2008-10-04

Ubuntu 8.10 Beta - эхний сэтгэгдэл

Өчигдөр блогоо бичиж байх зуураа бетаг татаж аваад, дуусмагцаа туршилтаа эхлэв. Хувийн зөөврийн компьютер дээр аль эртнээс ашиглаж байсан болохоор энэ удаад ажлынхаа интернэтийн толгой компьютер дээр туршихаар шийдлээ. Эхний оролдлого маань давгүй явж байсан боловч дундаа CD алга гэсэн алдаа гараад зогсов. Бууж өгөхгүй ээ. Энэ туршилт хийж байгаа компьютер маань MGM X2 бөгөөд сүүлд боордыг нь солиулсан юм. Боордыг солиулахаас өмнө ямар ч линукс зүгээр ажилладаг байсан ба ABIT IB9 болгож солиулснаас хойш суулгахад, ер нь ашиглахад хүндрэлтэй болсон. Үүнийг мэдэх тул бас бус хэдэн арга хэргэлээд эцсийг нь хүртэл үзэхээр шийдэв.

Сүүлийн үеийн компьютерүүд маань эрчим хүч хэмнэх, зохистой хэрэглэх үүднээс янз бүрийн системүүдийг ашиглаж ирсэн байдаг. Эхнийх нь PM байсан бол өнөөдөр ашиглагдаж байгаа нь ACPI билээ. Зарим боордны биос нь алдаатай, зөв ажилладаггүйн улмаас суулгахад хүндрэл гардаг ба үүнийг давж гарах механизмууд ч байна. Жишээ нь, цөмөө бүүтлэхдээ acpi=off, noapic, nolapic гэх мэт параметруудыг дамжуулан алдаатай биосыг даван гарч болдог. Гэхдээ эдгээрийг ашиглах нь зарим нэг хүндрэлүүдийг учруулдаг. Миний хувьд бас яг л ийм, гарсан хүндрэл нь гэвэл гар маань сааталтай, бас бус зүйл нь их удаан ажилладаг юм. Яг юунаас асуудал үүсч байгааг тодорхойлохоор бүх параметруудыг дангаар нь бас хослуулан хэрэглэж үзсэн боловч бүгдийг нийлүүлсэн нь амжилтанд хүрэв. Удаашрах сөрөг талын улмаас бас туршилтын дүнгээс болж бараг 3 цагийн дараа ажиллагаатай системтэй боллоо.

Шинэхэн системд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол өнгө. Нэвтрэх хэсэг болон арын зураг нь солигдсон бас дизайнд бага сага өөрчлөлт орсон. Уг нь анх нэлээн бараан өнгө ашиглахаар төлөвлөж байсан боловч хэрэглэгчдийн санал гомдлын дагуу татгалзсан байгаа. За тэгээд арай илүү хурдан, илүү гоё болсон шиг байна. Үндсэндээ GNOME 2.24 ашиглаж байгаа болохоор эндээс ба эндээс шинэ боломжуудын талаар үзчихэд болох байх. Нэгэнт туршилтын хувилбар хэрэглэж байгаа болохоор хэд хэдэн цох илрүүлсэн, мэдэгдэх гэсэн боловч надаас хүмүүс түрүүлчихсэн байсан болохоор түр орхилоо. Ер нь бол нэлээн давгүй болсон байна. Цаашдаа ахиад зүйлс бичнээ.

No comments: