2008-10-01

Интернэтээс нуугдаж чадах уу?

АНУ-ын дэд ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Sarah Palin-ы Yahoo! Mail дээрх цахим шууданг нэг нөхөр нээж үзээд, олонд дэлгэсэн нь сүүлд нэлээн шуугиан тарьж байгаад намжих шиг боллоо. Үүнийг үйлдсэн залуу түүний хувийн гэрэл зургууд, зарим нэг хувийн харилцааг нь олон дэлгэснээрээ хэрэгт унахаар шахаж байгаа ч хэрхэн үүнийг хийсэн бэ гэдэг нь хамгийн сонирхол татаж байсан юм. Харин хэргийн эзэн маань хэрхэн үүнийг хийснээ олон нийтэд тайлбарласан бөгөөд үүнд нь ямар нэг тусгай мэдлэг шаардагдаагүй харин багахан интернэт хайлт л хангалттай байснаа хэлсэн нь шуугиан тариад амжсан.

Хэргийн эзний сониуч зан нь хөдөлсөн үү яасан Sarah Palin-ы хувийн захидлуудыг үзмээр санагдсан юм шиг байгаам. Тэрээр зорилгодоо Yahoo! Mail-ийн мартсан нууц үгээ сэргээх боломжийг ашиглахаар шийдэж. Харин энэ тохиолдолд тавигдах асуултын хариуг багахан хайлт хийгээд л олсон гэсэн. Нөхөртэйгөө хаана танилцсан, нохойг нь хэн гэдэг, аль сургууль, ямар анги гээд бүх л мэдээлэл. Өөрөөр хэлбэл тэр хүн бараг хувийн нууцгүй болж.

Интернэт нь хөгжихийн хэрээр бид бүхнээс маш их мэдээллийг өөртөө авч үлдэж, хадгалах болж. Өөрөө ч мэдээгүй байхад миний талаар мэдээлэл интернэтэд нэмэгдсээр, одуудын хувьд бүр ч хэцүү байх. Дээрх явдлаас санаа аваад өөрийнхөө талаар хайж үзсэн чинь бас их юм гарч ирж байна лээ шүү. Та ч бас өөрийгөө хайгаад үзээрэй. Ер нь интернэтээс нуугдах, ул мөрөө үлдээхгүй байх боломж байна уу?

No comments: