2007-01-08

UBP 2007.1

Өнөөдөр MUUG дээр Unix Beer Party-гаа зарлачихлаа, сонирхосон хүмүүс хүрэлцэн ирээрэй. Нээрээ энэ сард UBP маань нэг ой хүрч байгаа юм байна, жилийн өмнө 2006 оны 1-р сарын 5-ны пүрэв гарагт 19 цагаас "Modern Nomads"-д болж байсансан. Үүнээс гадна хэдэн бодол байнаа.

Бүтэн жилийн турш UBP-г ерөнхийд нь зохион байгуулаад явлаа, олон хүмүүстэй уулзлаа, олон найзуудтай боллоо, мэдлэг туршлагаа ч тэлээд бас дээрээс нь сайхан амралт болж өгдөг. Гэтэл зарим хүмүүс UNIX гэдэг нэрнээс нь сүрдээд бас яг ямар зүйл байдгийг нь мэдэхгүй болоод ирдэггүй байх юм. Анх юникс төст үйлдлийн систем хэрэглэдэг, сонирходог хүмүүст чиглэн хийж байсан боловч одоо зөвхөн юникс гэлгүй тал бүрийн нээлттэй технологи, хамтран ажиллах, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна туршлага, мэдлэгийг маш ихээр солилцож байгаа. Тэгээд ч бие барилгүй сайхан чөлөөтэй ярилцаж байхын тулд шар айраг гэгч зүйлийг хачирлан оруулж, илүү чимж өгсөн. Гэтэл хүмүүс зөвхөн сисадминууд уулздаг, зөвхөн тэрнийхээ талаар л ярилцдаг гэж бодоод үргээд байдаг байх юм. Тэгэхээр яалтай вэ? Ер нь ЮНИКС гэсэн тодорхойлолтыг гээх үү? Open Beer Party байвал болж байгаа биз? Альваа зүйл цаг үеээ дагаж байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, энэ нь дайрч байна уу? Ямартаа ч сүүлийн үед "ЮНИКС" гэсэн тодотголгүй хүмүүсээр хүрээгээ тэлж, элдэв шинэ технологийн талаар хэлэлцэхээс гадна туршлага хуваалцаж, нэг нэгдээ дэм болж байна. Та ч гэсэн ирж бидэнтэй танилцаж, өөрийн бодож санаж явдаг зүйлийг олонд дуулгаж, бас тэгээд хамтран ажилламааргүй байна уу? Таныг бид урьж байна, гэхдээ ганц болзол бий. Та өөрийн гаргасан зардлыг бүрэн хариуцах ёстой, ердөө л энэ.

Энэ удаад ч бас халуухан болж магад шиг байна шүү. Вэб 2.0 гэгч зүйлийн талаар хэлэлцэх санал ирсэн, сонирхолтой, бас бусад хүмүүс сонирхолтой юу ярих бол гэхээс тэсч чадахгүй байна шүү. 10-ны лхагва гарагт 19 цагаас "Их Монгол"-д уулзацгаая, бид ширээн дээрээ бяцхан хөөрхөн оцон шувуу байрлуулсан байх болно. Та хэнийг ч таньдаггүй байсан санаа зовох хэрэггүй шүү, бүгд л анх бие биенийгээ таньдаггүй байсан, харин одоо өөр, цаашид ч өөр болох болно.

ТА БҮХЭНТЭЙ УУЛЗАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭНЭ

1 comment:

А.Ганбаатар said...

Хүүе Дөлөө UBP өнөө орой (3th) болчихсон уу? Маргааш гээд ажлаа зохицуулчихсан байтал тулгардчихлаа найз нь. Хоцорч очвол шийтгэхгүйм байгааз дэ?