2006-09-02

Энэ долоо хоногийн блогууд

Энэ долоо хоногт яагаад ч юм энэ тэндэхийн блогуудыг унших зав төдийлөн гарсангүй. Иймд долоо хоногийн онцлох блогуудыг нийтлэхгүй байхаар шийдээд байсан боловч өнөөдөр басгүй блог шалгах зав гарснаар өнжих шийдвэрээ цуцалж, та бүхэндээ цөөн тооны хэдэн блог бичлэгүүдийг онцлохоор шийдлээ. Заримыг нь бүр дөнгөж уншиж дуусаад л орууллаа.
  • Бин Ладенууд ба даяаршлал. Үндэсэрхэг үзэл гэж андуурагдаж байгаа даяаршлын эсрэг үзлийн талаар өөрийн бодлыг бичжээ. Үнэн зөвийг та өөрийн оюун ухаандаа тунгаах буй за.
  • Латин үсэг ба Монгол. Би хувьдаа латин үсгийн эсрэг байдаг, учир нь одоо огт хүндрэлгүй болсон техникийн асуудалтай шалтгааныг холбон тайлбарладаг. Харин энэ блогийг уншаад миний бодол ч мөн адил бараг 180 градус эргэлээ. Үнэндээ энэ тал дээр бол бодох асуудал, бид хэрхэн оновчтой хийж болох вэ? Ингэхдээ харин кирилл гэдэг юмыг legacy болгоод зөвхөн хуучин монгол болон латин үсгийг мөрдвөл их зүгээр мэт.
  • Нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад. Энэ саналыг дэмжиж байна. Угаас дэмжсээр ирсэн, үүний тулд бас ихийг хийхээр зорьж ажиллаж байгаа билээ би. МХХТГазрынхан болохоор бусад гадаад орнуудын нээлттэй эхийн талаар бодлогуудыг харзнаж байна гэдэг хариу өгдөг. Харин миний хувьд нээлттэй эхийн бүтээгдэхүүнүүдийг гол чигээ болгохгүй ч гэсэн туслах чиг болгоод хөгжүүлж байсан нь хэн хэндээ ашигтай хувилбар байж болох. Уг нь сонирхогч дундаас маш олон зөв зүйтэй санал санаачлагууд гардаг ч бодлогын хэмжээнд очоод дэмжигддэггүй.
  • Нээлттэй эхийн програм хангамж хямдхан байж чадах уу?. Дээр байгаа блогоос үндэслэж энэхүү блогийг бичсэн бололтой. Нээлттэй эхийн програм хангамжийг зөвхөн үнэнд нь болж сонгодог биш үүнээс гадна ил, далд маш олон ашиг байгаа. Жишээ нь нээлттэй эхээс бид ихийг сурах боломжтой, түүн дээр суурилсан дотоодын бүтээгдэхүүн гэх мэт. Үүнээс гадна нээлттэй эхийн програм хангамж нь лицензгүй биш лицензтэй, лицензээрээ дамжуулан өөрийн болон хэрэглэгчийн эрхийг цааш тунхагладаг. Лицензгүй програм хангамжийг public domain гэж нэрлэдэг шиг санаж байна.

Сүүлийн үед анзаараад байсан чинь нээлттэй эх, юникс гэх мэт техникийн холбогдолтой сэдвүүдээр блог бичилгүй орхигдуулсан байна. Дараа долоо хоногоос энэ тал руугаа илүү анхаарах болно, гэхдээ чөлөөт сэдвээ орхих нь юу л бол.

No comments: