Ямар нэг зүйлийг өөрийн хэл соёл, амьдралын хэв маягт нийцүүлэн өөрчлөхийг нутагшуулах гэж хэлээд байх шиг. Програм хангамжийн нутагшуулалтанд орчуулга чухал үүрэгтэй орох ч орчуулгатай шууд холбоогүй нэр үгийг олон тоонд хувиргалт хийх, мөнгөн тэмдэгтийн тэмдэглэгээ, долоо хоногийн эхний өдөр, огнооны болон цагийн тэмдэглэгээ, цаасны хэмжээ зэрэг маш олон зүйлс багтдаг. Жишээ нь, АНУ нь өнөөдрийг 08/03/09 гэж тэмдэглэж байхад бид 2009-03-28, долоо хоногийн эхний өдрийг бүтэнсайн гэж үздэг бол бид даваа гарагийг гэж үздэг, мөн бид A4 хэмжээстэй цаас өргөн ашигладаг бол тэд Letter гэх цаасны хэмжээсийг ашиглаж байх юм. Харин монгол маягт шилжүүлэхийг монголчлох гэнэ.
Гэвч монголчлох хэрэг байгаа юу? Зарим хүмүүс програм хангамжийг яг байгаа чигээр нь англиар ашиглах нь дээр гэж үздэг. Үүнийгээ чухал болоод байгаа нийтийн англи хэлийг сайжруулах, сурах эрмэлзлийг өдөөх сэдэл болно гэж тайлбарлах нь бий. Гэвч өнөөдрийн нийгэмд өдөр тутмын ажлын багаж, мэдээлэл түгээх, хүлээн авах зайлшгүй хэрэгсэл болтлоо өргөн хэрэглээнд нэвтрээд буй тооцоолуурыг (компьютер) ашиглахын тулд бид гадаад хэл сурах, сурах сурахдаа бүр давгүй өндөр түвшинд сурах шаардлага байгаа гэж би хувьдаа боддоггүй. Миний өвөө мэдээлэл авах, хааяа нэг гардаг ойр зуурын бичиг цаасны ажлаа хийхийн тулд англи хэл сураад явж байна гэдэг утгагүй хэрэг. Дөнгөж уншиж сурч буй жаахан дүү нар минь, эсвэл энгийн ард иргэдэд мэдээж англи хэл сурах нь давуу тал олгох ч зөвхөн тооцоолуур ашиглахаар хөшүүрэг хийнэ гэдэг байж боломгүй хэрэг мэт.
Нөгөө талаасаа өнөөдөр гэртээ нэг юм авч тавьчихаад тэрийгээ хэлний бэрхшээлээс болоод хааяа нэг асааж хөзөр гэх мэт жижиг тоглоом тоглочихоод, эсвэл ганц нэг хуудас юм шивж хэвлэж гаргачихаад л өөр хэрэглээ бараг үгүй, олигтой ч ашиглаж, хэргийг нь гаргаж чадаагүй айл өрх хэд байгаа бол? Энэ талаар судалгаа байна уу? Гэтэл нөгөө талд нь бидний мэргэжил нэгт нөхдүүд ямар нэг бүтээгдэхүүн хийхэд ашиггүй, манай зах зээл хэт жижиг, хэрэглэгчид маань боловсроогүй байна гэх мэтийн олон гомдлын үг унагадаг. Манайд мэдээллийн технологижсон, тооцоолуур ашиглаж чаддагаасаа чаддаггүй нь хавьгүй их, бас мэдээллийн технологийн хэрэглэгчид байгаа ч дийлэнх нь маш идэвхигүй. Мэдээж бүгд ийм байх ёсгүй л дээ, гэхдээ л хөгжлийн нэг жам.
Бидний хэсэг нөхдүүд нээлттэй эхийн програм хангамжийн нутагшуулалтыг хийж дуусгах талаар сүүлийн 6 жил ярьж, хэлж багагүй зүйлийг хийсэн. OpenMN багийн ахлагч С.Бадралын хөдөлмөрийн дүнд бид огнооны тэмдэглэгээ, 7 хоногийн эхний өдөр, цаасны хэмжээс, сар болоод гарагийн монгол нэршил, монголоор бичих боломж гээд бүх суурь асуудлаас салж чадсан. Бас түүний манлайллын хүчинд бид эх хэл дээрээ тооцоолуур ашиглаж болох юм байна, үүнийг хийх нь тийм ч хэцүү зүйл биш байна гэдгийг олж мэдсэн. Тухайн үедээ бидний амжилтыг олон улсад жишээ болгон ярьж, бидний хийсэн бүтээснийг гайхаж байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн нэг асуудал бол нэр томъёоны сонголт ба хамтын ажиллагаа юм. Энэ англи үгийг ингэж орчуулах хэрэгтэй гэсэн олон санал гаргадаг боловч өдий хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй л яваа. Мэргэжлийнхэн бид болохоор монголоосоо илүү англиар ашиглаад дасчихсан байдаг болоод ч тэр үү монголоор бичээд, ярихаар нэг л биш. Нөгөө талаасаа орчуулах болохоор хэлний мэргэжилтнүүд биш болохоор үгийн сонголт, ярилцах сэдэв, маргааны үндэслэл маань тийм ч оновчтой биш байсан мэт санагдана. Хэрэв та анзаарсан бол би компьютер гэж биш тооцоолуур гэж бичиж байгаа. Компьютер гэдэг үгийн үндэс, язгуур гээд манай хэлний юу ч байхгүй. Харин тооцоолуур нь тооцох, тооцоолох гэсэн үгийн үндэстэй, уур гэсэн нэр үг үүсгэгч дагавартай. Өөрөөр хэлбэл ашиглаж дасаагүй боловч ойлгоход илүү хялбар. Гэтэл нөгөө хэл шинжлэлийнхэн маань дотроо талцан хуваагдсаны улмаас бидний нөхөд яг хэнтэй хамтран ажиллах учраа олохгүй байх жишээтэй. Уг нь манай мэргэжилтнүүд, хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтраад ажиллачихвал... Энэ мэт хэлзүйн асуудлууд их бий.
Бидэнд програм хангамжийн эх хэл дээрээ ашиглах, нээлттэй эхийн програм хангамжийн монголчлох чухал шаардлага бий. Энэ нь маш олон давуу талыг олгоно. Үүнийг хийхтэй холбоотой асуудал, бэрхшээлүүд ч бий. Гэхдээ асуудал гарлаа гээд хойш суух биш харин шийдвэрлэх ёстой. Миний бодлоор бид нэгийг бодож, хүчээ нэгтгэж ямар нэг зүйл хийх цаг болсон. Блогийн минь уншигч авхай энэ талаар юу гэж бодож байна?
28 comments:
Миний бодлоор болбол бүх хэрэглэгдэж байгаа нэр томъёог монголчлох хэрэг байхгүй болов уу гэж боддог. Хэрэв орчуулахаар нэг л санаанд хүрэхгүй байгаа үг байвал галигаар нь кирилл рүү зүгээр л хөрвүүлчих л дээ. Ер нь их олон үг бий л дээ. Жишээ нь class, default ч гэдэг юмуу. Эхнийх нь анги, дараагийнх нь заяамал ч гэх шиг. Гэхдээ зэрэгцээд англи утга нь ч явж байх ёстой. Яахав жирийн хүмүүс монголдоо монгол хэлээрээ ашиглаад сурчихдаг юм байж. Харин энэ програм хангамж, мэдээлэл технологи нь глобал байгаа үед дан монголоор нь ашиглаад сурцан нөхөд халхын хавтгайгаас гараад таг болох аюултай. Миний бодлоор нээлттэй эхийн зарим програмууд openoffice гэх мэтийн хүрээнд л стандартжуулаад орчуулах нь зүйтэй болов уу. Харин энэ орчуулга дээр хуваагдчихаад байгаа хэл шинжлэлийн хүмүүстэй хамтран ажиллахын хувьд гэвэл зүгээр л нэгэнтэй нь л хамтраад ажилчих хэрэгтэй. Аль нэг нь зөв бололтой энэ нь буруу хэлээд байна гэж хэрвээ бодож бол хэл шинжлэлийнхнээр яах юм, өөрснөө нух. Нээлттэй эхийн програм хангамжаас цааших IT-ийн элдэв хангайн ямар ч зүйлийг монголчилох шаардлагагүй мэт. Яахав MS-ээ ашиглаад явах нь явна л биз. Заавал нээлттэй эх ашиглах албагүй шүүдээ. Тийм мэтээр сэтгэж бүгдийг орчуулах гээд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бүгдийг ташраар нь монголчлоод сууж байх нь учир дутагдалтай бөгөөд утгагүй зүйл. Учир нь бид технологийн оройд нь явдаггүй шүүдээ.
class - класс, default - дефолт. Болж байгаа биздээ :)
энд би зөвхөн энгийн хэрэглэгч, бүх нийтэд гэсэн санаа. тэрнээс бид бүхэн угаасаа ихэнх зүйлсээ англиар хийгээд явах нь тодорхой, өөр зам байхгүй. бид аль эртнээс аливаа зүйлийг монголчилсоор ирсэн, энэ нь бидний сэтгэхүй, амьдралын хэв маяг зарим нэг зүйл нь огт таардаггүйтэй холбоотой болов уу гэж бодож байна. тиймээс бид болж өгвөл өөриймшүүлээд авна.
ямар нэг зүйлийг өөрийнхөөрөө хийхийн тулд заавал манлай, оргилд гарах шаардлагатай гэж хувьдаа бодохгүй байна. энэ санааг маань дэмжиж буй хүмүүс нь ч сэтгэгдлээсээ хуваалцаасай гэж хүсч байна.
Тооцоолуур гэдгийг анзааралгүй уншжээ. Үүнээс хойш дандаа ашиглаж байя. Харин яг ийм асуудал байгаа. Яаж шийдэх талаар яг дорвитой санаа алга. Харин нутагшуулалт бол яах аргагүй хэрэгтэй зүйл. Дэлгэрүүлж чадвал улс орны маань хөгжилд ч ахицтай алхам гарах байх гэж бодож байна. Бүх хүмүүс л хуваагдсан энэ нийгэмд урагш ахих гэсэн юм болгонд л саад тотгортой тулж байна даа.. Дээрээс нь нэг мөр болгоод зохицуулаад явчихвал болдоггүй юм байхдаа. Энэ талаар IT мэргэжилтнүүдийн гарын үсэгтэй дэмжлэг ч юм уу цуглуулаад энэ хэл бичгийг нэг тийш нь болгоод өгөөч гээд засгийн газарт хүсэлт гаргавал яадаг юм бол? Хөдөлгөөн маягийн юм өрнүүлээд...
Би GNOME Монголоор болгоод хэсэг хэрэглэсэн уг нь хэдхэн өдөрт дасаад эвгүй байсан зүйлс зүгээр болчихож байна лээ. Гэхдээ асуудалтай тулгараад шийдэх болохоор алдааны бичгээ google дээр болгоод хайчихъя гэхээр хүссэн үр дүн маань гарч ирэхгүй байдаг... гэхдээ л сая уншиж байгаад бодлоо.. цаашдаа Монголоороо хэрэглэе дэлгэрүүлье гэж.
Хийж байгаа ажил үйлсийг чинь 2 гараа өргөөд дэмжиж байдаг шүү. Амжилт хүсье!!!
Би бол монголчлохыг дэмжиж байна. Хэлний мэргэжилтэн байх нь ч зөв, Харин заавал төр энэ тэр бол хэрэггүй. Эхний хүний хэлдэгээр нэг юм уу хоёр хүнтэй хамтраад ажиллачих хэрэгтэй байх.
Шууд криллээр үсгийг нь солих бол тийм зөв санаа мөн үү. Энгийн хэрэглэгч ойлгодог байх ёстой тухай бол заавал монгол үндэстэй үг байх ёстой л доо. Заяамал гээд унавал бас нэг тиймэрхүү. Жишээ нь үндсэн үзүүлэлт, суурь гэх мэт бол илүү их хэрэглэгддэг үгнүүдийг сонговол зөв байх. Яг энэн дээр хэлнийхэнтэй хамтарч болох юм. Зарим хэлчид бас тасраад явцан ч байдаг л дөө.
Хамгийн гол нь ингэж монголчилсноор бид алдаж байгаа асар их боломжийг ашиглах үүд нээгдэх болно гэж үзээд гараа өргөн дэмжинээ.
Минийхээр бол энэ Монголчлох ажилд хөрөнгө оруулахын оронд Англи хэлийг сургах, хоёрдахь хэл болгох г.м. удаан хугацаа шаардах ч, үр дүн нь удаан хадгалагдах, цаг хугацааны давуу талуудыг олгох, нэг зүйлийг дахин хийхгүй(Re-inventing the wheel) байх г.м. давуу талтай гэж боддог юм.
Программын хувилбар, төрөл бүрээр нь орчуулаад, засаад сууж байхын оронд Англи хэлийг яаж хялбараар олон нийтэд сургах вэ, хурдан ашигладаг болгох вэ гэсэн төслүүд нь хэтийн үр дүн, ашигаараа илүү байх болно гэж үзэж байна.
Харин ч IT-нхан гэлтгүй бүх салбар жижиг зах зээлд баригдаж биш шууд гадаад зах зээлд гарах боломж нь өргөжөөд, хурдтай өсөж, хөгжлийг амдаж явах боломжтой болох болно.
Давхар л байх хэрэгтэй. Англи хэлийг сургачихвал сайн л байна...
Гэхдээ нутагшуулалтаас илүү дээгүүр гэж үзэж бас болохгүй байх гэж бодож байна. Зэрэг зэрэг л хийх ёстой хүмүүс нь хийгээд явах ёстой зүйлс байх. IT-ынхан ямар Англи хэл заагаад сууж байлтай нь биш дээ...
Хөгжлийг боомилж, чадварлаг ажиллах хүчнийг маань цагийг үрж байгаа гэж харагддаг юм. Нэгээс N хүртэлх үгийг орчуулах "Оновчтой" үг олох гэж ухнатаж байхад нь түүнээс нь их зүйлийг хөгжиж буй улсад нь судлаж, шинжлээд, батлаад, хамгаалаад, ашиглаад явж байна шүү дээ.
Хоосон зөвшилцөл, цаг, оюуны хөдөлмөр зарцуулж байхын оронд Монгол улсад $ оруулж ирэх бүтээл, санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж/ зохиож суух нь үр дүн өндөртөй, хөгжилд нэмэртэй.
Зарим үгнүүдийг крилл рүү хөрвүүлэхэд болохгүй юм байхгү байхаа. Японууд гадаад үгээ шууд катакана болгоцон байдаг шүүдээ. Default гэх мэт үгийг дефолт болгосондоо буруугүй бхөө.
50 аад онд орж ирсэн цахилгаан зуух гэхэд плитка гээд явж л байдагшүүдээ. Үүнтэй адилхан мэдээллийн технологи бас бидний хувьд шинэ, гаднаас орж ирсэн зүйл. Зарим нэг үгийг нь галиглахад гэмгүй гэж бодож байна.
За энэ талаар ч хүмүүс өөр, өөрийнхөөрөө л бодож, илэрхийлж байдаг. Маш их юм яригдана л даа. Өнөөдөр манай компанийн гадаад харилцааны хэсгийн ахлагч буюу компаний хэмжээнд англи хэлээрээ нэгдүгээрт тавигдах ёстой хүн үйлдлийн систем битгий хэл энгийн ч програм суулгаж чаддаггүй юм. Тэгэхээр програмууд англи хэл дээр байгаад хэрэг байна уу? гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Өнөөдөр бараг бүх их, дээд сургуулиуд англи хэлийг энгийнээс, мэргэжлийн түвшин хүртэл заадаг. Гэтэл дипломоо хийж байгаа оюутан хэвлэх төхөөрөмжийнхөө тохиргоог ашиглаад дипломынхоо ажлыг зөв хэвлэж чаддаггүй. Тэгэхээр үйлдлийн систем, програмууд англи хэл дээр байгаад, ашиглаж байгаа хүн нь англи хэл сурч байгаа нь хаана байна аа?
Англи хэл бол америкийн нөлөөгөөр л дэлхийд хэрэглэгдэж байгаа болохоос зүгээр л гадаад хэл шүү дээ. Америкийн оронд Испани хүчирхэгжээд испани хэлний нөлөө нэмэгдээд ирэхээр дагаад л испани хэл гээд л хошуурах болно. Хэрэв бид Монгол хэлтэйгээ байсан бол иймэрхүү шуурганд ажрахгүй байх юм. За ийм ч зүйл гарахгүй байх л даа. Ер нь манай улс л идэвхгүй, дорой байгаа болохоос бусад улс өөрийн хэлээрээ үйлдлийн систем суулгаж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө манай найз интернэт кафе ажиллуулдаг байлаа. Тэгэхэд хятад хүмүүс орж ирээд хятад Цонхнууд байгаа эсэхийг асуугаад байхгүй бол гараад явчихдаг байсан тул мөнгө л хэрэгтэй хойно нэгээс хоёр ширхэг хятад цонх суулгадаг болсон. Тэр хятад хүмүүс яагаад англи сураагүй юм бол? Би үүнийг үндэсний үзэлтэй холбоотой гэж хэлмээр байна. Ингээд монголчлох бол мөн үндэсний үзэлтэй холбоотой болох нь. Үндэстэн оршин тогтнох нэг нөхцөл нь хэл соёл гэдэг юм шүү дээ. Өнөөдөр үндэснийхээ хэлээр зөвхөн хөгшид нь ярьдаг, залуучууд нь ойлгодог ч ярьдаггүй, багачууд нь бүр ойлгодоггүй тийм улс үндэстэн байна. Үнэхээр эмгэнэлтэй. Хүн үхэхэд дагаад мөхөж байгаа хэл ч байна, байгаа болоод НҮБ-ээс хэл хамгаалахтай холбоотой олон арга хэмжээ авч байгаа. Монгол хэл ч гэсэн аль хэдийн уруудаж яваа хэлүүдийн тоонд орсон гэдгийг анхаараарай. Оросын буриадын залуучууд нь буриадаар бараг ярихаа болилоо. Өвөр монголд ч гэсэн монгол хэл хятад хэлээр шахагдаж байна шүү дээ.
Зарим хүмүүс өөрийн бизнесийн орлогоо бодоод англи хэл гээд байгаа юм шиг надад бодогддог.
Би бол монголчлох тал дээр ямагт зогсдог хүн. ОпенМН багийн эхний болоод сүүлийн төслүүдэд хуруу нэмсэн. Мөн бие дааж орчуулах аядсан зүйлс ч байгаа.
Гантулга-д: Миний бичсэн зүйлээс эхний хоёр жишээг хараарай л даа. Чиний хэлснээс эсрэгээр болж байгаа юм. Тэдгээр хүмүүс өөрсдөө юм аа хийчихдэг бол миний хайран цагаас үрэхгүй байх сан.
Өө тэгээд хийх л байсан бол өдийд хийж бүтээгээд, сурдаг нь Англи хэл сураад тэрийг нь хэрэглэх л байсан байлгүй дээ...
Тэгээд тус тусдаа нэгнийгээ үгүйсгэлгүй санасан бодсоноо хийгээд явсан нь дээр байхөө...
Орчуулахад үнэхээр тохирох Монгол үг олдохгүй бол шууд галиглаад авчихад болохгүй гэх газаргүй биз дээ. Тийм тохиолдол тийм олон байхгүй байх л даа.. Харин тэр заяамал бол арай л биш юмаа :p яамаар ч юм бэ дээ...
Гантулга-д: Нэг нь цаг зав гаргаад монгол болгочихсон байхад дараагийн зуун хүн англи хэл сурах гэж цаг алдахгүй ч байх юм бил үү? Манай үүдний жижүүр өвөө компьютер дээрээ хөзөр тоглохын тулд англи хэл сурах ямар хэрэг байна аа? Хөзрөө эхлүүлэхийн тулд тоглоомоо хаачихаад, эргээд нээдэг байсныг нь би зааж өгч билээ.
Гантулгад бичсэн юм...
Монгол хэл үнэхээр доройтож байгаа нь бас бичигтэй маань ч холбоотой байж мэдэх юм даа... Бичиг нь тусдаа байсан бол магадгүй Буриадууд хүүхэддээ багаас нь заагаад, хэлээ бага ч гэсэн авч үлдэх ч байсан байж мэдэх юм. Адилхан кирилл болохоор заах шаардлагагүй болохоор. Сонсоод ойлгодог боловч Монголоор ярьж чаддаггүй Буриадууд оюутнууд цөөнгүй байдаг юм билээ..
Өнөөдөр, маргаашаа харвал Монголчлоод бай, цаг хугацааг хожиж байгаа мэт төөрөлдүүлнэ. Урт хугацааны үр дүн болон ашиг шимийг нь бодоод үзээрэй.
Дэлхийд шинээр гарч байгаа патентын 50+% нь Америкт Англи хэлээр хийгдэж байна. Дэлхийд Та бүгдийн хэрэглэж байгаа ихэнх бүх болон хэрэгслүүд бүгд Англи дээр байна, хувилбар болгондоо өөрчлөлт орж ирдэг, зарим хуучин боломж нь устддаг. Эдгээрийг бид орчуулагчаар дамжуулан, найдвартай эсэхийг нь ч бүрэн мэдэхгүйгээр ашиглахад хойно нь л явна уу гэхээс урд нь хэзээ ч гарахгүй.
Дээрээс нь энэ судалгааг хараарай.
http://anthro.palomar.edu/language/language_1.htm
Бид 3 сая ч хүрээгүй байж бүх зүйлийг Монголчлох нь үр ашиг асар бага шүү дээ, хайран цаг, хөрөнгө, алдагдсан боломж.
Баярсайханд: 1. Танай хүний нөөц муу ажиллаж байна. 2. Оюутан сурах эрмэлзэлгүй байна. 3. Хоёрдогч хэл болгосон улсуудын туршлагыг авах 4. Хүчирхэг байж бусад ахан дүүсээ татна уу гэхээс одоогийнх шиг байвал бид Орос, Хятадаас Буриад, Ө.Монголыг салганаа гэж Гонжийн жоо. Тэд юугаа бодож хүчгүй, мөнгөгүй, арчаагүй бидэнтэй хамт байхыг бодохын? 5. Тэр өвөөг ажлыг нь хийлгээч! Цалин яах гэж өгдөг юм бэ?
Хүүд: Хэлний доройтлын талаар харин одоогоор хэлж чадах зүйл бага байна. Хэсэг бодож, уншиж, судлаж байж л хариу хэлье. Уг нь тусгаар тогтносон улс байх гол шалгуурын нэг гэдэг юм билээ.
Гантулга-д: Манай хүний нөөц муу ажиллаж байгаа эсэх нь чамд хамаагүй. Тэгээд ч тэр хүнийн ажил үүргийн хуваарьт тийм зүйл тусгагдаагүй бөгөөд үндсэн ажлаараа бусад мэргэжил нэгтээсээ илүү ч байж болно. Гэвч миний дурдсан жишээ бол хаа сайгүй л байгаа гэдэг нь гол юм. Оюутан сурах эрмэлзэлтэй эсэх, сургаж чадаж байгаа эсэх гээд л бас л асуудал шүү дээ. Мэдээж жижүүр бол зав зайгаараа л тоглоно. Манай байгууллага хором тутамд хүн орж ирээд байдаг үйлчилгээний газар биш. Хүн орж ирэхэд зөв угтаж аваад, шаардлагатай зүйлсээр нь туслаад, үдэж чаддаг л хүн. Буриад, Ө.Монголыг хэн салгана гэчихэв ээ? Зүгээр л монгол хэл ярьж байсан юм сан.
Нээлттэй эхийг орчуулах нь түүний гол тунхгийн нэг болох эрх чөлөөний асуудал л гэж би бодож байна. Харин Микрософтын бүтээгдэхүүнийг л орчуулна гэвэл бөөн хөрөнгө, зав болох байх даа. Чи завгүй байгаад дургүй бол чамайг хэн ч хүчлэх гээгүй шүү дээ. За за сүүлдээ яриа маань тиймэрхүү болчих шиг боллоо. Бүгдээрээ уучлаарай.
муудалцахгүй шүү залуусаа. Гантулгын хэлж байгаа үнэхээр зөв, бид үнэхээр юмнаас хоцрохгүй гэж байгаа бол англи хэлийг сурах хэрэгтэй. гүйцээд түүнийгээ олон нийтэд хүргэх гэж байгаа бол бас л англи хэлийг сурах хэрэгтэй. гэхдээ бүх хүн математикч байх албагүй гэдэг шиг хүн бүр ухаантай, сэтгэгч, зохион бүтээгч, манлайлагч байх албагүй. ингэхдээ сурах, хөдөлмөрлөх, сайхан амьдрах гэх мэт эрх нь хангагдаж байх ёстой. үүнд нь орчуулга маань бага ч болов тус нэмэр болох болов уу гэж хувьдаа мунхаглана.
бүгдээрээ сайхан ажил хэрэгч санал гаргаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцвал зүгээр болов уу.
Олон нийтийн хэрэглэдэг бүтээгдэхүүн, програмуудыг орчуулж, харин мэргэжилийн нарийн зүйлсийг бол орчуулж барахгүй биз ээ. Юун түрүүнд OpenOffice, GNOME эдэрийг монголчилоод хувилбар бүрийг алдахгүй дагаад яваад, гол нь түүнийгээ олны хүртээл болгож чадвал цаашидаа аль нь дээр болох нь харагдах байх гэж мунхаглана. Өмнө нь ОпенМН-ы алдсан зүйл нь хийж бүтээж чадсан зүйлээ, олон нийтэд зөв таниулж хүргэж чадаагүй гэж боддог.
Ер нь бид нэгдэж, нийлэх зүйл дээрээ нийлэх л хэрэгтэй. Надад олон санал, санаа бий.. тэгж байгаад Вийр Парри дээр очихоороо яримз ;)
Гадаад эх хэлээрээ үг хэллэг хэрэглэгдэх нь утгаа алдахгүй хамгийн зөв гэж их боддог байлаа. Гадны зохиол, бүтээлийг эх хэлээр нь уншиж байж бүрэн ойлгоно гэж итгэдэг байлаа. Монгол хэл маань орчин үеэ дагаж шинэчлэгдэж өөрчлөгдөхгүй байна, хэл шинжлэлийнхэн, хэл бичгийнхэн, зохиолч эрдэмтэд муу байна гэж шүүмжилдэг байлаа. Ялангуяа, хэлнийхэн бичгийнхэн нь техник, технологийнхонтэй холбоо хэлхээгүй байна гээд их үздэг байлаа.
Орост 6 жил, АНУ-д арван жил болсоных эх орноо их санадаг болж байгаа юм уу ... өмнөх зүйлс өөрчлөгдөжээ. Амьдралын хэрэгцээ, туршлага гэж тэр юм болов уу ...
Орчуулах л хэрэгтэй, үг олодх л ёстой гэж боддог болсон. Зохиол бүтээл бол өөр л дөө, гшнцгийрүүлж жинхэнэ утгыг нь эрвэл бичигдсэн эх хэл нь хамгийн зөв байлгүй яахав - бодол хэвээрээ үлдсэн байна. Хэл бичгийнхэн, зохиолчдын муулах аргагүй юм билээ, технологийнхон өөрсдөө эх хэлээ бас мэддэг, дэмждэг байх ёстойг хэвлэл мэдээллийн байгууллагад тун ойр ажилласан зургаан жилийн ажлаасаа, тэндээс танилцсан эрдэмтэн мэргэн наяз нөхдөөсөө мэдэж олйгож авсандаа их баяртай байгаа. Холбоо хэлхээний хувьд ч үүсэж өгөхгүй байхыг нь үзсээр тэтгэвэрт суучих юм аа даа янз нь.
Дүгнэлт нь, цаг цагаараа байдаггүй ажээ. Хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй зүйлээ хийсэн нь онох юм байна. Нутагшуулах санаатйа нь тэгээд ажлаад бай, хийгээд бай, үр дүн нь гарна аа. Монгол хүн бүр англи хэлэнд ус цас болсоноор бүх асуудал шийдэгдэхгүй ээ. Гадаад хэл дэмжиж буй нь тэгээд өөрийн үнэт цагаа орчуулга, хөрвүүлэгт зарцуулалгүй гол зүйлдээ анхаар аа. Үзэж сурч барахгүй, дуусаж дундрашгүй ажлууд зөндөө хүлээж байна. Гол нь биеэ биеэ хүндэл, хэн хэн чинь зөв л санаж бодож байна. Тэгээд итгэл үнэмшилээрээ л зүтгээд бай. Цаг хугацаа бүхнийг шийднэ.
Амжилт хүсье!
Миний бодлоор нутагшуулалт нь зайлшгүй байх хэрэгтэй зүйл гэж бодож байна л даа. Хүн бүр англи хэл сурна гэдэг бас хэлээ ашиглаад компьютер эсвэл альваа электрон хэрэгсэл (жишээ нь гар утас) ашиглана гэдэг бол амаргүй асуудал. Хүн болгон олон улсад гарч эсвэл хамтарч ажиллана гэж байхгүй шүү дээ. Үүний оронд хүн бүр тухайн салбартаа Монголоороо уншаад хэрэглээд ойлгоод явбал тухайн салбарын амжилт цаашлаад Монгол улсынхаа хөгжлийг хурдасгахад тус болох нь ойлгомжтой.
Харин англи хэлийг хүн бүр сураад хүн бүр англи хэл дээр өгүүлбэр унших нь бүтэхгүй асуудал гэж бодож байна. Бид ямар англи хэлтэй улсад колончлогдож байсан түүх байх биш бас хөрш орнууд маань бүгд л өөрсдийн хэлээр ярьцгаана. Тийм учраас би л хувьдаа нутагшуулалтыг дэмжихээс өөр арга алга даа.
Тэгээд нутагшуулалт хийхээр эхэлж байгаа бол эхнээс нь л гаргаж байсан нь дээр байх л даа. Заавал төгс төгөлдөр болтол нь хүлээх нь хэзээ ч дуусашгүй ажил болох байх. Харин гарсан хувилбаруудыг хэрэглээд үр ашгийг нь мэдрээд ирэхээр хүмүүс хэрэгцээг нь ойлгоод нутагшуулалтын ажил улам хурдасах болвуу гэж бодож байна.
Тэгээд зарим нэг хэвшил болсон үгнүүдийг заавал монголчлох гээд толгойгоо гашилгаж цаг үрэлгүйгээр тэр чигээр нь галиглах нь зүйтэй болов уу. Солонгосын жишээн дээр л гэхэд Цонхноос авхуулаад бүхий л программ хангамжуудаа нутагшуулж эхэлсэн нь өнөөдөрийн тэдний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс болоход нь багагүй нөлөө үзүүлсэн гэхэд буруутахгүй болов уу. Харин солонгос Цонхыг орчуулсаныг харахад ихэнх нь галиглаад л оруулчихсан байх юм.
За тэгээд эцэст нь гадаадын улсуудтай харьцаад ойлголцоод өөрсдийн хэрэглээнд англи хэл заавал хэрэгтэй гэсэн хүмүүс нь сураад ашиглаад явахад болно биз дээ. Харин үлдсэн хэсэг буюу хүн амын маань ихэнх хувь нь эх хэл дээрээ хэрэглэх нь зөв гэж бодож байна.
хэ хэ 2 тал болоод үзэж байна даа сэтгэгдэл бичсэн залуус хамтын ажиллагаа гэдгээ умартсан бөлгөө!
уг нь сэдэв нь монголчлох гэсэн байсан Followers монголчилоод өгөөрөй :D
Мэргэжлийнх нь хүмүүс анги хэлээр нь ашиглаад энгийн ард иргэддэээ төрлөх хэлээрээ хүргэх нь зөв байх аа. Ер нь тэгээд монголын гэсэн юм байгаа байж болдоггүй юм. Заавал дефолт, заяамал энэ тэр гэж орчуулж байхаар яг зөв утгаа олоод явбал зүгээр ш д. /үндсэн/ Яахав эхэндээ жаахан эвгүй санагдах байх. Гэхдээ дасна ш дээ... Ер нь тэгээд монголчууд ч бас хэрэглээд сурчихсан гадаад үгийг заавал орчуулаад байх албагүй. Энгийн хэрэглээний, үйлдэл үаасан гэх мэт зүйлсийг бол орчуулаад явах нь зүгээр л байх.
Орчууллаа гээд мэргэжлийнхэнийг тэрийгээ хэрэглэ гэж хэн ч албадахгүй. Угаасаа бүх хөгжүүлэлт, програмчлал нь англи хэл дээр байгаа юм чинь тэд англиараа л хэрэглээд яваг. Мэргэжлийнхэн чинь цөөнх шүү дээ. Олонхийн эрх ашгийн үүднээс орчуулах нь зүйтэй гэж бодож байна...
Монголчлох нь зүйтэй гэж бодож байна.
Гэхдээ арай ч заяамал энэ тэрээ гэх нь ч хаашаа юм.
Default -үндсэн
... гэдэг юмуу лавлах электрон лавлах гаргаад үзвэл ямар бол.
Програм хөгжүүлэгчид нь орчуулга хийхдээ тэр лавлахыгаа ашиглаад орчуулаад байдаг. Тэр лавлахаас авч орчуулав гээд бичдэг.Тэгээд байвал ч нэг л мэдэхэд нэг хэвийн лавлах гарчих байхаа.
Тэр лавлахдаа тодорхой хүмүүс нь мэдээлэл нэмдэг байдалтайгаар...
---------------------------------
Энд байсан байна билээ.
http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2
Эхлээд энд ярилцаж байгаад оруулдаг юм байна:
http://www.openmn.org/index.php?pageId=15&op=enter&item=17
default гэсэн чинь Өгөгдмөл гэж байна.
GNOME-ын орчуулга дээр хаана билээ стандарт гэж оруулсан байсан. Миний бодлоор бараг Монгол үг болчихсон болохоор Стандарт гэж авах нь ч зөв юм шиг...
http://ebayaraa.blogspot.com/2009/03/v.html
http://ebayaraa.blogspot.com/2008/01/blog-post.html
http://ebayaraa.blogspot.com/2007/06/blog-post.html
Эдгээрийг уншихыг хичээгээрэй.
openmn.org дээрх нэр томьёоны лавлахыг үзлээ. Дажгүй юмаа компьютертэй холбоотой нэр томьёоноосоо эхлээд монгол стандарт гаргаад эхэлчихжээ. Би вэб сайт хийхдээ зарим орчуулж болмооргүй үгээ үүнээс авъя гэж бодлоо.
Загтансан газар минь яг маажиж байна.Миний бодлоор мэргэжлийн нэр томьёог болбол монгол болгох нь зүйтэй гэж боддог. Хамгийн нэгдүгээрт нэг их технологийн утга алдагдачихгүй гэсэн үгийг бид монголоор хэрэглэх нь чухал юм. Бүр болохгүйг кириллээр аваад явна бизээ. Би хувьдаа энэ нутагшуулах ажлыг дэмжиж байгаа хүн.
Нилээд хэдэн жилийн өмнө номын дэлгүүрээс монгол хэл дээр мэргэжлийн толь бичгүүд байхыг хараад баярлаад аваад бүгдийг нь эргүүлсэн сэтгэл гонсойгоод явчихсан. Толь худалдаж аваад уншсан чинь монголоор бичсэнийг нь уншаад уншаад олгодоггүй. Би л монгол хэлээ мэдэхгүй байгаа байх. :-(
Тэгээд мэргэжлээрээ ажиллаж байгаа найзуудтайгаа, их сургуулийнхаа болон КТМС-ийн найз багш нартайгаа уулзаж үг хэллэгээ хэлэлцэж нэгэн голидролд оруулахад хэрэг болох толь бичиг орчуулж гаргах хэрэгтэй юм уу гэж яриад, төслөө бичиж бэлтгээд санхүүжилтаа олоод эхлэхэд төрөл бүрийн шалгаанаас оролцох гэсэн олон хүн ороогүй. Гэлээ цөөдөхгүй хэдүүлээ толио орчуулсан. Энд програм хангамж, элекроник, монгол хэлнийх, сүүлдээ Англи хэлний орчуулагч багш хүртэл энэ орчуулганд оролцсон. Танихгүй хэрнэ хаа газар байгаа хүмүүс, хүн хүндээ дэм болоод юм хийхэд бүтдэг, нэг нэгнээсээ их зүйл сурдаг юм билээ.
default=Өгөгдмөл гэдэг үгийг бид нилээд олон хэлэлцүүлэг хийж байж гаргаж ирсэн юм. Олон хүн тоовол баярлана шүү. хихи
Өнгөрсөн жилийн эхнээс ОпенОфисын орчуулгат орж ажилласан. Мэдэх хэрэгтэй зүйлээ Бадралаар заалгаж байгаад, өөрөө бас асууж байгаад мэдээд авдаг :-). Одоо ч тэнд орчуулах ажил байгаа Help-ийг дуусаагүй зүтгүүлжил байна. Энд бид их хөрөнгө мөнгө зарахгүй монгол хэл дээр хэрэглэдэг системүүдийг иргэддээ хэрэглүүлэхээр гаргаж болох боломжууд байна.
Би одоо ОпенОфисыг монгол хэлээр өдөр бүр хэрэглэдэг. Олон залуучууд орчуулсан болохоор энд тэнд ганц нэг ташаа үг гарч ирэхээр хэлэлцүүлэгрүү өөрийн санлаа бичээд хэлэлцээд сайжруулаад байж болно. Гол нь тийм аргаар л сайжраад явна гэж бодож байна.(Монгол тамын тогооны үлгэрээр биш)
Нутагшуулах өөр төрлийн ажиллууд хийж байгаа хүүхдүүд байгаа байх яг төсөл хэрэгжүүлж байгаа сайтад нь Interlanguage link ээр нь холбогдоод монгол гэсэн mn нэрээрээ олдож байхаар ажлуудаа хийгээд явбал хойч хойчдоо бид хийсэн ажлаа залгуулан үлдээж байна.
Би бас Firefox-ийг хэрэглэдэг монголоор орчуулсаныг нь олох гээд сайтыг нь олоогүй. Монгол хэл дээрхийг нь жинхэн эх төсөлд нь байвал хэрэглэмээр л байх юм. Болохгүй юм байвал тэдэнд нь хэлээд л тестлээд сайжруулаад л явах юм сан гэж боддог.
Нутагшуулахыг дэмжиж байна. Би боддог юмаа. Өнөөдөр монголын бараг бүх нягтлан бодогчид санхүүгийн программ хэрэглэдэг. Хэрвээ санхүүгийн программаа монгол хэл дээр ашигладаггүй бол тэд бүгдээрээ программ хэрэглэх үү? Үнэгүй англи хэл дээрх санхүүгийн программууд зөндөө олон байдаг. Гэвч тэд үнэтэй монгол программ хэрэглэдэг.
Энэ юуг харуулж байна вэ? Монгол программууд нь монгол улсын стандарт, монголчуудад ойлгоход илүү хялбар байдаг.
Энэтэй бусад программууд ч адил шүү дээ.
Тэгээд ч Гантулгын бичсэн "Дэлхийд шинээр гарч байгаа патентын 50+% нь Америкт Англи хэлээр хийгдэж байна." гэдгийг сайн мэдэхгүй байна. Хамгийн олон хүн хэрэглэдэг хэл нь хятад шүү дээ. Нөхцөл байдал өөрчлөгдөөд хятад хэл дээр илүү их гардаг болчихвол монголчуудыг англи хэлээ болио одоо хятад хэл сур гэх үү.
Ерөөсөө даяаршиж байгаа дэлхийд монголчууд ондоосож монголоороо үлдэхийн үндэс нь монгол хэл шүү дээ.
Бүгдээрээ эв эеээ нэгтгэж тооцоолуурыг монгол хэлээрээ хэрэглэдэг болцгооё залуусаа.
Post a Comment