Яг үнэн хэрэгтээ би тийм дорой хүн биш, харин энд монголчууд бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын тухай бичих гэсэн юм. Зурагтаар миний үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг бол А.Х.А. Энэ нэвтрүүлгийг үзэнгээ өөрийгөө сорихоос гадна зарим нэг шинэ зүйлсийг нэмж сурдаг нь их аятайхан санагддаг юм. Харин хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотой нэг дугаарыг үзэж байтал хичээлийн хэрэглэл зарж байсан хаа ч юм газраас явагдаж байлаа, тэгээд тэднээс бэлтгэлээ хангаж байгаа хүүхдүүдийг хамруулан оруулсан бололтой. Тэндээс би юуг харав? Бүх л хүүхдүүд нэг адил хариулт зөв ч буруу ч өөртөө нэг л итгэлгүй хэлнэ, харин хариуг нь мэдэхгүй бол аав ээж, багшдаа загнуулж байгаа юм шиг бантаад ч юм уу зогсоод байх юм. Юу гэсэн үг вэ?
Хүүхэд залуусын өөртөө итгэл муутай, дорой байдалд юу нөлөөлж байна вэ? Миний бие Орос Монголын хамтарсан 3-р сургуульд сурч хүмүүжсэн, тийм болоод ч тэр үү өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг, хэлэх гэсэн юмаа хэлчихдэг зарим нэг талаар зохисгүй зан авиртай байж болох. Миний сайн найз "орос" сургуульд хамт сурч байгаад 8-р ангидаа "монгол" сургуульд шилжин ороод ангийнхан болон сургуулийнхныгаа ихэд гайхсан янзтай надад хэлж байсан нь их тодхон санагдаж байна. Учир юунд вэ гэхээр "монгол" сургуулийнхан багшаасаа үхтлээ айдаг, зөв ч буруу ч тэдний хэлсэн нь хууль, тэгээд багш нь ирж явааг хараад бүгдээрээ сандралдаж гүйж ирээд л "багш багш" гэх юм гэнэ. Харин "орос" сургуульд бид багшийг хүндэлдэг ч эмээж байсангүй, эргэлзээтэй эсвэл ойлгомжгүй санагдсан зүйсээ шуудсан хэлээд л асуучихдаг сонин ч гэмээр зан бидэнд суучихжээ. Энэхүү өөртөө итгэл муутай, дорой гэмээр ч юм шиг зан төлөвшихөд "монгол" сургалтын арга барил нөлөөлж байна уу? Магадгүй, гэвч "орос" сургуулийнхан бүгд тийм биш. Дээрээс нь гэр бүлийн байдал ч хүчтэйгээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой.
Яагаад бид өөртөө итгэлтэй байх ёстой вэ? Хүн нь өөртөө итгэл төгс байх нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, бие явж явах байдал гээд тухайн хүний амьдралын бүхий л хэсэгт нөлөөлдөг. Жишээ нь хоёр хүн ажилд шалгуулаад нэг нь үгээ зөөж ярьдаг, нөгөө нь чөлөөтэй илэрхийлж байвал хэн нь ажилтай болох вэ. Залуучууд "за, би чадахгүй эсвэл боломжгүй юм чинь аль нь ч байсан яахав" гэдэг сэтгэхүйгээр дээш, урагш тэмүүлэх биш харин байрандаа үлдэх эсвэл бүр ухрах замыг сонгосоор байна. Нийгэм болохгүй байна, би яаж ч өөдлөх вэ дээ, болох бүтэх юу ч алга гэх мэтээр сэтгэл дундуур, гундуу байдлыг өөртөө итгэлгүй байдал төрүүлж байна. Үүнтэй цаашид эвлэрсээр байх уу?
Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? Альваа зүйл хоёр талтайг хүн бүхэн мэднэ, иймд саар талаас нь илүүтэйгээр сайхан талыг нь олж харахыг хичээх нь хэрэгтэй. Эсвэл өөрт таалагдахгүй зүйлийг өөрчлөх эсвэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө шантралгүйгээр тэмцэх, өөрийгөө байнга зоригжуулах хэрэгтэй. Харин хүнийг хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ? Энэ аргыг нээлттэй эхийн програм хангамжийнхан маш амжилттайгаар хэрэгжүүлсээр ирсэн. Хэн нэгэн жижиг ч байх зүйл хийсэн бол түүнийг нь сайшааж урам өгөх, харин хэрэв алдсан бол түүнийг нь тайлбарлаж ойлгуулах, бусдыг хүндэтгэж өөрийгөө хүндлүүлэх гээд л. Дөлгөөнтэй ярилцаж байхдаа нээлттэй эхийн зарчмыг сонгодог утгаар Монгол Улсад хөгжүүлж чадах юм бол хүмүүсийн ухамсар, амьдралыг үзэх үзэлд зөвөөр нөлөөлж чадах юм гэдэг дээр санал нэгдсэн. Гэвч хэрхэн илүү үр дүнтэйгээр нийгмийг өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгох вэ?
1 comment:
Hunii uurtuu itgeltei baidal ni yu chaddag, meddegees ni ih shltgaalah baih l da. (Zarim neg hudlaa humuusiig es tootswol)
Post a Comment