2006-12-11

Орчуулгын талаар миний бодол

Мэдээллийн технологи бидний амьдралд өргөн нэвтэрч байгаатай холбогдоод ч тэр үү сүүлийн үед бидний хэсэг хүмүүс орчуулгын талаар их өгүүлэх болж. Ялангуяа бидний хувьд шинэ гэж хэлж болох мэдээллийн технологийн талаар. Би ч энэ хүмүүсийн тоонд бас орж байгаа болохоор энэ талаар бодож явдаг зүйлсээ хуваалцах гэсэн юм.

Миний бодлоор орчуулга хийхдээ аль болох монгол үгээ авах хэрэгтэй, хэрэв тэр үг нь байхгүй бол ямар нэг зүйлтэй зүйрлүүлэн тухайн үгний утгыг баяжуулах. Үг олдохгүй гэж санаа зовох хэрэггүй тайлбар толиноос харах эсвэл хэл шинжээчээс асуух замаар ихэнх тохиолдолд олдоно, гэхдээ үнэхээр олдохгүй бол үг шинээр үүсгэх эсвэл зээлдэж авах хэрэгтэй. За тэгээд зүйрлэхдээ хүн бүхэнд ойлгомжтой байлгах гээд нэг үгийг хэт олон бас хоорондоо авцалдаагүй салаа утгатай болгох нь утгагүй, тиймээс түгээмэл хэрэглэдэггүй боловч утгыг гаргаж байгаа үгийг ашиглах нь зөв. Энэ талаар Ленин багш маань "Үйлдвэрийн сонин сая сая хөдөлмөрийн хүмүүст хялбар ойлгомжтой байх ёстой. Гэхдээ хялбарчлах нэрээр хэт дур мэдэн аашилж болохгүй. Боловсрол муутай уншигчийн хэмжээгээр бус, харин хэлбэрэлтгүйгээр маг алгуурхан тун болгоомжтойгоор тэдний хөгжил, боловсролын хэмжээг өөд татах хэрэгтэй" гэж хэлсэн болохыг ХэлЗасаг сайтаас олж үзлээ, хуучин нийгмийн агуулгатай болохоос санаа бол маш зөв. Мөн Оксфорд дээрх үгний анхдагч утга нь шинээр гарсан үгтэй авцлдахгүй байх тохиолдолд олон байна. Жишээлбэл програмчлалын хэл дээр бичсэн кодыг машинд ойлгомжтой хоёртын хэлбэрт шилжүүлэх үйлдэл нь бичиг баримтыг эмхэтгээд, хэнд ч ойлгомжтой хэлбэртэй төстэй санагдаад compile буюу эмхэтгэх гээд авчихаж. Мэргэжлийн хүн нь ийм утга байдгийг нь мэдээд бас хэнд ч хүртээмжтэй тайлбар толь байхад болох бишүү. Бас компьютер байна, compute гэдэг нь тооцоолоод хариу гаргахыг хэлдэг байж гэтэл computer нь тэр ажлыг үйлддэг зүйл буюу тооцоологч эсвэл тооцоолуур. Гэтэл яагаад бид эмхлэх гээд явахын оронд компайл, компилятордох эсвэл хөрвүүлэх гэж авах ёстой гэж? Энэ мэт жишээнүүд олон байдаг. Гэлээ ч огт холбогдолгүй үг авч байгаа биш мэдэхгүй хүн яг утгыг нь мэдэхгүй ч төсөөлөл бол бууна. Гэхдээ үүгээрээ бүх үгийг монголчлох эсвэл зүйрлэх ёстой гэсэнгүй харин энэ арга нь бидэнд эх хэлээ хадгалж үлдэх, үгсийг илүү эргэлтэнд оруулах мөн хэнд ч ойлгомжтой байх хамгийн дөт, зөв зам мэт санагдаж буй учир хэллээ.

Гэхдээ энэ үг сонголт, орчуулгын асуудал мэдээллийн технологийн бидэнд ямар хамаатай юм бэ, бидний ихэнх нь мэддэг болохоор бидэнд англиар ашиглах нь хялбар байна ш дээ гэж та бодож байна уу? Үгүй шүү, харин ч бүр илүү хамаатай гэхдээ таныг хэл шинжээч бол гээгүй. Яагаад хамаа? Өнөөдөр мэдээллийн технологи гээч зүйл бидний амьдралд угаасаа эргэлт буцалтгүй орчихож тэгээд ч мэдээллийг шороон түмэн хүнд хамгийн хурдан хүргэх хэрэгсэл нь болчохсон болохоор бидэнд хамаагүй зүйл биш тэгээд ч бид чинь бас эх хэлээ мэдэх ёстой юм байнаа биз дээ. Ялангуяа та эх хэл дээрээ агуулга үүсгэж, орчуулга хийж эсвэл шинэ програм бичиж байгаа бол. Тэгээд ч та анх сурч байхдаа гадаад үгийг буулгаж ойлгох гэж, гадаад хэлнээс сурах гэж хэрхэн зүдэрч байснаа сана даа. Дээрээс нь "бид" гэдэг хүмүүс энэ нийгмийн хэдэн хувийг бүрдүүлж байна. Хүний юм бол хэзээд л хүнийх байдаг. Гэхдээ та орчуулж байна гээд хөрвүүлж байвал юу ч хөврүүлж байсан хамаагүй хөрвүүлэх, тохируулж л байвал юу ч тохируулж байсан тохиргоо, засах бас өөрчилөх үйлдлүүд нь юунаас үл хамааран засах эсвэл өөрчлөх, хэрэглэдэг зүйл байвал хэрэгсэл гэж муйхарлаж болохгүй. Эдгээр үгсийн утга нь хэдэн арван салаа болж орчуулснаасаа бүр эс юм болно. Харин үүнийхээ оронд найруулан өөрчилж байвал найруулах, алдааг нь засамжлан өөрчилж байвал залруулах, хөдөлмөрлөхөд хэрэглэж байвал багаж, хүн алахад хэрэглэж байвал зэвсэг, хөгжим тоглоход хэрэглэж байвал зэмсэг гээд авчихвал ч час хийгээд явчихна биз. Жишээ нь цонхны Edit гээд цэсийг Найруулга гээд авчихвал зохимжтой санагдах юм. Учир нь тэнд чинь сонгоод хайчлаад эсвэл хуулаад өөр газар аваачих өөрөөр хэлбэл найруулан өөрчлөхтөй холбоотой зүйлс байдаг байхаа? Компьютерийн програм хангамжийг орчуулах тал дээр бас санал зөрөлдөөнтэй асуудлууд байна. Жишээ нь Монгол Улсын хоёрдогч хэл англи хэл байна эсвэл бүх нийтээрээ англи хэл мэдэх ёстой болохоор тэр дэмий. За боль доо, зөвхөн компьютер ашиглаад англи хэл сурчих уу, эсвэл компьютер ашиглахын тулд англи хэл мэддэг байх шаардлагатай юм уу? Үгүй дээ, тийм шаардлага байхгүй. Манай өвөө гэж 80 шахсан өвгөн байгаа гэхдээ зүгээр суугаад байхгүй бичиг цаастай ноцолдож компьютераа бас ашиглах гэнэ. Яахав хэлж өгсөн гэдэг зүйлийг бичээд авчихсан тэрийгээ харанхуйгаар хийнэ. Энэ мэтчилэн амьдралд нь гадаад хэл шаардлагагүй олон хүмүүс байгаа байсаар ч байх болно гэхдээ тэдгээр хүмүүсийг мэдээлэл авах эсвэл бусадтай харилцах хэрэгслээр нь дамжуулан дарамталж байхын оронд чаддаг зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Жишээ нь, шүлэг бичдэг хүн шүлгээ компьютерт оруулахын тулд англи хэл сурах хэрэггүй үүнийхээ орон олон сайхан шүлэг бичвэл дээр.

Баахан шүүмж асуудал бичлээ, ер нь тэгээд гарах гарц байна уу? Мэдээж, ганц биш маш олон байгаа. Хамгийн гол нь хүн бүр нийгэмдээ идэвхитэй оролцож түүндээ цаг зав гаргаж, бага атугай зүйлийг хийх нь чухал. Үүнээс гадна нэгэн үзүүрт сэтгэлээр хэн ч хэнтэй ч хамтран ажиллах ёстой юм. Ирчихсэн байгаа мэдээллийн технологи биднийг ижил тэгш хамтран ажиллах боломж олгоод байгааг хаа сайгүй л ярьцгаах болсон, үүнийгээ ашиглая л даа. Жишээ нь OpenMN баг нээлттэй эхийн програм хангамжийг орчуулж байхад миний мэдэхийн нэг ч хэл шинжээч байгаагүй, тиймдээ ч буруу замаар будаа тээсэн зүйлс байгаа. Тэр үед хамтраад ажилласан бол өнөөдөр байдал арай өөр байх байсан. Өнөөдөр ч бас бидэнд хамтран ажиллах зүйлс мундахгүй л байна. Бидэнд та бүхний зөвлөмж хэрэгтэй байна. Бас миний санаж явдаг нэг зүйл бол монгол хэлний цахим тайлбар толь бичиг бүтээх гэхдээ хэн ч ашиглаж болох. Өнөөдөр хэд хэдэн толь бичиг гарлаа, ахиад бас гарах гэж байх шиг байна гэвч тэдгээр нь 100$ хавьцаа үнэтэй байх юм. Цөөхөн хэдэн хүнд л хүрнэ. Мэдээж оюуны хөдөлмөрөө үнэлэх нь зөв боловч тэдгээр хүмүүс эндгээрийг мөнгө олох гэж хийж байна уу мэдлэг түгээх гэж хийж байна уу? Хэрэв мөнгө олох гэж ингэсэн бол болж байна. Харин мэдлэг түгээх гэж хийсэн бол өөр хэрэг. Мэдсэн юм түмэнд түгж байж мэдлэг болдог гэж үг байдаг үнэхээр түгээх гэж байгаа бол хямд үнээр зарах эсвэл үнэ төлбөргүй вэб хувилбар үүсгэх арга байж болж байна. Жишээ нь оросын ABBYY компани вэбийн толио үнэ төлбөргүй ашиглуулж, харин компьютер дээр суулгадгийг нь зардаг. Орос сургуульд сурсан болоод ч тэр үү мэдэхгүй монгол үг тааралдана тэгээд л Цэвэлдэнэ, гэвч нөгөө Цэвэл нь тийм ч сайн толь биш байх юм. Өөр бас та блог бичих эсвэл бусад замаар өөрийн үзэл бодлыг, мэдлэгийг хуваалцаж болно харин уншсан хүн авах гээхийн ухаанаар хандах болно. Цаагуураа та хэдэн хүн сайнаар нөлөөлж буйгаа мэдэхгүй л байгаа.

Цааш нь бичээд байвал их л юм байна, гэвч одоогоор ингээд төгсгөе дөө. Сүүлийн үед нээлттэй эхийн програм хангамжийг монгол хэл рүү орчуулах ажлыг эрчимтэй явуулах талаар бодол толгойноос салахаа байлаа. Өвөө маань компьютераа ашиглаж чадахгүй их муншинаж байгаатай бас холбоотой болов уу.

7 comments:

Anonymous said...

Дөлөө чи бас Ленин багшийг мэднээ? чи ч аргагүй л мундаг залуу юм даа. Одоогийн залуус чинь Лениний зургийг хараад танидаггүй юм билээ ш дээ.

Anonymous said...

Ene huuhed chine manai arvan jiliin huuhed bn sh d. Oros 3t bsan mon biz dee. Sain uu? Ajil chine tavlag uu

Unknown said...

Сайн уу. Нэр мэрээ бичихгүй бол би хэн гэдгийг чинь мэдэхгүй ш дээ :)

Anonymous said...

Миний бодлоор нийтээрээ компьютерын нэг нэр томъёонд шилжих шилжилтийг алгуураар эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бусад улсууд яаж шийдсэнийг сайн мэдэхгүй ч орос хэл дээрх програмуудыг ашиглаж байхад нэр томъёоны зөрөө нь бараг аричлихсан нийтээрээ уг нэр томъёог хэрэглээд заншчихсан байдаг. Гэхдээ орос хэлэнд хөрвүүлэхдээ бүүр сонин сонин үгс хэрэглэсэн байдаг. Жишээ нь @ = собака (нохой), folder = папка (аав ч гэх юмуу). Тэгэхээр IT-ийн салбарт ажиллаж байгаа бид өөрсдөө эхлээд нэгдсэн нэр томъёонд шилжих шилжилтээ эхлэх хэрэгтэй, тэгэж байж нийт массыг энэ нэр томъёонд хэвшүүлэхэд дөхөм болох болов уу. Нэгдсэн нэр томъёонд шилжихэд нэг нэр томъёог янз бүрээр нэрлэх саналууд гарч ирэх зэрэг олон асуудлууд тулгарах нь мэдээж. Гэхдээ эцэст нь энэ бүгд жигдрэх байх. Орчуулга хийх явцад хамгийн хүнд асуудал нь нэр томъёог орчуулах байдаг. Тэгэхээр нэр томъёоны нэгдсэн сан үүсгээд, орчуулга хийж буй хүмүүсийг хамарвал нэгдсэн нэр томъёоны хэрэглээнд шилжих эхлэл тавигдаад явчихна гэж бодох юм.

baynaa said...

Hi Duluu,
ene talaar bi bas neg blog bichlee. http://baynaa.blogspot.com/2006/12/blog-post.html

Anonymous said...

Надад нэг санал байна. IT -гийн Мэргэжлийн шинжтэй хэсгийг нь орчуулалгүй англи үгийг тайлбартайгаар нь хэрэглэе, харин нийтийн хэрэглээний хэсгийг монгол үг хэллэгээр орчуулъя.
Ингэх нь одоогоор бидэнд ашигтай. Мэдээж ойрын наян жил, бид (бүр давраад дэлхий), монгол хэлээр, крилл үсгээр, эсвэл босоо бичгээрээ программ зохиохгүй нь лав.

UROLOGY said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802