байх гэж бодож буйгаа нуух юун. Футболкоос гадна бас бус арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно, хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

No comments: