Орон нутгийн гэх тодотголтой сонгууль хаяанд ирлээ. Нэг харвал УИХ-ыг бодвол ач холбогдол багатай мэт, нөгөө талаасаа яг бидэнтэй тулж ажиллах хүнээ сонгож байгаа болохоор илүү ач холбогдолтой ч юм шиг. Ямартай ч УИХ-ын сонгуулийг бодвол арай доод шатных, мөнгө төсөв багатай болоод ч тэр үү сүр дуулиан багатай болж өнгөрдөг нь нууц биш. Гэхдээ аль ч сонгууль нь болсон бай сонгогчид нь "мөрдөгч", сонгогдогч буюу нэр дэвшигч нь "мөрдүүлэгч" болон хувирдаг. Ингэж мөрдлөгө хийхдээ сонгогч бидэнд хамаатай байж болох тэр гэр бүл, ажил төрөл, бодлогоос авахуулаад шал хамаагүй хамаатны ах дуу, хамт ажиллагсдын булхай, найзын найз гээд хаа хамаагүй зүйлсийг сэтгүүлчид мөрдөж олоод бидэнд өгнө. Харин бид сэтгүүлчдийн мөрдлөгө дээр тулгуурлан сонголтоо хийнэ дээ. Дээрээс нь 4 жил хэд хэдэн удаа мөрдлөгө эрчимжинэ. Гэтэл бидэнд ийм их мэдээлэл хэрэгтэй юм уу?
Нэр дэвшигчид маань хамаг байдгаа ухуулна, дэлгүүлнэ, муулуулна. Энэ бүгдийг нь бид уншина, хоорондоо хов зөөнө, эцэст нь сонгоно. Ингэх замдаа бид тухайн хүний хувийн амьдрал, эд хөрөнгө гэгч зүйлсэд анхаарлаа хандуулсаар байгаад хамгийн гол болох ажлын туршлага болон баримтлах бодлогыг нь харахаа мартаж орхих нь элбэг. Хэнийг сонгох вэ гэж гашилсаар хамаг нерв, мөрдөгч хийсээр хамаг цагаа бардаг энэ тогтолцоог солих цаг болсон юм шиг.
Сайн мэдээ дуулдана. 2012 оноос 4 жилдээ нэг л сонгууль явуулж түүгээрээ УИХ-аа ч, орон нутгаа ч сонгодох болох гэнэ. Бас хүнийг биш бодлогыг уралдуулдаг пропорционал гэх сонгуулийн тогтолцоо руу шилжих юм гэнэ. Улам бүр эрчимжиж, өдөр ирэх тусам завгүй болж буй амьдралд дээрх хоёр алхам их ахиц авчирна гэдэгт итгэж байна. Хэдэн сонгууль дамжиж баахан хүний хувийн амьдрал мөрдөхийн оронд "бодлого" гээд гаргачихсан ганц хэдхэн цаасыг аль ч илүү хэрэгжих үндэстэй, аль нь илүү амьдрал болоод ирээдүйд нийцэж байгааг судалж суух нь бидний цаг болоод нервенд хэмнэлттэй. Харин намууд маань судалгаан дээр үндэслэсэн, даацтай, амьдралд хэрэгжихүйц, басхүү ирээдүйг харсан тийм л бодлогыг боловсруулахын төлөө ажиллаж, тийм л бодлогыг уралдуулаасай билээ. Тэр өдрийг тэсэн ядан хүлээгээстэй ...
Миний хувьд энэ жилийн мөрдөгчийн ажлыг бараг хийгээгүй, зав төдийлөн гарсангүй. Гэхдээ амьдралдаа хариуцлагатай хандах үүднээс бага сага зав гаргаж судласны үндсэн дээр сонголтоо хийсэн. Харин орон нутгийн сонгуулийн хувьд манай тойрог дээр хэн хэн нэр дэвшээд, тэд нь хэн бэ гэдгийг мөрдөх зав олдоогүй болохоор мэдэх юм алга. Гэхдээ нэгэнт олонх болсон, засгийн эрх авсан МАХН-ыг сонгоод үзэх санаатай байна гэж ...
No comments:
Post a Comment