2008-08-02

Энэ давхардсан файлууд уу

Зарим нэг ажлын шаардлагаас болж Windows ашиглах хэрэг гардаг юм. Гэвч сүүлд өөрийн компьютер дээрээ зөвхөн Ubuntu суулгаж, үлдсэн сул зайг нь мэдээллээ хадгалахаар хуваасан нь өчигдөр Windows суулгах боломжгүй болгов. Ингээд нөгөө мэдээлэл бүхий 130ГБ дискэн дэх 120ГБ мэдээллээ 80ГБ зөөврийн диск рүү хуулж авах шаардлага гардаг юм байна. Дээрээс нь ажиллаж буй систем дээр байгаа мэдээллүүд нэмэгдэнэ. Үнэхээр хэцүү асуудал, гэхдээ давхардсан мэдээллүүдээ устгавал болмоор ч юм шиг. Ажилдаа оров.

Энэ онд л жоохон томоотой, тогтвортой байгаа болохоос өмнө нь байсхийгээд л шинэ системүүд тэр дундаа хөгжүүлэлтийн хувилбаруудыг турших дуртай байсан юм. Ингэхдээ хийж байсан юмнуудаа нэг тийш нь хуулж аваад л тэндээсээ ашиглана, ахиад шинийг туршихдаа ахиад л нэг тийш хуулж авна. Хамгийн хэцүү нь зарим тохиодолд дискээ цоо шинээр зохион байгуулах шаардлага юм. Бараг бүх мэдээллээ нэг тийш нь хуулж аваад дараа нь бас нэг тийш нь хуулж авна. Ингэж явсаар байгаад зарим нэг файл нь бүр хэдэн арван газар хадгалагдаж, маш их хэмжээ эзэлсэн байв. Сүүлийн жилүүдэд томоохон компаниуд хадгалах тоног төхөөрөмжинд зарцуулах зарлагаа бууруулаын тулд ийм төрлийн мэдээллийн давхардлыг илрүүлдэг системүүдийг ашиглах болсон талаар уншиж байсан. Бас бүх мэдээллийн бараг 20% нь давхардал байдаг гэсэн судалгаа байсан нь миний хувьд лав үнэн болж таарлаа.

Энэ удаад ямар нэг бэлэн програм ашигласангүй, харин өөрөө харж байгаад шигшиж эхэллээ. Энэ бүхний эцэст нөгөө 80ГБ дискэндээ бүх мэдээллээ багтааж, нөөцөлж авч чадлаа гэж. Дараа нь буцааж өөрийн компьютер рүү хуулахдаа дахин нарийн шигшсэн бөгөөд бараг 60ГБ болгож бууруулсан байна гэж. Гэхдээ бас цэгцлээгүй юм үлдсэн гээд байгаа шүү. Нээрээ мэдээллийн давхардал бас нэлээн хэцүү асуудал шиг байна лээ. Та өөрийн компьютер дээрх мэдээллүүдээ нэг шалгаад үзэх юм бишүү.

No comments: