2007-01-12

2006 миний хувьд

Ер нь харж байхад ихэнх хүмүүсийн хувьд 2006 он их амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн бололтой. Уг нь оны өмнө улирч буй оны талаар бичих санаа байсан боловч чадсангүй өдий хүрлээ. Гэхдээ зөвхөн үнэхээр амжилт, үсрэлт гэж бодож байгаа зүйлсээ бас чадаагүй зүйлсээ дүгнэх хэрэгтэй юм.

Ололтын хувьд 2006 оны хамгийн эхнээс зөвхөн нээлттэй систем ашиглаж хаалттай програм хангамж ашиглахаа больсон. Урьд нь боломжгүй, чадахгүй юм шиг байсан ч энэ байдлаараа аль хэдийнэ 12 сарыг ардаа орхисон байх юм, энэ талаар жич блог бичнэ. Зарим нэг хүний тооцоолуурын хэвийн ажиллагаа хангах гэж виндовс гэдэг зүйлийг ашигласан, бас гэрийн тооцоолуур дээр жаал тоглохын тулд бас бусад нь ашиглах гэж яалт ч үгүй суулгасан. Үүнээс гадна Unix Beer Party-г зохион байгуулж эхэлсэн бөгөөд олон шинэ найзуудтай болж тусламж дэмжлэг авахаас гадна тусалж дэмжиж ирлээ. Малайзын Куала-Лампурт азийн хэмжээнд томд тооцогдох нээлттэй эхийн програм хангамжийн хуралд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Альваа зүйл дээр улсаа төлөөлнө гэдэг нь цаанаа маш их хариуцлага байдаг болохыг тэгэхэд л мэдэрсэн, чадахаараа л хичээсэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэг байхаа. Тэнд очоод миний урам зориг улам сэргэж, эрч хүчийг олж авсан юм, учир нь үнэхээр гайхалтай, тэвчээртэй хүмүүстэй танилцсан бөгөөд өөрөөсөө ичсэн, өөрийгөө голсон, шийдсэн. Солонгос залуу 10 гаран жил линуксыг таниулах ажил хийгээд шантраагүй байхад би дөнгөж эхэлж байж шантрах гэж? Шантрах ёсгүй биз дээ? Биднийг тоохгүй байгаа биш бид зөвөөр хийж чадахгүй байна. Уг нь аль 2-р сард хийхийг зорьсон ч 4-р сарын 7-ны өдөр анхны Linux InstallFest гэгч зүйлийг хэсэг нөхдийн хамт зохион байгуулж 800 орчим хүн цуглуулж чадсан, чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж гэдэг зүйлийг дажгүй сурталчилсан болов уу. GUADEC гээд GNOME-н европын хурал болох гэж буйг мэдээд оролцох хүсэлт явуулахад хүлээн авснаар улсаа төлөөлөх ахин нэг боломж гарсан. Жинхэнэ нээлттэй эхийн нэгдэл (community) ямар байдгийг үзэж харлаа, олон зүйлийг ойлгож сурч авлаа, аялалын зургийг үзнэ үү. Буцаж ирээд GNOME Foundation-н албан ёсны гишүүн болж удирдах зөвлөлийн хуралд санал өгч үзлээ. Оны сүүлээр Филиппин улсад LPI-н анхан шатны шалгалтанд бэлдэх сургалтанд сууж, шалгалт өгснөөр тэнцсэн. Ер нь танилын хүрээ их тэлсэн, ихийг эргэцүүлж, их зүйлд зорьсон жил болж өнгөрчээ. Бас Sysadmin Summit гэгч зүйлийг бас анх удаагаа хэсэг нөхдийн хамт зохион байгуулсан, хүмүүс өөр өөрөөр дүгнэсэн ч хувьдаа бас амжилттай болсон гэж дүгнээд байгаа. Энэ жил дараагийнхийг нь хийх санаа уг нь байна. Нээрээ хэд хэдэн газар юникс, линукс гээч зүйлийн талаар анхан шатны мэдлэг олгох хичээл зааж үзлээ, багшийн ажил ч бас чанга эд байна лээ шүү. Бас Чөлөөт Програм Хангамжийн Өдөр гэдэг зүйлийн Монголд анх удаа тэмдэглэхээр оролдсон цаг хугацааны давчуугаас болоод төдийлөн амжилттай болоогүй, сэтгэл дундуур үлдсэн.

Мэдээж дардам замаар явсангүй. Оны эхний хагаст Нэтсофт компани татан буугдахаар болж ажилчин ардаас чөлөөт уран бүтээлч болов, одоо ч хэвээрээ. Уг нь гадаадад сурахаар ажлаасаа гарсан боловч болсонгүй ээ. Санхүүгийн хүндрэлийн үе эхэлсэн дээ. Сүүлд бодоод байхнээ ямар нэг ажилд хүлэгдэх юм бол элдэв бодсон зүйлсээ хийх завгүй болох байх гэж айсандаа одоо болтол хаа нэгэн газар харьяалагдахаас зайлхийсээр явна. Хэд хэдэн том санаа олсон боловч хойрго зангаасаа болоод өрсүүлчихсэн байдаг, яах уу? Хийхээр хичээсэн боловч чадаагүй ажлууд он дамжин үлдсэн нь тоогүй.

Ер нь их салан задгай амьдрал өрнүүлсэн байх юм, энэ оноос "төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг" гэдэг зүйл рүү шилжих гэж үзэж байгаа боловч тийм ч амархан зангаа хаяхгүй бололтой. Гэвч хичээж л байна. Хэрхэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж сурах вэ? Хүмүүсээ туслаарай, зөвлөгөө өгөөрэй. За товчхондоо ийм л байна.

1 comment:

Anar said...

Hi, Duluu, davgyi blog bi bainga shahuu orj unshdag, Dashramd chi netsoft tatan buugdsan gej baina. Tiim bish shuu. Netsoft gedeg company alban esoor uil ajillagaa yavuulj baina, G-Mobile bolj tomron ALL-IP system deer odoo boltol opensource ashiglan shiidel bolovsruulj baina. Company deeguuree haayaa orj baimaar daa!. Goodluck