2007-01-12

UBP 2007.1 болчлоо гэж

Нэлээн шахуу хугацаатай MUUG болоод өөрийн блог дээр зарлаад өчигдөр 8 хүний оролцоотойгоор Unix Beer Party-гаа хийчихлээ, нэг жилийнхээ ойг бас хавсарчихлаа. Өмнө ирж байгаагүй 3 хүн ирсэн бөгөөд тэдний нэг Ганбаатар блог дээрээ UNIX beer Party бичлэгийг бичжээ. Энэ удаад шахуу зарлагдсан болоод ч тэр үү байнга ирдэг хэд хэдэн хүн, зарим ирнэ гэж байсан хүмүүс ирсэнгүй. Уг нь эрт зарлах хэрэгтэй болохыг мэдэж байсан боловч яагаад ч юм цагийг нь тулгачихлаа. Дараагийн удаа жоохон эртхэн зарланаа. Зарим нэг яригдсан сэдвүүдээс тэмдэглэж авсан бөгөөд бүгдийг бичих боломжгүй тул товч өгүүлрүүн.

Тамир "мянганы сорилын сан" гээч зүйлд монголын бүхий л нутгийг хирсэн шилэн кабелийн татах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд төслийн ажил жоохон удаашралтай байгаа гэнэ. Гэтэл нөгөө татчихсан байгаа кабель нь бараг ашиглалтгүй газар булаатай хэвтэж байгаагаас гадна од буюу star хэлбэрээр татсаны улмаас, мөн ашиглаж байгаа төхөөрөмжүүдээс шалтгаалан ашиглалт хангалтгүй, доголдол гардаг талаар зарим хүмүүс бүр жишээтэй ярьж байсан. Харин "мянганы" төслөөр тататгдаж магадгүй сүлжээ нь од биш гогцоо хэлбэрээр татагдах учир доголдлыг багасгаж чадах юм байна. Хэдхэн хоногийн өмнө MOSA буюу Монголын Software Association байгуулагдсан талаар дуулсан, мэдээлэл хомс байсан харин энд зарим нэг мэдээллийг олж авлаа. Өмнө нь Буянцогтоо ахын ярьж байснаар гаднаас захиалга авч ажил гүйцэтгэхэд аль ч компаний дотоод хүчин чадал, нэр хангалтгүй, жин дарж чаддаггүй учир захиалгын олдоц төдийлөн муу байсан бол MOSA-г байгуулснаар програм хангамжийн компаниуд нэгдэн, илүү том нэгж болж илүү их зүйлийг гаднаас зулгаах боломжтой болох юм байна. Яг MOSA нь юунаас тогтож байна? Mongolian Outsourcing Software Association биш байгаа? Ямартай ч энэ бол маш зөв санаачлага, одоо атгасан гар шиг нэгдэх л хэрэгтэй, ажиллах нь чухал байна. Хувьдаа маш дэмжиж байгаа. Web 2.0 гэдгийн талаар багагүй хэлэлцэх шив. Тал бүрийн санал, яриа өрнөсөн боловч одоогийн байдлаар яг тийм юмыг Web 2.0 гэж хэлсэн зүйл байхгүй тул зарим нэг тулгуур үзэл санаа болон давуу талуудыг дурдвал: ер нь интерактив буюу AJAX байх хэрэгтэй, сүлжээний ашиглалт бага, ашиглахад маш хялбар, ойлгомжтой гэх мэт. Гэвч хэрэгжүүлэхэд, хийхэд зарим нэг талын хүндрэлүүд гардаг, алдаа гарах магадлал өндөр байдаг тул маш няхуур хийх хэрэгтэй гэнэ.

Аутсорсинг гэдэг зүйл хэзээ нэгэн цагт зогсох уу? Саяхан нэг судалгаа үзэж байхад аутсорсинг хийгээд 3 жил орчмын дараагаас олж авсан давуу тал нь үгүй болж ахиад өөр газар хайх хэрэгтэй болдог гэж байсан. Энэ хандлагаар хэдэн арван жилийн дараа хамаг газар хөгжөөд, хөдөлмөрийн хөлс үнэтэй болохоор яах бол? Хэзээ нэгэн цагт зогсох болов уу? Мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах боловч цалинг хэт өндөр өсгөхгүй байнаар Монголд аутсорсингийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадна гэж би үзнэм. Ихэвчлэн эдийн засгийн хэмнэлт хайж аутсорс хийдэг харин монгол хүн 1000 долларын цалин аваад эхлэвэл давуу энэ тал дээр яах бол? Ер нь тэгээд аутсорсинг бидний явах зам мөн үү? Бас монголд боловсрол эзэмших нь хэр үр дүнтэй вэ, багш нар хангалттай байна уу? Ер нь багш хийхийн давуу болоод сул талууд юу байна? Өөрийн мэддэг зүйлийг илүү нарийвчлан бататгадаг давуу талтай болохыг миний бие багш хийж байсан туршлагаасаа олж мэдсэн. Өөр зүйл юу байна? Сайн хүмүүс нь ажиллаад, тааруухан нь ч хаашаа юм гэхдээ сайн бишүүд нь багш хийж байгаа нь боловсон хүчний бодлого алдагдаад байгаа юм биш биз? Магсар маань IPv6 гэдэг зүйлийн талаар бидэнд танилцуулав. Тэрээр 3 сарын хугацаанд сүлжээ гэгч зүйлийг л үзсээр, харсаар, нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцаж байгаад ирсэн бөгөөд IPv6-г хэрэгжүүлж үзсэн байх юм. IPv6-с маш их илүү гэж хэлж болох мэдээллүүд хасагдсанаар тооцоолол багасч, үүнийг дагаад төхөөрөмжүүдэд ирэх ачаалал багассан юм байна. Жишээ нь пакетийн бүрэн бүтэн байдлыг доод түвшинд даатгаж, бас бус зүйлийг өөр түвшин даатгаснаас ачаа ихээхэн хөнгөрсөн юм байх. Ганбаатарт маш их хэмжээний ном цахим хэлбэрт байгаа, цагийн эрхээр хуучрах гээд байгаа тул хүмүүст нээж, хуваалцахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Удахгүй сервер нээж ажиллуулахаар ярилцсан байгаа, тун удахгүй. За тэгээд хүмүүсийн ярианаас цаг хугацаа өнгөрөх тусам цаг сайхан болж, илүү их боломжийг олгож байгааг гайхах болж. Элдэв уралдаан тэмцээн, тэтгэлэгт хөтөлбөр, мэдээллийн эх сурвалж гэх мэт. Бас LPI сургалтын төвийн талаар багахан ярилцсан. Монголын Нээлттэй Эхийн Санаачлага ТББ-с линукс болоод бусад нээлттэй технологийн талаар сургалт явуулах сургалтын төв нээхээр бэлтгэлээ базааж байгаа боловч уг нь шалгалтанд бэлдэх байтал одоогийн байдлаар ихэнх зүйлийг бүр эхнээс нь заах хүндрэл тулгараад байгаа нь хэнд ч тодорхой билээ. Уг сургалтын төв байгуулахаар мэддэг, чаддаг, мэргэшсэн гэдэг зүйлийн ялгаа бага ч болов тодрох болов уу гэж бодоод байгаа юм. Монголчуудын мэддэг нь гадаадын сонссон гэдэг үгтэй ижил утгатай гэж Тамирын найз хошигносон гэнэ билээ.

Эцэст нь зарим хүмүүсийн хүсэлтийг уламжилбал, ХасБанк нь системийн администратор гэхдээ чаддаг, өмнө нь хийж байсан хүнийг сайн хангамжтай авах юм гэнэ, үүнээс гадна сургууль хаах дөхөж байгаа тул сонирхолтой, өгөөжтэй, ирээдүйтэй дипломын сэдэв санал болгохыг "Холбооны" сургуулиас хүслээ, сэвдүүдийг миний блог дээр сэтгэгдэл болгоод үлдээх эсвэл багцлан блог бичихийг уриалж байна. За тэгээд элдэв сэдвээр ярилцаж, санаа оноогоо хуваалцах, сонссон зүйлээ нэмэх сайхан боломж гэж хувьдаа дүгнэдэж юм.

3 comments:

baynaa said...

12 сарын UBP дээр Дөлөө энэ талаар бас ярьж байсан. "Мэддэг", "Чаддаг", "Мэргэшсэн" гэдгийн ялгааг гаргах хэрэгцээ шаардлага үнэхээр их байгаа шүү. IPv6-н хувьд Монголд ийм төрлийн хаяг авсан газар одоохондоо байхгүй болохоор Магсар хаана хэрэглэж, ямар хэмжээнд хэрэглэж байгаад ирсэн талаар хэлж өгөөч.

Anonymous said...

Bayaraa.
Humuusiin bichij temdeglesnees harahad ene uulzalt ni Unix sonirhogchdiin geheesee iluu BEER-d durlagchdiin uulzalt bolson um shig haragdah um daa. :(

Unknown said...

тэгж хэлж болохгүй л дээ. Яагаад заавал шар айраг уух гэж? Учир нь ямар нэг албан уулзалт биш, бид зүгээр л чөлөөтэй сайхан ярилцах гэж энэ. Хүмүүс уухыг хүлээх биш чөлөөтэй ярилцахыг хүлээдэг болов уу, уухаар бол хэзээ ч хэнтэй ч ууж болно ш дээ уг нь. Боломжтой бол ирж нэг сонирхоорой